"NEWS" дуран энэ удаад саарал Улаанбаатарын саарал өнгийг онцлов
Цас шөнөжин бударч хоножээ. Өвлийн жавар сэтгэлд үлдсэн ганц итгэл найдварыг минь үлээчихжээ гэлтэй хоосон цээж дундуур үлээх мэт. Сав саарал хот ганцаардалдаа живсэн хөлөг онгоц шиг сэтгэлийн хөндүүрийг улам хөндөнө. Тэнгэрээс унах тэр цасан ширхэгүүд хөнгөн атлаа газар дээр унах тусмаа хөндүүр мэдрэмж төрүүлнэ. Саарал хот, саарал амьдрал, саарал дурсамж… Өвөл ийм гунигтай бил үү. Энэ гуниглал минийх бил үү.
Үстэй малгайн дороос
Үстэй алчууран дороос
Уруул, нүд харагддаггүй болохоор
Өвөл чамд гунигтай санагддаг уу?
Өвөл надад гунигтай санагддаг
Цасанд даруулж бөхийсөн хүмүүс
Цантсан, бүрхүүлт, бүүдийсэн хүмүүс
Царайгаа харуулалгүй гудамжинд зөрөх
Царайлаг ч байж мэдэх хүмүүс
Өө, өвөл чамд гунигтай санагддаг уу?
Өвөл надад гунигтай санагддаг
Хүйтнээс нуугдсан дулаахан үг
Хүмүүсээс ичсэн нүцгэн мод…
Хаана байна аа, тэр улаан, ногоон
Хаа сайгүй л цагаан… цагаан
Өвөл чамд гунигтай санагддаг уу?
Өвөл надад гунигтай санагддаг. /Л. Өлзийтөгс/
ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД
Холбоотой мэдээ