Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан тэргүүтэй албаны хүмүүс энэ өдрүүдэд Архангай аймагт ажиллаж байна.
Архангай аймгийн Тариат суманд өвөлжилт хүндэрснээс малчид зэргэлдээ сумдууд руугаа оторлохоос аргагүй болжээ. Одоогоор тус сумын 140 гаруй өрхийн 80 гаруй мянган толгой мал отроор өвөлжиж буй юм байна.
Тэдний нэг болох О.Билэгбаярын хот айлынхан Ихтамир сум руу отроор нүүдэллэж явахтай нь Улсын онцгой комиссын бие бүрэлдэхүүн таарав. Тэд сумаасаа гараад 3 дахь өдрөө нүүдэллэн явж буй нь энэ аж.
“Тугал үхээд эхэлсэн тул арга буюу оторт явж байна. Малаа нэлээн нядалсан ч үнэ хямд тул өгөөгүй байна. Суманд 1 кг үхрийн мах 6500 төгрөгийн үнэтэй байна. Отор нүүдэл хийхэд мөнгө хэрэгтэй болсон тул малынхаа махыг зарсан. Одоо эр үхэр байхгүй, дандаа тугалтай үнээ үлдсэн. Хятадууд ирж, үхрийн мах авсан, нэг кг-ыг нь 7500 төгрөгөөр авсан юм билээ. Монголчууд үхрийн мах аваагүй байна. Нүүдэл хийх үеэр том мал уначих гээд байна. Портер дээр 10-аад тугал ачаад явж байна. Нүүдлээс хоцорч байгаа малаа бага шиг настайг нь машинд ачиж, томыг нь зам зуур үлдээхээс аргагүй нөхцөл байдал ч үүсч байна. Доор хонхорт нэг бух үлдээлээ. Өвс тэжээлээ үхэр малдаа өгөөд нүүдлээ үргэлжлүүлж байна. Цаашид анхаарах асуудал гэвэл махны үнийг өсгөх шаардлага байна. Малчдын олонх нь мах үнэд орохыг хүлээгээд дараад байна” гэлээ.
Шадар сайд С.Амарсайхан “Эмнэлгийн тусламж үйлчилгээ ямар байна вэ” гэж асуухад “дуудлага өгөхөд асуудалгүй, давхиад ирдэг” гэлээ.
Мөн Шадар сайд С.Амарсайхан “Сум орон нутгаараа дамжуулаад өвс тэжээлээ хөнгөлөлттэй үнээр аваарай. Амаргүй өвлийг хэдүүлээ хамтдаа давна. Үзээгүй өвөл биш давж л таараа. Байгалийн давагдашгүй хүчин зүйл гэнэтийн гамшиг тохиож байна. Явсан суусан газраа анхаарал сэрэмжтэй яваарай. Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээгээ тогтмол авч байгаарай. Тэрхүү мэдээлэлдээ зохицуулаад мал сүргээ бэлчээх, гарах орох асуудлаа зохицуулаад яваарай. Гэр бүлийнхэндээ мэнд хүргээрэй. Аян замдаа сайн яваарай” гэсэн юм.
Архангай аймагт Улсын нөөцөөс 316 тонн хивэг, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлэхээр шийдвэрлэснээс гадна, шуурхай албаны бэлэн байдлыг хангахад зориулж 25 тн дизель түлшийг Улсын нөөцөөс олгох болсон тул орон нутгийн удирдлагууд өвөлжилт хүндрэлтэй байгаа болон отрын гол бүс нутгууддаа хуваарилах зохион байгуулалт хийх юм байна. Архангай аймгийн 19 сумын хэмжээнд энэ жил 5.6 сая толгой мал өвөлжиж байгаа бөгөөд зэргэлдээх 4 аймгаас олон тооны мал өвөлжиж байгаа нь бэлчээрийн даац 70 хувь хэтэрсэн нь нөхцөл байдлыг хүндрүүлж буй ажээ.
Сануулахад, Архангай аймагт Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү нар Архангай аймагт ажиллаж байна.
Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ