ЛеБрон, Месси нарыг ардаа хаясан ховор авьяастай Япон

ХҮМҮҮС

ЛеБрон, Месси нарыг ардаа хаясан ховор авьяастай Япон

ЛеБрон, Месси нарыг ардаа хаясан ховор авьяастай Япон

"NEWS” агентлаг энэ удаа “ХҮМҮҮС” буландаа дэлхийн спортын ертөнцөд шуугиан тариад буй бэйсболын шилдэг тамирчин Шохэй Отаниг онцолж байна. Өдгөө 29 настай япон залуугийн тухайд саяхан Лос Анжелес Энжелс багаа орхин Лос Анжелес Доджерс багтай арван жилийн 700 сая ам.долларын гэрээ байгуулсан юм. Ингэхдээ дараагийн арван жил улирал бүр хоёрхон сая ам.долларын цалин авах боловч 2034-2043 оны хооронд жил бүр 68 сая ам.доллар хүртэх аж. Өөрөөр хэлбэл, зодог тайлсан ч мөнгөнд санаа зовох зүйлгүй болжээ. Ингээд цэнхэр гаригийн спортын түүхэнд ЛеБрон Жэймс, Лионель Месси, Том Брэди нараас илүү өндөр үнийн дүнтэй гэрээ байгуулсан түүнтэй танилцъя.


ОЛИМПОД УСАНД СЭЛЭЛТЭЭР ОРОЛЦОХ БАЙСАН НЭГЭН

Отани 1994 оны долдугаар сарын 5-ны өдөр Иватэ мужийн Мизүсава хотод мэндэлжээ. Түүний ээж ахлах сургуульдаа шаггүй бадминтоны тамирчин байсан бол аав нь сонирхогчийн бэйсболын лигт тоглодог төдийгүй автомашины үйлдвэрт ажилдаг байсан гэнэ. Японд якюү шонэн гэж зөвхөн бэйсболын талаар бодож, үүнд дурлаж, донтсон хүүхдийг хэлдэг бөгөөд Отани яг л ийм хүү байсан аж. Түүнийг аав нь ахынх нь хамтаар багаас нь бэлдэж, бага сургуулийнхаа хоёрдугаар ангиасаа багт тоглож эхэлсэн түүхтэй.

Гэхдээ Отанид бэйсболоос гадна усан спортын тамирчин болох боломж байжээ. Түүний ахлах сургуулийн бэйсболын дасгалжуулагч Хироши Сасакигийн хэлснээр тэрбээр тамирчдаа усан спортын бэлтгэл хийхийг зөвлөдөг байв. Отани ч усан сан дахь хамгийн хурдан нь байсан төдийгүй сургуулийнх нь усанд сэлэлтийн багш нь түүнийг олимпод ч орох чадвартай гэж магтаж байсан гэдэг.

ОТАНИ ШИГ ШИДЭГЧ ҮГҮЙ

Өсвөр насандаа л Отани од байв. Түүнд Осака болон Йокахама зэрэг томоохон хотуудын бэйсболоор алдартай ахлах сургуулиудын урилга өгч байсан ч тэрбээр Иватэ мужийнхаа Ханамаки Хигаши сургуулиасаа холдохыг хүссэнгүй. 18 настай Отанигийн шидсэн бөмбөг 160 км/цаг хүрч, Японы ахлах сургуулийн түүхэн рекордыг эвджээ.

Ахлах сургуулиа төгссөн жилээ япон хүүг Бостон Ред Сокс, Нью-Йорк Янкиз, Лос Анжелес Доджерс зэрэг АНУ-ын мэргэжлийн бэйсболын багууд сонирхож байв. Гэхдээ тэр хилийн чандыг зорихоос илүүтэйгээр эх орондоо мэргэжлийн түвшинд тоглож, туршлага хуримтлуулахыг илүүд үзсэн. Улмаар 2012 оны Японы мэргэжлийн бэйсболын драфтад нэрээ өгч, Хоккайдо Ниппон-Хам Файтерз багт сонгогдлоо.

Энэ үед Лос Анжелес Доджерс баг Отанитай аль хэдийнэ холбоо тогтоож, гэрээ байгуулах боломжтой гэдгээ ил, далд илэрхийлж байсан тухай одоо ч ярьдаг.

Японы лигт 2017 он хүртэл дөрвөн жил тоглохдоо Отани 2016 онд лигтээ түрүүлснээс гадна таван удаа бүх одод болж, Пасифик лигийн үнэ цэнтэй тоглогчоор тодорчээ.

Отаниг Америкт авчрахыг хүссэн баг дүрмийн дагуу Файтерз багт 20 сая ам.доллар төлөх ёстой болов. Олон ч баг авьяаслаг хүүг багтаа авахыг хүссэн бөгөөд эцэст нь тэрбээр долоон багаас сонголтоо хийн Лос Анжелес Энжелс багтай 3.557 сая ам.долларын гэрээ байгуулснаас гадна гэрээнд гарын үсэг зурсныхаа төлөө 2.315 сая ам.долларын урамшуулал хүртжээ.

SHOTIME

Отанигийн Америк дахь аялал багагүй барцадтай эхэлсэн. Учир нь түүний баруун тохой гэмтэж, мэс засал хийлгэх шаардлага гарчээ. Азаар улирлын эхэнд гэмтлээсээ эргэн ирж, Энжелсийн төлөөх анхны тоглолтдоо оролцов. Энжелс түүнийг хиттер болон питчерээр давхар ашигласан. Өөрөөр хэлбэл, тэрбээр хамгаалагч, довтлогчийн үүргийг зэрэг гүйцэтгэх чадвартай ховор авьяастан.

Отани Энжелсийн түүхэнд 20 “home run” хийсэн хамгийн залуу хоёр дахь тамирчин болжээ. Түүний өмнө домогт Бэйб Рут бичигддэг. Энжелсийн фэнүүд ч хайртай япон хүүгээ багийнхаа домогтой харьцуулж, япон Бэйб Рут гэх хочийг хайрласан.

Отанигийн өөр нэг хоч нь “Shotime”.

Японд бужигнуулж, хүртэж болох бүхий л шагналыг хүртсэн гоц авьяастан Америкт ч эрчээ алдсангүй. Тохой, хурууны бэртлийн улмаас улирлын бүх тоглолтод оролцож чадаагүй ч 2018 оны Американ лигийн шилдэг залуу тамирчнаар нэрлэгдсэн билээ.

ХУВИЙН АМЖИЛТ ГАЙХАЛТАЙ Ч БАГИЙН АМЖИЛТ ТААРУУ

Шохэй Отанигийн хамтаар Майк Трут гэх гайхалтай тамирчин Энжелст байсан бөгөөд фэнүүд нь ч энэ хоёрын хослол аваргын цом авчирна гэж мөрөөдсөн. Харамсалтай нь финалд бүү хэл плей-оффд ч шалгарч үзээгүй. Мэдээж гол буруутан нь бэртэл гэмтэл. Хоёр од тамирчин нь ээлжлэн бэртэж байсан учир Энжелс бүрэн чадамжаа гаргаж чадалгүй плей-оффын гадуур явсаар байсан.

2021 онд Отани Энжелс багтайгаа хоёр жилийн 8.5 сая ам.доллараар гэрээгээ сунгав.

Отанигийн баруун тохойны бэртэл түүнийг зовоосоор. 2019, 2020 онд дүүрэн бүтэлгүйтсэн Отани 2021 онд жинхэнэ утгаараа тэсрэлт хийн Американ лигийн үнэ цэнтэй тамирчнаар тодорсон. Үнэндээ л тэрбээр эсрэг багийнхаа бөмбөг бүрийг талбайгаас гартал цохиж, өөрөө ч шидсэн бөмбөгөө цохиулсангүй. Хоёр байрлалд бүх одод болсон Мэйжор лиг бэйсболын анхны тамирчин болжээ.

Отанигийн шүтээн нь Сан Диего Падрес багийн Юү Дарвиш болон домогт Хидэки Мацү нар гэнэ.

2022 онд ч Отанигийн шоу үргэлжилж, тэрбээр дахин Американ лигийн үнэ цэнтэй тоглогч боллоо. Цохилт, шидэлт бүр нь рекорд дагуулж, нэр алдар нь дагаад өссөн.

БАРУУН ТОХОЙ БА ДОДЖЕРС

Хувийн амжилтаараа рекорд тогтоож, гайхалтай байсан ч Энжелс баг нь хомоол хамсаар байсан учир бүгд л Отаниг буурь сэлгэнэ гэдэгт бат итгэлтэй байлаа. Гол нь хаашаа вэ гэдэг л сонирхол татсан хэрэг. Мөн түүний шинэ гэрээний мөнгөн дүн рекорд эвдэнэ гэдгийг аналистууд бичиж байв. Гэхдээ нэг асуудал байсан нь өнөөх баруун тохой. Энжелс нэгэнт плей-оффд шалгарах боломжгүй болсон учир Отани улирлаа эрт өндөрлүүлэн удаан хугацаанд өөрийг нь зовоож ирсэн тохойны бэртлээсээ нэг мөсөн салахаар хагалгаанд оржээ.

Ийнхүү улирлын төгсгөлд Отанигийн Энжелстэй байгуулсан гэрээ дуусч, багууд түүний араас хөөцөлдөж эхэлсэн. Хамгийн идэвхтэй байсан нь Торонто Блю Жэйс байсан ч япон залуу Доджерстэй арван жилийн 700 сая ам.долларын гэрээ үзэглэсэн. ЛеБрон Жэймс, Майкл Жордан нар ч замналдаа түүнийх шиг өндөр үнийн дүнтэй гэрээ байгуулж байсангүй.

Отани 2023 оны “World Baseball Classic” наадамд Японы шигшээ багийнхаа хамтаар оролцон финалд АНУ-ын хүчирхэг багийг буулган авч, ард түмнээ баярлуулсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ГайхмаарГайхмаар
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-14 158.59.146.30

saihan amitan shvv, tach zaluu,

Avatar

Нэргүй 2023-12-14 103.57.94.82

saihan unshuustai medee bailaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж