Кан гэх эмэгтэй 1990-ээд онд Хойд Солонгост төмс судлаачаар ажилладаг байжээ. Тэрбээр ажлаасаа гараад зах зээлийн хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг эмэгтэйчүүдтэй нэгдсэн байна. Ингээд будаа, метал, шатахуун зэрэг бараа бүтээгдэхүүн худалдаалж, улсад ажилласнаас хамаагүй илүү орлого олох болсон. Эцэст нь Хятад дахь үйлдвэрт ажиллах хүсэлтэй залуу эмэгтэйчүүдэд зориулсан зуучлалын үйлчилгээ эрхэлдэг болжээ. Энэ нь түүний эрхэлсэн бизнесүүд дундаас хамгийн ашигтай нь байв.
Түүн шиг эмэгтэйчүүдийн ачаар Хойд Солонгост үндэсний капитализм бий болсон. Энэ нь эмэгтэйчүүдийг дутуу үнэлж болохгүй гэсэн дохио ч болж байв.
Хойд Солонгосын засгийн газар эмэгтэйчүүдийг төрийн болон албан ёсны эдийн засагт оролцуулахгүй байх хандлагатай. Энэ хандлага нь эмэгтэйчүүдийг бизнес эрхлэхэд түлхэц болдог аж.
Тус улсын эмэгтэйчүүдийн талаар дүрвэгчид болон төрийн бус байгууллагуудын ажилтнуудтай ярилцсаны эцэст хойд солонгос бүсгүйчүүд хүчирхэг, уян хатан, бүтээлч байдгийг олж мэджээ. Орчин цагийн хойд солонгос эмэгтэйчүүд улс орноо хэрхэн өөрчилж байгааг доорх таван хүчин зүйлээр тодорхойлов.
ЭМЭГТЭЙЧҮҮД КАПИТАЛИЗМЫГ ЖОЛООДОЖ БАЙНА
Эмэгтэйчүүд бол орон нутгийн зах зээлийн идэвхтэй тоглогчид. Өөрөөр хэлбэл, хойд солонгосчууд амьд үлдэхийн тулд өрхийн түвшинд ч, зах зээлийн түвшинд ч эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтээс хамааралтай байна. Айл өрхийн хувьд аваад үзсэн ч ихэнх гэр бүлд эмэгтэйчүүд нь гол тэжээгчийн үүрэг гүйцэтгэх болжээ. Энэ нь нэг талаасаа эмэгтэйчүүдэд илүү их боломжуудыг бий болгож, тэднийг хянахыг хүсэгсдэд сорилт болсон.
ЖЕНДЭРИЙН ҮҮРЭГ ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙНА
Хойд Солонгос улс оршин тогтнох үндсэн тулгуур баганад социализм болон эцгийн эрхт ёс яах аргагүй орно. Тэгвэл эдгээр тулгуур баганыг эмэгтэйчүүд ганхуулж эхлэв. Олон нийтэд ил харагдах байдал, нийгмийн харилцаа зэрэг зүйл өмнө нь эрчүүдийн өмч байлаа. Тэгвэл өдгөө эмэгтэйчүүд зах зээлийн үйл ажиллагаанд оролцсоноор мөнгөтэй болсон. Мөнгөтэй болохынхоо хэрээр эдийн засгийн бие даасан байдалд хүрч, аливаа шийдвэр гаргалтад давамгай байдлаар оролцох болсон гэсэн үг. Энэ нь тухайн гэр бүлд удаан хугацаанд ужигран тогтсон динамикийг хурцатгаж, нийгмийн хэм хэмжээг сорьсон юм.
Эмэгтэйчүүд санаачлагыг гартаа авч, гэрээс гарч, ажил хийх болсон. Гэрт эрчүүд үлдсэн. Энэ дүр зураг олон давтагдаад ирэхээр эр, эм хүний байр солигдож, эрчүүд хоолоо хийж, гэрээ цэвэрлэх ёстой гэх хүлээлт хүртэл үүсчээ.
БЭЛГИЙН ХУВЬСГАЛ ЯВАГДАЖ БАЙНА
Бэлгийн харилцаа, хайр дурлал, гэрлэлт зэрэгт хандах эмэгтэйчүүдийн хандлага илүү төвөгтэй болжээ. Оройтож гэрлэх, гэр бүл салах зэрэг үзэгдэл олшров. Гэр бүлээс гадуурх харилцаа, өрх толгойлсон эхчүүд, насны зөрүүтэй гэрлэлт зэрэг Хойд Солонгосын хувьд уламжлалт бус байсан харилцаанууд цэцэглэн хөгжиж эхэлжээ.
Тухайлбал, нэрээ нууцалсан нэгэн эмэгтэй “Би хангалттай мөнгө олдог болохоор гэрлэх хүндээ өндөр шаардлага тавина. Гэрлэх тухай бодох зав надад гардаггүй” гэжээ.
Түүнчлэн залуус үерхэл хайраа илүү нээлттэй илэрхийлэх болсон байна. Залуу хосууд олны дунд ил тод байх болсон. Тухайлбал, охид бүсгүйчүүд Өмнөд Солонгосын олон ангит кино үзчихээд найз залуугаа “ах аа” гэж дууддаг болжээ.
Цаашилбал, гадаад эрчүүдтэй, тэр дундаа хятад эрчүүдтэй стратегийн зорилгоор харилцаа тогтоож, эх орноо орхин явдаг болсон.
ЭНЭ БҮХЭН ӨНДӨР ӨСГИЙТТЭЙ ХОЛБООТОЙ
Хойд Солонгос эмэгтэйчүүдийн хувцасны сонголт, бусад хэрэглээ ч өөрчлөгдөж байна. Энэ нь тэдний нийгэм дэх статусыг тодорхойлох гол хэрэгсэл болжээ. Бүсгүйчүүд өндөр өсгийт өмсөх дуртай болсон гэв. Нэрээ нууцалсан хойд солонгос эмэгтэй ярихдаа “Бүсгүйчүүд хөдөө, хот ялгалгүй, ууланд ч, шороон зам дээр ч өндөр өсгийт л өмсөхийг илүүд үзэж байна” гэлээ.
Залуу үеийнхэн Өмнөд Солонгосын нэгэн адил гоолиг бие, урт шулуун үсийг илүүд үзэх болжээ. Цаашилбал, Өмнөд Солонгосын гоо сайхны мэс заслын нөлөө ч Умардад ороод ирсэн байна. Давхраа, хацрын хонхорхой, хамар өндөрлөх зэрэг мэс засал хийлгэх эмэгтэйчүүдийн тоо нэмэгдсээр байна. Тэд Өмнөд Солонгосын киног нууцаар үзэж, тэднийг дуурайж байна.
Эдгээр үйлдлээрээ тэд хэт эмэгтэйлэг Хойд Солонгос эмэгтэйн шинэ хувилбарыг бий болгож эхэлжээ.
Өмнөд солонгосчуудаас гадна загварлаг тэргүүн хатагтай Ри Соль Жүгийн нөлөө ч энд байгаа аж. Албаныхан өмнө нь ээмэг зүүсэн болгоныг шалгадаг байжээ. Харин тэргүүн хатагтай Ри Соль Жү ээмэгтэй олны өмнө гарч ирснээс хойш эрх баригчид амаа хамхисан байна.
Эмэгтэйчүүд улам л тэрслүү болж байна. Үсээ будаж болохгүй гэдэг байсан ч өдгөө шар, бор янз бүрийн үстэй хүмүүс олширсоор байна.
СУРТАЛ УХУУЛГЫН ШИНЭ ХУВИЛБАРУУД
Хойд Солонгосын эрх баригчид суртал ухуулгадаа хамгийн зөв, зүйтэй эмэгтэйг харуулдаг байсан цаг өөрчлөгджээ. Удирдагчийн дүү, эхнэр, охин зэрэг эмэгтэйчүүд гадаадын үнэтэй брэндээр гангарч олны өмнө гарч ирэх нь олонтоо. Өөрөөр хэлбэл, суртал ухуулгын хэв маяг нь уламжлалыг орчин үетэй хослуулсан болжээ.
Эх сурвалж: THE CONVERSATION
Холбоотой мэдээ