Хулгай хийж суухаар цахилгаан станц барьсан бол…

Хуучирсан мэдээ: 2023.12.14-нд нийтлэгдсэн

Хулгай хийж суухаар цахилгаан станц барьсан бол…

Хулгай хийж суухаар цахилгаан станц барьсан бол…

Монгол Улс харанхуй болоход ойрхон байна. Адгийн муугаар дуудуулдаг Ардчилсан нам 2012-2016 онд Засгийн эрх барихдаа монголчуудыг хөхөө өвлийн хүйтнээр түлшгүй, шатахуунгүй явгалж,  эрчим хүчний хязгаарлалтад оруулах айдастай өдрүүдийг туулуулаагүй.

Гэтэл МАН юу хийж байна гээч… Улаанбаатар хотоос гадна 6 аймгийн 150 гаруй сумдад гурван цагийн хугацаанд цахилгаан таслахаа Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нь мэдэгдэв. Улсаараа шатахууны хомсдолд орж, хэдэн өдөр дараалан колонк дээрээ хонож байхад залгуулаад эрчим хүчний хязгаарлалтад орно гэдэг бол маш муу мэдээ.

Гэвч эрх баригчид болж буй үйл явдлаас яажшуухан  хуурай гарах вэ гэсэн шиг биесээсээ ам асуун, нэгнээ яллах шинжтэй.  УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар “Тавдугаар цахилгаан станц, Тавантолгой станц хаачсан Б.Чойжилсүрэн сайд аа. 10, 20 жил ярьж байна. Эрчим хүчний асуудалтай болоод өнөө маргаашаа яах вэ гэж байдаг. Эрсдлийн менежмэнт, төлөвлөгөөтэй байна гэдэг туйлын чухал. Нэг юм болохоор л болохоо байлаа гэдэг.  Шатахуун ч гэсэн тэр. Газрын тосны үйлдвэр яасан. Үл үэгдэгч хамаг юмыг зогсоож байдаг. Үл үзэгдэгч хүч хэн гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа. Шийдвэртэй арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй” гэж омогдов.

Сүүлийн хоёр сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, найм дахь жилдээ Засгийн эрхийг барьж буй МАН-ын гишүүдийн үнэн дүр төрхийг хараарай. Өнөөдөр асуудал үүсэхээр цахилгаан станц яасан бэ гэж асуух биш, Засгийн газрын сайдаар томилогдсон үеэс л энэ асуудлыг шаардаж, шахаж ажиллах ёстой байсан шүү дээ.

Уг нь ажил хийдэг улс төрийн хүчинд найман жил гэдэг бол нэг битгий хэл хоёр ч цахилгаан станц байгуулах хэмжээний цаг хугацаа.  Харамсалтай нь, тэд дээрх хугацаанд нэг ч тоймтой бүтээн байгуулалт хийж, нэг ч том төсөл хөдөлгөж чадаагүй. Өнөөдөр нэхээд байгаа Тавдугаар цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станц барьж ашиглалтад оруулах тухай том амлалтууд нь цаасан дээр л амилснаас цааш явсангүй.

Яаж харин Ардчилсан нам дөрвөн жил засаглахдаа олон улсын хөрөнгийн зах зээлээс 1.5 тэрбум ам.долларын Чингис бонд босгосон юм. Түүгээр ТЭЦ-III, ТЭЦ-IV цахилгаан станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, Амгалан дулааны станцыг барьж ашиглалтад оруулсан тулдаа нийслэлчүүд энэ хэдэн жилд гал алдчихсангүй. Гэвч жилээс жилд өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэглээг хангахын тулд Монгол Улсад зайлшгүй цахилгаан, дулааны шинэ эх үүсвэр барьж байгуулах шаардлага бий. Хэрвээ шинээр цахилгаан станц барьж байгуулахгүй бол Түгжрэлтэй тэмцэх асуудал хариуцсан сайд Б.Дэлгэрсайхан, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нарын яриад байгаа 2028 онд нийслэлчүүд метротой болох амлалт мөн л үлгэр болж дуусна.

Нийслэлийн зургаан дүүрэг дэх дэд төвүүдийг ашиглан гэр хорооллыг барилгажуулах төлөвлөгөө ч хэрэгжих боломжгүй болно.

Уг нь МАН-ынхан өнгөрсөн хугацаанд Засгийн эрх барихдаа төрийн өмчөөс хумсалж, улсаа 40 их наядаар тонож суухын оронд тэрхүү мөнгөөр тавдугаар цахилгаан станцаа бариад ашиглалтад оруулчихсан бол ОХУ-ыг царайчилж суухгүй л байсан даа.

Дээр нь Энэтхэг улсын санхүүжилтээр барьж буй газрын тос боловсруулах үйлдвэрийг ч ашиглалтад оруулах боломж байв. Харамсалтай нь, Covid-19 цар тахлаас гадна Монголоос оруулах  урсгал зардлын санхүүжилт саатсанаас газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах хугацаа 2027 он болж, мөн хойшлоод буй. Гэвч бурууг бусдад тохохдоо гаргуун Ардын намынхан энэ бүх болж буй явдлыг үл үзэгдэгч рүү бухаж сууна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
12
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж