"120 хуулийн өөрчлөлт цахим шилжилтийн том реформ болно"

БАТШУГАР

"120 хуулийн өөрчлөлт цахим шилжилтийн том реформ болно"

"120 хуулийн өөрчлөлт цахим шилжилтийн том реформ болно"

УИХ-ын гишүүн,  Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Та Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар улиран сонгогдоод байна.  Өнгөрсөн хугацаанд танай байнгын хороо ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэв.  Цахим шилжилттэй холбоотой хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд нэлээд анхаарч ажилласан байх?

-Тийм ээ.  Өнгөрсөн нэг жилийн хугацаанд байнгын хороогоор хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудыг ярьвал нэлээд цаг орно.  Хэд хэдэн зүйлийг онцолмоор байна. Манай байнгын хороо D-Petition буюу Нийтийн цахим өргөдөл, гомдлын системийн журмыг баталж, хэрэглээнд нэвтрүүллээ.  Ингэснээр Монгол Улсын иргэн бүр өөрийн амьдарч байгаа газраасаа “D-Parliament” платформыг ашиглан, парламентад саналаа хэлж, асуудлаа шийдэх боломжтой болсон.  Тухайн иргэний саналыг эхний 100 хүн дэмжвэл цонх нээгдэнэ.

Түүний дараа УИХ-аас техникийн болон эрхзүйн дэмжлэг үзүүлж 33 мянган иргэн дэмжвэл тухайн санал дээр Ажлын хэсэг байгуулах, 70 мянган хүн дэмжвэл шууд байнгын хороон дээр хянан шалгах боломжтой болж байна. 100 мянга, түүнээс дээш хүн дэмжвэл парламент дээр асуудлыг ярьж,  УИХ-ын даргын үүрэг чиглэлийн дагуу асуудлыг шийдэх ийм боломж бүрдсэн.  Манай улс парламентын засаглалтай. Сонгодог парламентыг хөгжлүүлэхээр бид тэмүүлж байна.  Тэгэхээр энэ систем маань парламент, олон нийтийн гүүр болж ажиллана.  Иргэд маань ямар нэгэн хүндрэл чирэгдэлгүйгээр шууд байгаа газраасаа цахимаар санал гомдлоо илэрхийлэх боломжтой учир ихээхэн ач холбогдолтой платформ болсон.

Цахим платформ ажиллаад эхнээсээ үр дүнгээ өгч эхэлсэн. Олон нийт ч нэлээд идэвхтэй хандаж байх шиг байна?

Тийм ээ. НӨАТ-ын асуудлаар иргэд маань маш идэвхтэй саналаа өгсөн.  Үүний үр дүнд Татварын цогц реформ хийх асуудал яригдаж эхэлсэн.  Мөн манай байнгын хорооноос цахим шилжилтийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, зөрчилдөөд байгаа асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор 120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хариуцан ажиллаж байна.  Хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг парламент хийлээ.  Удахгүй батлагдах болов уу гэсэн хүлээлттэй байна.  Эдгээр хуулийн төслүүдийн хүрээнд зөвхөн төрийн үйлчилгээг цахимжуулахтай холбоотой биш нийгэм эдийн засгийн бүх салбарын харилцааны зохицуулалтууд яригдаж, илүү өргөн хүрээг хамарч байна.

Ач холбогдол, гол концепц нь юу вэ. Цахим шилжилтийн багц таван хууль хэрэгжиж байгаа. Юугаараа ялгаатай вэ?

-Бид “И-Монголиа” платформыг ашиглаад хоёр жил болжээ.  Үүний үр дүнд 300 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт гарсан гэсэн судлаачийн дүгнэлт гарсан байна лээ.  Эдийн засгийн хэмнэлтээс гадна үүний цаана цаг хугацааны үнэлж баршгүй давуу тал үүсч байгаа.  Одоо батлагдах 120 хуулийн өөрчлөлт нь энэ салбарт дахин том реформ болох юм.  Ерөнхиийдөө цахим бичиг баримтыг яг цаасан бичиг баримттай адилхан хэмжээнд хүлээн зөвшөөрнө гэсэн том концепц явж байна.  Ингэснээр төрийн үйлчилгээнээс гадна бусад салбарын харилцаанд цахимаар оролцох сонголтыг нэмж, мэдээллийн технологийн дэвшилтэт боломжуудыг бүрэн ашиглах боломжийг нээж байгаа гэж ойлгож болно. Зөвхөн нэг жишээ ярихад,  Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд байдаг төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс нэхэхгүй гэсэн заалт салбарын хуулиудтайгаа зөрчилдөөд бүрэн амилж өгөхгүй байсан. Үүнийг дээрх 120 хуулийн өөрчлөлтөөр бүрэн амилуулж өгч байгаа.  Яам, агентлагууд иргэдийг хоорондоо явуулдаг байдал арилна.  Өөрөөр хэлбэл, төр өөрт байгаа иргэнийхээ мэдээллийг шууд цахим системээс татдаг болно. Нэг цонхны үйлчилгээ бүрэн дүүрэн хэрэгжинэ гэсэн үг.  Түүнчлэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульдаа бид цаасан болон цахим бичиг баримтыг ижил түвшинд хүлээн зөвшөөрнө гэж заасан ч гэсэн салбар хуулиудад зөвхөн цаасаар өгсөн бичиг баримт хүчинтэй байх заалтууд байдаг учраас цахим хэлбэрийг ч мөн адил хүлээн зөвшөөрөх заалтыг оруулж хуулийн хийдлийг арилгаж байгаа.  Мөн дахин нэг жишээ хэлэхэд, Монгол Улсын иргэн компани байгуулахдаа 11 үе шат дамждаг байсан. Үүний зарим шатыг цахимаар хийж болдог бол одоо бүрэн цахимжина.  “E-business” систем мөн адил бүрэн амилна гэсэн үг. Тэгэхээр ухаалаг утас, компьютер интернэттэй бол хаанаас ч бүх зүйлээ удирдах боломжтой нийгэм эдийн засгийн өндөр ач холбогдолтой өөрчлөлтийг хийж байна.   Яг энэ концепцийг би 7-8 жилийн өмнө уншиж байсан.  Эстони улсын иргэд вагонд зорчиж явахдаа л компани байгуулаад дансаа нээгээд бизнесээ эхлүүлчихдэг тухай л даа.  Тухайн үедээ “Ямар гоё юм бэ.  Хэзээ манай улсад орж ирэх бол” гэж бодож байсан. Харин өнөөдөр өөрөө энэ үйлсэд гар бие оролцож, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна.  Мөн энэ өөрчлөлтүүдийг дагаад манай хувийн хэвшлийнхэнд маш таатай орчин бүрдэж байгаа.  Ялангуяа финтекийн компаниуд маань үйлчилгээ үзүүлэхдээ заавал очиж, гэрээ зурж, нотариатаар баталгаажуулах шаардлагагүй болсон.   Энэ бол маш их хүнд суртал үүсгэдэг байсан. Мөн иргэд, компаниуд тоон гарын үсгээ ашиглаад  хоорондоо гэрээгээ хийж болж байна.  Тэгэхээр энэхүү хууль, эрх зүйн орчны өөрчлөлтөөр  Монгол Улс “Цахим үндэстэн” болно гэсэн зорилгодоо дахин нэг алхам урагшилж байна.

-Цахим шилжилтийг дагаад маш олон зүйл өөрчлөгдөх байх.  Ялангуяа төрийн албаны хүнд суртал, авлигын асуудалд бодитой үр дүн гарах болов уу?

-Тэгэлгүй яахав.  Мөн энэ хуулиудыг дагаад УИХ-ын тогтоол батлагдана.  Энэ тогтоол дээр “ХурДан” цэгүүдийг нийслэлд хороо болгон дээр, орон нутагт сумын төвүүдэд байгуулахаар болж байна.   Иргэдэд “ХурДан” цэгээр дамжуулан төрийн үйлчилгээг авах боломжийг ойртуулж байна.  Иргэд гэрээсээ гараад өөрт ойрхон байрлах “ХурДан” цэг дээр очоод төрийн 700 орчим үйлчилгээг авч болно. “ХурДан” цэгийн дэд бүтэц, программ хангамж маш сайн болсон.  Илүү тоног төхөөрөмж хэрэггүй, компьютер, хуруу уншигч, принтер байхад л “ХурДан” цэгийн бүх үйлчилгээг авчихаж байна.  Иргэдийнхээ цахим мэдлэг, ур чадварыг сайжруулах чиглэлд анхаарах шаардлагатай байгаа.  Мөн УИХ-ын тогтоол дээр хиймэл оюун ухааны хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлыг тусгасан. Хиймэл оюун ухааны асуудал дэлхий нийтийн анхаарлыг татаад удлаа. Үүнээс Монгол Улс хоцрох ёсгүй. Дагаж хөгжих ёстой гэсэн асуудал яригдаж байна. Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт үүрэн телефоны антеннуудыг нэгтгэх санал гаргасныг мөн тогтоолын төсөлд тусгаад байна. Үүрэн телефоны операторууд маань орон нутагт гэхэд тус тусдаа антеннтай. Давхардсан хөрөнгө оруулалтыг бас тусгадаг.  Тэдгээрийг нэгтгэх нь зөв юм гэсэн саналыг оруулж ирсэн.  Энэ бол маш зөв зохицуулалт болсон.  Олон улсад антенн барьдаг бизнес нь тусдаа байдаг.  Тэр нь эргээд үүрэн телефоны операторууддаа антенаа ашиглуулдаг.  Гэтэл Монголд бүгд тусдаа, өөрсдөө түүндээ хөрөнгө оруулалтаа хийдэг.  Үүний цаана хэрэглэгчдийг зөвхөн манай үйлчилгээг ав гэсэн хязгаарлалт ч явж байна.   Энэ байдлыг хууль, эрх зүйн хүрээнд шинэчилж байгаа.

-Парламент хуулийн төслүүд дээр анхны хэлэлцүүлгийг хийсэн.  Энэ үеэр Зөвшөөрлийн хуультай нийцүүлэх асуудал нэлээд хөндөгдөж байсан.  Ялангуяа эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг импортлох зөвшөөрөл дээр асуудал үүссэн гэдэг яриа гарсан?

-Энэ асуудлыг бид 120 хуулийн өөрчлөлтийн төсөлд оруулан, нийцүүлж байгаа.  “И-Монголиа” платформ бол цэвэр олон нийтэд зориулсан үйлчилгээ.  Хуулийн өөрчлөлтөөр энэ платформ дотор байгаа тухайн иргэний бүх мэдээлэл хэзээ ч хаана ч хүчин төгөлдөр бичиг баримт болно гэсэн үг.  Үүнтэй адил бид бизнес эрхлэгчдэдээ зориулсан “И-Бизнес” платформыг нээсэн, үйл ажиллагаа явуулж байгааг түрүүн хэлсэн.  Эндээс бизнес эрхлэхтэй холбоотой төрийн үйлчилгээг авах боломжтой.  Зөвшөөрлийн асуудлууд ч багтсан.   Салбарын хуулиуд дээр заавал бичгээр, цаасаар гэсэн заалтууд байсан учраас зарим нэг үйлчилгээ гацаад байсан асуудал бий.  Одоо 120 хуулийн өөрчлөлтөөр энэ хийдэл бүрэн шийдэгдэнэ.  Зөвшөөрлийн хуульд нэг чухал заалт орсон нь “Хэрэв бизнес эрхлэгч зөвшөөрлийн хүсэлтээ явуулаад 14 хоногийн дотор төрийн байгууллагаас ямар нэгэн хариу ирэхгүй бол тухайн бизнес автоматаар зөвшөөрөл олгоно гэсэн” заалт багтсан.  Тэгэхээр нөгөө гарын үсэг зурахыг нь хүлээгээд байдаг хүнд суртлын асуудал арилж бизнес эрхлэгчдийн хувьд ч таатай орчин бүрдэж байна.

-“И-Монголиа” платформ олон хүн зэрэг хандахад гацалт үүсэх тохиолдол байдаг.  Хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ачаалал нь мэдээж нэмэгдэнэ гэж ойлголоо.  Ер нь цахим шилжилтийн дэд бүтцийн асуудалд хэрхэн анхаарч байгаа юм бэ?

-Том өгөгдөл гэж бүхлээр нь харж байгаа. “И-Монголиа”-д хандалт нэмэгдэж, гацахаас гадна иргэдийн мэдээлэл зөрөх асуудал үүсч байсан.  Энэ нь манай төрийн байгууллагууд  хоорондоо мэдээллээ солилцдоггүй. Хоёрдугаарт, мэдээллүүд нь өөр хоорондоо стандарт, форматын ялгаатай байдлыг харуулсан.  Энэ бүхнийг нэгтгээд том өгөгдлийн систем буюу биг дата үүсгэх асуудлыг тогтоолын төсөлд мөн тусгаад байна.  Тэр том өгөгдлийн системээрээ Монгол Улсыг бүхлээр нь харах учиртай.  Мөн энэхүү том өгөгдлийн систем дээрээ тулгуурлан нийгэм эдийн засгийн судалгаа явуулж болж байна.  Төсвийн тэгш хуваарилалт хийх боломжтой учраас үргүй зардал гэдэг зүйл ч байхгүй болно.

Ер нь энэ шилжилтээс харахад Монголд шинэ хүүхэд мэндэллээ гэхэд анхнаасаа л цахим байдлаар мэдээллүүд нь бүртгэгдээд явах нь гэж ойлгож болох уу?

-Тийм ээ.  Одоо хүүхэд мэндлэхэд эцэг эхчүүд маань төрсний гэрчилгээ авах гэж 2-3 газраас орж 7-8 хоног явдаг. Энэ асуудал цахимд шилжинэ гэсэн үг.

Та хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж ярилаа.  Ер нь УИХ-ын тогтоолын төсөлд тусгагдсан гэж ойлгосон. Монголчуудын хувьд бол шинэ ойлголт.  Үүнийг хэрхэн хүлээж авах ёстой юм бол?

-Хиймэл оюун ухааны хөгжил биднийг хүлээхгүй.  Одоогоор Монголын талаарх мэдээллийг тэд судлаад манай хэлээр ярьдаг болсон байна.  Мөн Монгол Улсад өдөр тутамд гарч буй мэдээлэл, бидний өнгөрсөн үе, бидний сошиал орчинд ярилцаж байгаа сэдвүүдэд ч анализ хийгээд эхэлсэн байна.  Гэтэл бид  хиймэл оюун ухааныг ашиглаж чадахгүй байна гэдэг хоцрогдол шүү дээ. Одоо бид үүнийг хэрхэн яаж үр ашигтай ашиглах вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй.  Тухайлбал, бид аудит хийхдээ хүнээс хамаарахгүй шууд хиймэл оюун ухааныг ашиглаж болж байна. Хиймэл оюун ухаан тухайн дүгнэлтэд ямар нэгэн субъектив хандлага гаргахгүй, байх боломжтой.   УИХ мөн хууль санаачлахдаа хиймэл оюун ухаан ашиглаж болно.  Өргөн барих гэж байгаа хуулиа бусад хуулийн ямар нэгэн заалттай зөрчилдөж байна уу. Давхардал үүсэх үү гэдгийг шалгаж болно.  Хуулийн төсөл боловсруулагчид, хуульчид маань маш олон хоног сууж, шалгаж, ажилладаг шүү дээ. Тэгвэл хиймэл оюун ухаан ерөөсөө хэдхэн секундэд шалгаад гаргаад ирнэ. Одоогоор манай гарааны бизнесийн залуучууд маань хиймэл оюун ухааныг ашиглаад бизнесийн гоё гоё шийдлүүдийг гаргаад эхэлсэн байна.  Тэднийг мөн дэмжих ёстой.

-Тэгэхээр хиймэл оюун ухааны салбарт төр нь манлайлал үзүүлж ажиллах ёстой юм уу.  Хувийн хэвшил нь үү?

-Төр нь хууль эрх зүйн орчныг  нь бүрдүүлэх ёстой.  Хувийн хэвшил маань тухайн орон зайд өөрийн тоглолтуудыг хийж болно.  Ер нь хөрсийг нь бэлдсэн байхад хөгжөөд, ургаад гараад ирнэ дээ.  Одоо бол яг тийм цаг үе ирсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: “Зууны мэдээ” сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-14 103.71.100.215

Э.БАТШУГАР УХААНТАЙ.

Avatar

Нэргүй 2023-12-14 180.149.80.74

Бас боловсролтой, хэрэгтэй залуу, УИХ-д байх хүмүүсийн нэг, бид нэг юманд хэв автсан байна, юуг ч, ямар сайн зүйлийг олж харах бэлгийн мэлмийгүй болжээ.

Avatar

Санал 2023-12-14 88.234.155.18

Их хурал бараг хэрэггуй болох юм биш уу. Иргэд саналаа хэллээ, баталлаа. Батлах 5 гишуун л хангалттай юм биш уу…

Avatar

Нэргүй 2023-12-14 202.126.89.87

ДУРАКЫН СОНГУУЛИЙН ШОУ ! ХА ХА ХА

Avatar

зочин 2023-12-14 202.131.245.69

цахимжсан төрийн мэдээллүүдийг сайн шалгаарай. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн цахим лавлагаа гэхэд цаасан баримтаас дутуу бүрдсэн байна. Нийгмийн даатгалын дэвтэр болон байгууллагын НД-тай тооцоо хийсэн баримтыг дутуу шивж түүнийгээ тухайн байгууллагатай хамтраад хурдан цахим болгохгүй хүмүүсийг хохироож байна. НД-ын хэлтсүүдийн архивчин гэж ааш муутай, хүний төлөө биш, албаар ажилласан жилийг багасгах зорилготой хүмүүс байна. Жишээ нь СХД, СБД, ЧД, БГД ажлаа мэддэг хүнгүй шахам болжээ.

Avatar

zochin 2023-12-14 76.67.107.193

Харуулах боломжгүй.

Avatar

иргэн 2023-12-14 202.131.227.82

ЯМАР ЮМНУУД НЬ ЦАХИМЖААД БН ВЭ, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХООРОНД ШУУДАН ЗӨӨГЧ ШИГ БИЧИГ БАРИМТАА ЯВСААР Л БАЙНА ШҮҮ ДЭЭ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж