Томоохон авлигын дуулианаас болж Японы эрх баригч намын дөрвөн сайд өнөөдөр /2023.12.14/ огцрох өргөдлөө өглөө. Японыг хэдэн арван жил тасралтгүй удирдсан Либерал ардчилсан нам 500 сая иен буюу 3.4 сая ам.долларын авлигын хэрэгт холбогдоод байна.
Огцрох өргөдлөө өгсөн сайдууд нь засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Хироказү Мацүно, Эдийн засаг, аж үйлдвэрийн сайд Ясүтоши Нишимүра, Дотоод хэргийн сайд Жүнжү Сүзүки, Хөдөө аж ахуйн сайд Ичиро Мияашита нар юм.
Хироказү Мацүно хэвлэлийн бага хурлын үеэр “Улс төрийн сангийн талаар олон нийтийн итгэлийг хөсөрдүүлсэн янз бүрийн гүтгэлэг болон миний өөрийн хөрөнгөтэй холбоотой янз бүрийн гүтгэлгийн улмаас би огцрох өргөдлөө өгч байна” гэж хэлжээ. Ерөнхий сайдын тусгай зөвлөх Мичико Үэно мөн албан тушаалаа орхиж байгааг Мацүно мэдэгдлээ.
Прокурорууд энэ долоо хоногийн сүүлээр оффисуудад нэгжлэг хийж, хууль тогтоогчидтой ярилцлага хийнэ.
Энэ мэт авлигын хэрэг зэргээс болоод ерөнхий сайд Фүмио Кишидагийн үнэлгээ хамгийн муу түвшиндээ хүрээд байна. Тэрбээр есдүгээр сард бүтцийн өөрчлөлт хийсэн бөгөөд өнгөрсөн сард эдийн засгийг дэмжих, үнийн өсөлтөөс үүдэлтэй асуудлуудыг намжаах зорилгоор 17 их наяд иенийн төсөв зарласан. Өдгөө 66 настай Кишида 2025 он хүртэл засаглах боломжтой ч ирэх жилийн санал хураалтаас өмнө ээлжит бус сонгууль зарлаж магадгүй гэх таамаг бий.
Эх сурвалж: SCMP
Холбоотой мэдээ