УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ОЮУНХОРОЛТОЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН УЛС ТӨРИЙН ОРОЛЦООНЫ ЭРГЭН ТОЙРОНД ЯРИЛЦЛАА.
-Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог идэвхтэй ярьдаг боллоо. Төрийн шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш харьцааг хадгалахын ач холбогдол юу вэ?
-Сүүлийн 20 гаруй жил эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлье гэж улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудаас маш их хэмжээний хүчин чармайлт гаргасан. Олон улсын байгууллагуудын зүгээс тусламж, зөвлөгөө үзүүлсний дүнд өнөөдөр УИХ-ын сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн квотыг 30 хувиар тогтоосон дэвшил гараад байна. Эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг ингэж баталгаажуулсан нь том амжилт. Энэ бол улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагууд болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүн. Үр дүн, амжилтаа бататгах нь зөвхөн эмэгтэйчүүдээс өөрсдөөс нь шалтгаална.
-Тухайлбал, эмэгтэйчүүдээс юу шаардах бол?
-Үеийн үед аль ч улс төрийн нам эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлж ирсэн. Нийт нэр дэвшигчдийн 20 гаруй хувь нь эмэгтэй нэр дэвшигчид байсан. Зарим цаг үед сонгогчдын боловсролын түвшинд эмэгтэй улстөрчдийг төрд төлөөлөх эрхтэй гэдэгт хандлага муу байсан үе бий. Тэр нь зан заншил, эцгийн эрхэт ёс ноёрхож байсан уламжлалаас үүдэлтэй. Төрд олон эмэгтэй байх шаардлагагүй гэдэг ч юм уу хандлага байсан. Энэ хандлага аажим аажмаар суларсаар өнөөдөр эмэгтэйчүүдийн төрийн шийдвэр гаргах түвшинд ажиллах хэрэгтэй гэдэг олон нийтийн хандлага бий болж эхэлж байна. Энэ хандлага хэр бодитой вэ гэдгийг ирэх 2024 оны сонгууль харуулна. Яг эмэгтэйчүүд сонгуульд нэрээ дэвшүүлээд явахаар эмэгтэй гэдгээр нь сонгож, толгойг нь илнэ гэсэн ойлголт байхгүй. Эрчүүдээс илүү хатуу шаардлага тавьж, илүү өндөр ёс зүйн хариуцлага шаарддаг. Энэ хандлагыг давж гарч байж л эмэгтэйчүүд төрд олон нийтийн төлөөлөл болж чадна.
-Эмэгтэй нэр дэвшигчдэд санхүүжилтийн асуудал хүнд байдаг талаар судлаачид хэлж байна. Мөнгөний сонгууль эмэгтэйчүүдэд боломж олгохгүй байна гэсэн үг үү. Таныг сонгуульд нэр дэвшээд явж байхад ямар шаардлага тавигдаж байв?
-Мэдээж, сонгууль бүр хүнд байдаг. Би дөрвөн удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож ажилласан. Эмэгтэйчүүд сонгуульд нэр дэвшихэд мөнгө санхүүжилтийн асуудал хүнд гэж ярьдаг. Гэхдээ нэр дэвшээд явж байхад асар их хэмжээний мөнгө хөрөнгө шаардсан сурталчилгаа хийхийг шаардаад байдаггүй. Сонгогчид эерэг хандлагаар хүлээн авч, дэмждэг байсан. Сонгогчид төрд олон нийтийг үнэхээр төлөөлж чадах шаардлага нэхдэг байсан. Улс төрийн намын зүгээс ч эмэгтэйчүүдийн өмнө мөнгө төгрөгийн босго тавьж байгаагүй гэдгийг хэлье. Тиймээс бид зөвхөн өөрсдийгөө бэлдэж сонгуульд оролцож ирсэн. Өөрийгөө хувь хүн талаасаа илүү хөгжүүлэхийг шаарддаг гэсэн үг. Төрд өөрийгөө бэлтгэх хэрэгтэй. Ёс зүйтэй байх хэрэгтэй. Эрх ашгаа зөв эрэмбэлдэг байх хэрэгтэй. Нөгөө талаас эмэгтэйчүүд сонгуульд олон удаа ялалт байгуулж, урт улс төр хийе гэж бодож байгаа бол шуналгүй байх хэрэгтэй. Сонгогчдоо хуурдаггүй байх хэрэгтэй. Хэлсэн ярьсандаа хүрдэг байх хэрэгтэй. Бид ийм олон шаардлагыг өмнөө тавьж чаддаг байсан. Үүнийгээ хэрэгжүүдлэг байсан учраас хэдэн удаа сонгогдсон байх гэж одоо боддог.
-Тэрний үр дүнд парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувь сонгуулиас сонгуульд өндөр болж ирж байна. Тухайлбал, одоогийн парламентад хамгийн олон эмэгтэй гишүүн сууж байна?
-Монголын улс төрд эмэгтэйчүүдийн нэр хүндийг унагасан муу жишиг тогтоогоогүй гэж боддог. Тиймээс эмэгтэй улстөрчид илүү нэр цэвэр, ёс суртахуунтай, хариуцлагатай, элдэв хэрэг төвөгт орооцолдохгүй явж ирсэн.
-Ирэх 2024 оны сонгуульд намын жагсаалт эргээд орж ирж байна. УИХ-аас жагсаалтын 50 хувь эмэгтэйчүүд байхаар хууль баталсан. Үүний давуу тал нь юу вэ?
-Сонгуулийн хуулиар пропроциналь системийн 48 суудлын 24 нь эмэгтэй байх заалт орж ирсэн. Улс төрийн намуудын дээд байгууллагууд шийдвэрээ гаргана. Өмнө нь манай намын жагсаалтын эхний 10-т нь эрэгтэй улчтөрчдийг зоодог байсан. Одоо бол эрэгтэйчүүд давуу эрх эдлэх боломж байхгүй. Нэг эрэгтэй, нэг эмэгтэй гэдэг байдлаар сөөлжилсөн нэрсийн жагсаалт гарна. Энэ удаагийн парламент харьцангуй шударга, эмэгтэйчүүдийн эрхийг хангасан сайн хууль баталлаа. Ер нь сонгуулийн пропроциналь систем өөрөө илүү мэргэшсэн, төрийн ажлын залгамж шинж чанарыг авч явж чадах парламентчдын багийг бүрдүүлэхэд Монголын ард түмэн саналаа өгдөг тогтолцооны хэлбэр юм.
-Нөгөө талдаа тойрогт нэр дэвшигчид томсгосон буюу бүсчилсэн тойрогт өрсөлдөх асуудал яригдаж байна. Энэ нь эмэгтэйчүүд болон шинэ залуу нэр дэвшигчдэд халтай гэдэг шүүмжлэл байна. Та үүнийг хэрхэн харж байна даа?
-Шинэ залуу улстөрчдөд хүндхэн байж магадгүй. Гэхдээ улстөрд орох гэж байгаа хүн өөрийгөө нэлээд урт хугацаанд бэлтгэх шаардлагатай. Дөнгөж дээд сургуулийн ширээнээс босоод сонгуульд өрсөлдөх гэж байгаа хүмүүсийн тухай асуудал биш шүү дээ. Төр барилцах, сонгуульд оролцох гэдэг бол дамжаанд суух гэж байгаа асуудал биш. Төрд боловсролтой, мэдлэгтэй, туршлагатай хүн олон нийтийг төлөөлж, чин шударгаар ажиллах ёстой. Тиймээс тойрог жижиг, том гэдгийг харгалзахгүйгээр улс төрийн газрын зургаа томоор харан зурж, эрчүүдтэй адил шатрын өрөг дээр тоглох хэрэгтэй. Сонголт байхгүй. Батлагдсан хуулийн дагуу өөрсдийгөө бэлдэж сонгуульд өрсөлдөх ёстой.
Холбоотой мэдээ