Украины "Kyivstar" компани томоохон хэмжээний кибер халдлагад өртсөнөөр тус улс харилцаа холбоо хязгаарлагдмал хоёр хонож байна. "Kyivstar" нь гар утас болон интернетийн үйлчилгээ үзүүлдэг хамгийн том компани юм. Украины нийт хүн амын тал илүү хувь буюу 25 сая гаруй хүн "Kyivstar"-аас үйлчилгээ авдаг.
Энэ удаагийн халдлага нь иргэний харилцаа холбооны салбарт хийсэн түүхэн дэх хамгийн том кибер халдлагын нэг. Мөн Орос, Украины дайны хамгийн нөлөө бүхий халдлагуудын нэг болж байна.
Халдлага Мягмар гаригт болсон бөгөөд Лхагва гаригаас үйлчилгээгээ тодорхой хэмжээгээр сэргэж эхэлжээ. Дэлхийн интернетийн холболтыг хянадаг "Kentik" компаниас мэдэгдсэнээр "Kyivstar"-ын сүлжээ ердийн үеийн түвшиндээ хүрэхгүй байгаа аж.
Сүлжээ тасалдсанаар украинчууд харилцаа холбоогүй болоод зогсохгүй өөр олон чухал үйлчилгээ хаагдсан. Тухайлбал, олон хотод агаарын дохиоллын систем доголдож, нөөц дохиолол ашиглахаас өөр аргагүйд хүрснийг Бүс нутгийн цэргийн удирдлагын дарга Руслан Кравченко хэллээ. Түүнчлэн Украины хамгийн том банк болох ПриватБанкны АТМ, терминалууд ажиллахгүй болжээ. Гудамжны ухаалаг гэрэл ашигладаг Львов хотод интернет тасарснаар гэрлийг гараар салгах шаардлагатай болсон байна.
"Sandworm" гэх хакерын бүлэглэл "Kyivstar"-ын халдлагын хариуцлагыг хүлээжээ. Украины эрх баригчид энэхүү халдлагын ард Оросын цэргийн тагнуулын агентлаг байгаа гэж үзэж байна. Украины дэд бүтцэд сүүлийн 10 жилд хийсэн хамгийн хор хөнөөлтэй халдлагуудыг “Sandworm” үйлдсэн гэж үздэг.
Эх сурвалж: NBC
Холбоотой мэдээ