"Сувилахуйн ухааны төвийг 13 тэрбум төгрөгөөр байгуулна"

Live"Сувилахуйн ухааны төвийг 13 тэрбум төгрөгөөр байгуулна"

"Сувилахуйн ухааны төвийг 13 тэрбум төгрөгөөр байгуулна"

УИХ-ын чуулганы ээлжит нэгдсэн хуралдаан /2023.12.14/ болж байна.


 

15 : 59
2023-12-14

"Монголын хүн амын 4 хувь нь эрүүл мэндийн эрсдэлгүй, 96 хувь нь эрсдэлтэй байна"

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

-ЭМЯ-тай хамтран Сэлэнгэ аймагт эрүүл мэндийн үзлэг оношилгоог хийж, нийт 10 мянган иргэдийг хамруулсан. Аюултай үр дүн гарсан. Амьдралын хэв маягтай холбоотой асуудал газар дээрээ нотлогдсон. 10 хүүхэд тусмын 9 нь шүдний цооролттой байсан. Эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, хамт олонд зориулсан эрүүл мэндийн сургалт, гарын авлагыг гаргасан байдаг. Нөлөөллийн ажлыг сайтар зохион байгуулах шаардлагатай. Олон улсад нэг эмчид ногдох сувилагчийн тоо гурав байдаг бол Монголд 1:1 байдаг юм билээ. БНСУ-д Сэлэнгийн 25, Өвөрхангайн таван сувилагчийг хамруулж мэргэшүүлэх ажлыг хийсэн. Түүхэндээ шинэ хуудас нээсэн ажлыг хийж байгаадаа баяртай байгаа. 

НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан:

-"Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан" судалгааг Номхон далайн баруун бүс нутагтаа цор ганц дөрвөн удаа хийсэн хийсэн. Өнгөрсөн 20 жил дарааллан судлахад хүн амын дөрвөн хувь нь эрсдэлгүй, 96 хувь нь 17-65 насныхан архи ууж, тамхи татдаг, даралт ихэсдэг гэх мэт эрсдэлтэй гарсан. Дэлхийн 168 орноос улаан хоолой,элэгний хавдраар нэгд, умайн хүзүүний хавдраар дөрөвт орж байна. Энэ бүхний гол эх үүсвэр нь эрүүл мэндийн боловсролын асуудал. Бүлэг хүмүүст тусгай хөтөлбөрийн дагуу хийдэг. Манай байгууллагаас эрүүл мэндийг дэмжих ажлыг хийдэг. 

Монгол Улсын хоол тэжээлийн зургадугаар судалгааг хийгээд дуусгаж байна. Сургуульд суурилсан хүүхдийн зан үйлийн судалгааг анх удаа 10 модулиар хийж байна.

Энэ онд сургуулийн сурагчид болон насанд хүрсэн хүмүүсийн зан байдал, хооллолт, халдварт бус өвчний эрсдэлт ямар байна вэ гэдгийг аймаг, сумдаар нь гаргаж ирнэ. Иргэд өөрсдийгөө  харьцуулж үзэх боломжтой. Орон нутагт осол гэмтэл хүчирхийллийн асуудал өндөр байгаа бол хотод агаарын бохирдол тулгамдаж байна гэх мэт. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

-Чухал хуулийн төслийг дэмжиж байна. Хөдөлмөрийн насны хүн амын нас баралтын шалтгааны 77 хувь нь халдварт бус өвчин байгаа. Нас баралтын шалтгааныг багасгах, хүн амын дундаж наслалтыг уртасгахад нийгмийн эрүүл мэндийг дэмжих нь чухал. Агаарын бохирдол гэх мэт асуудлыг энэ хуулиар шийдэж болно. Эрүүл мэндийн тухай хуульд хүн өвчин эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг хэлнэ гэж буй. Энэ хуулийн төсөлд бие бялдрын эрүүл мэнд гэдэг заалт ороогүй байна. Яагаад оруулаагүй вэ?

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд:

-Хуулийн 5.1.1 зүйлд халдварт болон халдварт бус өвчний хяналт сэргийлэлт хэсэгт энэ асуудлыг оруулсан. Мөн Биеийн тамир, спортын тухай хуульд тодорхой тусгасан байдаг учраас энэ хуульд агуулга давхцуулахгүй байх үүднээс орхигдуулсан. Агаарын бохирдлын асуудалд, 5.3 зүйлд тусгахдаа гадаад дотоод гэж ялгалгүй тусгасан байгаа. Эрүүл мэндийн даатгалын сангаас эрт илрүүлгийг санхүүжүүлнэ.

Бусдыг нь олон улсын хандив тусламж, санхүүжилтээр шийднэ. Нийгмийн эрүүл мэндийн лабораториуд төв байгууллагад ажиллаж, агаарын чанарыг хянана гэв. 

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг:

-Дэлхийн банкнаас 14 сая ам.долларын дэмжлэг авч, эмийн чанарын баталгаажуулалт хийх лабораторийг дэлхийн жишигт хүргэх,  цахим системийг хөгжүүлэх чиглэлээр ажиллана. Эрүүл мэндийн салбарын нэг тэрбум төгрөгийг судалж үзье. Сонгуулийн жил эхэлж байгаа учраас хувь хүнд мөнгө өгч болохгүй шүү. Аль болох тендерийг яаман дээр зарлахгүй байхыг зорьж байна. 

Даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгох эмийн санхүүжилтийн хэмжээ 30 тэрбум төгрөг байсан бол одоо 90 тэрбум төгрөг болсон. Иргэдийн зүгээс чанар нь сайн биш байна гэдгийг шүүмжилж байгаа учраас өөрчлөлтийг хийх шаардлагатай. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Эмэнд зарцуулж байгаа төсөв нь 300 тэрбумаас дээш мөртлөө чанар нь муу байна. Олгосон санхүүжилтийг авч үзэхэд, хувийн эмнэлэг 14.5 хувь, улсын эмнэлэгт 74 хувь, рашаан сувилал 2.5 хувь, 8.8 хувь нь эмийн сангууд байна. Энэ бүтцэд өөрчлөлт орох болов уу. Ирэх онд 365 тэрбум төгрөгийг санхүүжилтийг тусгасан. Үүний хэдэн хувь нь нийгмийн эрүүл мэндэд зарцуулагдах вэ?

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг:

-Манай салбарт тулгамдаж байгаа нэг асуудал бол эмийн асуудал. Бид Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах саналаа боловсруулж, Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барих чиглэлээр ажиллаж байна. Хаврын чуулганаар Тендерийн тухай хуульд өөрчлөлт оруулж, олон улсын стандартад нийцсэн эм, эмнэлгийн хэрэгслийг шууд худалдан авалт хийдэг байна гэсэн хуулийн өөрчлөлт оруулсан. 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хуулийн өөрчлөлт хэрэгжинэ. 

Хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй 61 саналаар саналт хураалт явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ. 

14 : 36
2023-12-14

"Нийгмийн эрүүл мэндийн тухай хууль монголчуудын эрүүл мэндийг шинэ шатанд гаргах ёстой"

УИХ-ын чуулганы үдээс хойшх нэгдсэн хуралдаан эхэллээ. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.06.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ хэлэлцэж байна. Төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаар Нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл танилцуулав.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Хуулийг үзэл баримтлалынх нь хувьд дэмжиж байгаа. Хүсэн хүлээсэн суурь хууль гэж хэлж болохоор. Одоо батлагдаж байгаа хууль хэт ерөнхий байна. Санхүүжилтийн тогтолцооны талаар тодорхой зүйл байхгүй. Нийгмийн эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрийг хэрхэн үнэлэх вэ гэдэг асуудал тодорхой бус байна. Иргэдийн эрүүл мэнд, орчны бохирдолтой холбоотой асуудал нь үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг болчихоод байна. Ажлын хэсэг нэлээд зовж ажиллах шиг боллоо. Сүүлийн үед хуулиуд маш чанаргүй болж байна.

Эхнээсээ зөв, сайн бичиж оруулж ирэх ёстой. Орж ирсэн хуулийг нь яам, ажлын хэсэг дээр 60, 70 саналтайгаар орж ирж байна.

Цаашдаа хуулиуд ийм замбараагүй орж ирмээргүй байна. Сүүлийн үед Монголд зүрх судасны өвчлөл өндөр байгаа. Нийгмийн эрүүл мэндийн тухай хууль монголчуудын эрүүл мэндийг шинэ шатанд гаргах ёстой. Чамлахаар чанга атга гэдэг. Гэхдээ 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх нь амжихгүй юм шиг байна. Олон журам хэлэлцэнэ. Долдугаар сарын 1-нд хэрэгжих хугацааг нь тавих нь зүйтэй. Бүх ачааллыг эрүүл мэндийн салбарт үүрүүлэхээ болих хэрэгтэй. Бусад салбар батлагдсан төсвийнхөө нэг хувийг ажилчдынхаа эрүүл мэндэд зарцуулах хэрэгтэй. 

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг:

-Хүн амын эрүүл мэндийг хамгаална гэдэг хоёр талтай асуудал. Нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээ гээд. Эрүүл мэндийн тухай хуульд ийм хоёр харилцааг зохицуулсан байдаг. Харамсалтай нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь давамгайлж, өвчлөлийн араас үйлчилгээ үзүүлж ирлээ.

Тийм учраас энэ анхдагч хуулийг батлах нь зүйтэй. Нийгмийн эрүүл мэнд, анхан шатны тусламж үйлчилгээндээ дийлэнхийг нь зарцуулдаг.

Монгол Улс үүний эсрэг явж байгаа. Одоо нийт санхүүжилтийн 20-хон хувийг нийгмийн эрүүл мэндэд зарцуулж байна. Цар тахал маш том сургамж өгсөн. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөгжүүлэхгүйгээр өвчнөөс сэргийлж чадахгүй. Би хуулийг хэт ерөнхий байна гэж бодохгүй байгаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай тусдаа хуультай. Нийгмийн эрүүл мэндийн тухай хууль өвчний тандалт, урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэгтэй холбоотой асуудал орсон учраас ерөнхий юм шиг ойлгогдож магадгүй. Эрүүл ахуйн тухай хуулиараа орчны бохирдлыг зохицуулсан хууль бас тусдаа бий. 

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

-Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Тулгамдаж байгаа асуудлын нэг. Бид өвчин туссаны дараагаар эмчлэх гэж асар их мөнгө хөрөнгийг зарцуулж байна. Эрүүл мэндийн даатгалын сан 500 тэрбум хүрэхтэй байсан бол өнөөдөр хоёр их наяд хүргэчихсэн, эмнэлгийн үйлчилгээ өндөр үнээр худалдан авч байна. Бид өнөөдөр урьдчилан сэргийлж, эрүүл ахуйч, нярай хүүхдээ эрүүл өсгөх, урт чанартай наслах хэрэгтэй. Бүх асуудлыг тусгахаас илүүтэй нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг анхдагч хуулиар бий болгож, төсөв санхүүтэй байлгах нь чухал. Салбар хоорондын уялдаа холбоо маш чухал. Тийм учраас хуульд Үндэсний зөвлөл байгуулж, тэр зөвлөл нь Ерөнхий сайдын дэргэд ажиллана. 

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг:

-Энэ хуульд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг одоогийн эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа даатгалын сангаас чанар, үр дүнд суурилсан системээр санхүүжүүлнэ гэхээр арай болохгүй байгаа. Тиймээс нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг улсын төсвөөс санхүүжүүлнэ. Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд онцгой анхаарах ёстой. Эмч, ЭМЯ хариуцна гэж олон жил явж ирсэн. Өндөр хөгжилтэй орнуудын судалгааг харахад иргэний эрүүл байх асуудал 55 хувийг хангадаг гэсэн тооцоолол байдаг. 

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд:

-Энэ хуулийн төслийн Д-парламентад тавьж, 49 санал иргэдээс авч, хуульд тусгасан. Тухайлбал, гамшгийн үед хэрхэн ажиллах вэ, ил тод нээлттэй мэдээлэл хүргэх зэрэг санал ирж, 60 гаруй удаагийн хэлэлцүүлгийг хийсэн. Байнгын хороонд 19 удаагийн хэлэлцүүлэг хийсэн. 

УИХ-ын гишүүн Б.Бейсен:

-Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Гэхдээ олон жил ажилласан хүний хувьд санал хэлье. Уг нь энэ хууль 2013 оноос хэрэгжих ёстой байсан. Тухайн үед Эрүүл мэндийн газрын дэргэд Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс байгуулахаар сайдын шийдвэр гарч, тавилгатай нь очиж байсан ч хэрэгжээгүй. Гол нь энэ хууль хэрэгжсэнээр эрт илрүүлгийг хэрэгжүүлбэл тустай юм. Энэ чиглэлээр ажиллаж байгаа нийгмийн баталгаа маш муу байна. Цалин бага, хариуцлага нь өндөр. Дунд мэргэжилтнүүд 1.4-1.5 сая төгрөгийн цалин авч байна. Илүү цагийн хөлс нь нэмэгддэггүй. Хүний нөөцийн хомсдолд орчихлоо. Эмнэлгүүдээр яваад судалгаа гаргасан уу?

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг:

-Монгол эмчийн тоогоор дутагдалтайд ордоггүй юм билээ. Харин сувилагчийн тоонд асуудал бий. Нэг эмч, хоёр сувилагчтай үйл ажиллагаа явуулах бодлогыг барьж байгаа. Сувилагчийн ажлын байрыг нэмэгдүүлэхээр 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хөдөө ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдэд орон нутгийн нэмэгдэл 40, аймгийн төвийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа ажилчдад 20 хувийн нэмэгдэл өгнө. 

Хавар сувилагч нартай уулзахад давтан сургх, мэргэшүүлэх асуудал чухал байна. Тиймээс 2024 оны улсын төсөвт Сувилахуйн ухааны төв байгуулахаар 13 тэрбум төгрөгийг баталсан. Ирэх онд гурван тэрбум төгрөгийг зарцуулна. Хоёрт, сувилагч гэдэг эмчийн туслах биш. Эмнэлгийн байгууллагад сувилагчийн эзлэх байр суурийг нэмэгдүүлэх шаардлагатай. Сувилахуйн асуудал хариуцсан дэд даргыг томилох ажлын байрыг бий болгосон. Бас гадаадын сургалтад хамруулахаар 200 эх баригчийг оролцуулсан. Багийн эмч нарыг богино хугацаанд гадаадад суралцуулахаар 84 эмчийг хамруулна. 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

-Өвдсөн хойно биш өвдөхөөс нь өмнө эрт илрүүлдэг болно гэсэн үг. Долоон бүлэг, хоёр зүйлтэй. Боловсон хүчин, санхүүжилт, монголчуудын өвчлөлийн дататай болох, гамшгийн үед хэрхэн ажиллах гээд заалтуудыг тусгаснаараа онцлог. Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын нийгмийн баталгаа нь хангагдана. 

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг:

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уул уурхайн цахим биржийн орлого, авлига албан тушаалын гэмт хэргээс орж ирж байгаа санхүүжилтийг нийгмийн эрүүл мэндэд тусгах ёстой гэдэг бодлого баримталж байгаа. Үүний үр дүнд 2024 оны эрүүл мэндийн санхүүжилт өмнөх оноосоо 25 хувиар өссөн. Эрүүл мэндийн хөрөнгө оруулалтын хэмжээ 48 хувиар өссөн. 

УИХ-ын гишүүн П.Анужин:

-Иргэдээ соён гэгээрүүлэх ажлыг бага наснаас нь хэрхэн хийх вэ. Хүн хөгжихөд чиглэсэн олон асуудлыг сурах бичигт тусгах шаардлагатай. Бид БШУЯ-ынхантай уулзаж, ярилцсан. Сурагчдын сурах бичгийг албан ёсоор өөрчлөх ажлыг 2024 оноос нэгдсэн журмаар хийнэ гэсэн. Энд ямар байгууллага ямар үүрэг гүйцэтгэх вэ гэхээр хариуцсан байгууллагууд нь нарийн журмаа гаргаад батлаад явна. Эрүүл мэндийн даатгалаас гарч байгаа мөнгө урьдчилан сэргийлэх чиглэлд зарцуулъя гэж хуулиа батлаад өгнө. 

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

-Нийгмийн эрүүл мэндийн хууль маш чухал. Онцгой анхаарах хэрэгтэй. Эрүүл мэндийн тогтолцоо их буруу явж байна. Аймаг нийслэлийн биеийн тамирын спортын газрууд нэг тогтолцоотой байж, олон арга хэмжээг зохион байгуулдаг байсан. Цаашдаа энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудыг хэрхэн дэмжиж, урамшуулах вэ төрөөс. Жишээлбэл, фитнесс, иог, эрүүл мэндийн төвүүд байна. 

Яриад л байдаг мөнгөө тавьдаггүй. Боловсролын салбараа эрүүл мэндийн салбартайгаа уямаар байна. Энэ чиглэлээр ямар заалт тусгасан юм бэ?

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд:

-Төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоотойгоор гэрээгээр гүйцэтгүүлж болно гэж тусгасан. Бас сайн дурын ажилтныг хамруулж, урамшуулах ажлыг тусгасан. Эрүүл мэндийн боловсрол олгох асуудлыг таван яам хамтарсан арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж байгаа. Энэ асуудлыг заавал тусгаж хэрэгжүүлнэ гэж заасан байгаа. 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

-Эрүүл мэндийн даатгалын мөнгөө ашиглахгүй, эрүүл саруул явж байгаа залуусын фитнесийн мөнгийг улсаас даах уу гэж асууж байна. Энэ асуудлыг огт орхигдуулсан зүйл байхгүй. Өвдөөгүй хүмүүсээ яаж урамшуулах вэ гэдэг нь хуулийг дагасан журмаар зохицуулах юм.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Өнөөдөр Улаанбаатар үхлийн хөндий боллоо. Уушгины өвчлөл, хавдар нэмэгдэх нь тодорхой. Эрчүүдийн эрүүл мэндийг ярих цаг болсон. Эрчүүд эмэгтэйчүүдээс 10 насаар бага насалж, орон нутагт 35 нас хүртлээ гэр бүлгүй залуус олон болсон. Цэрэгт тэнцдэг эрэгтэй хүн гэж байхгүй боллоо. Иргэд 20, 30 жил эрүүл мэндийн даатгал төлдөг ч үр шимийг нь хүртэж чаддагүй. 

14 : 26
2023-12-14

Далайн хөдөлмөрийн хуулийг батлах санал хураалтыг маргааш явуулна

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцид 2016,2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг ЗТХ-ийн сайд С.Бямбацогт танилцуулав. Хуулийн төслийн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцууллаа. 

УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулийн 1.3 зүйлд заасны дагуу хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг 2023 оны арванхоёрдугаар сарын 15-ны 10.00 цагт явуулна. 

13 : 55
2023-12-14

Д.Ганбат: Аймагтаа бедон, шанага тарааснаар хорт хавдрын өвчлөл багатай аймаг болсон

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун:

-Дэлхийн банкны санхүүжилттэй 100 сая ам.долларын асуудал яригдаж байна. Анх манай яаманд 28 сая ам.долларын төлөвлөсөн байсныг бид татгалзсан. Учир нь Өвөрхангайд хөдөө аж ахуйн логистикийн төв байгуулна. Эмэгтэй малчдыг сургана гээд. Яг тооцохоор манай салбарт үлдэхээр юм байхгүй байсан. Тиймээс энэ зээлээ зам засах ажилт зарцуулах санал тавьж зөвшилцсөн. Дорнодын Тамын-50 замыг бүрэн засч байгаа биз дээ. Хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт:

-Зээлийн хэлэлцээр 2018 оноос судалгааг нь хийж эхэлсэн. Ингэхэд манай Х.Болорчулуун сайд махны агуулах хэрэггүй гэдэг санал гаргасан. Өндөрхаан-Чойбалсан замын Тамын-50 км замыг 15 орчим сая ам.доллараар засч дуусгана. Олон жил яригдсан хамгийн их эвдрэлтэй замыг засна. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Сүүлийн үед энэ улс оронд чинь болж бүтэж байгаа юм цөөн байна. Дахиад л өр тавих гэж байна. Зээлийн хүү их өндөр байгаа. Чингис бондыг л яриад байдаг. Гэтэл хугацаа урт, гурван хувийн хүүтэй байсан. Тэгээд 7-8 хувийн зээл олж ирчихээд гавьяа байгуулчихсан юм шиг хандмааргүй байна. Авч байгаа зээлээ зориулалтаар нь ашигламаар байна. Мухар төмөр зам, 18 дугаар зууны 30 км цагийн хурдтай төмөр замтай, цахилгаан тог байхгүй, шатахуун ч байхгүй. Шинэ жилээр иймэрхүү л бэлэг барьж байна. Гайхамшиг үргэлжлэх юм байна л даа.

Энэ мөнгөө ямар олон газар тараадаг юм бэ. Үр дүнтэй ажил хий л дээ.

Жишээлбэл, хорт хавдрын асуудал байна. Би найман жилийн өмнө хувийнхаа мөнгөөр одонтой ээжүүдэд хэдэн бедон тараасан. Хуванцар шанагыг нь сольж өгсөн. Одоо манай Баянхонгор аймаг хорт хавдраараа хамгийн бага аймаг болж байна. Тэр платформ гэж юу яриад байгаа юм бэ. Иймэрхүү ажлыг эрэмбэлж хиймээр байх юм. Бид илүү дутуудаа гарсан мөнгөтэй улс орон ч биш. 

УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж дууслаа. Хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтын 2023 оны арванхоёрдугаар сарын 15-ны 10.00 цагт явуулна. 

12 : 17
2023-12-14

"Өмнөговийн замд түлшний нүүрс тээвэрлэдэг учраас эвдэрч, дахин засна"

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

-Энэ төсөлтэй холбоотойгоор Төсөв, Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ирүүлсэн. Энэ төсөл хоёр удаа буцсан. Нэг удаа Засгийн газрын гишүүд саналаа нэгтгэлгүй орж ирээд буцсан. Дараа нь бид байнгын хороодын саналыг нэгтгэж, есөн чиглэл өгсөн. Үүний зургаад нь эмэгтэй малчдын платформд оролцох үйл ажиллагааг дэмжих гэсэн зүйл заалт байсныг хасах чиглэл өгсөн. Хассан байна. Өрийн дарамт нэмэгдэх эсэхэд онцгой анхаарахыг хэлсэн. Зураг төсөл, ТЭЗҮ-ээ нарийвчлан гаргах ёстой гэдэг бүх зүйл хангагдсан гээд байнгын хороогоор дэмжсэн. 

Өмнөговь аймгийн замд 2018 онд 7.4 тэрбум төгрөг, 2019 онд 9.3 тэрбум төгрөгөөр засвар хийсэн. Дахиад энэ замд засвар хийх шаардлагатай гээд сонгогдсон УИХ-ын гишүүн нь санал тавьсан.

Учир нь тэр замаар сайжруулсан шахмал түлшний нүүрс зөөдөг хүнд даацын машин байнга тээвэрлэлт хийдэг Засгийн газрын тогтоолтой. Үүнээс болж зам амархан эвдэрч байгааг хэлсэн.

Сангийн яамны Хөрөнгийн удирдлагын хэлтсийн дарга С.Тулга:

-Байнгын хорооноос өгсөн чиглэлд эмэгтэй малчдад сургалт зохион байгуулах гэдэг агуулгыг хас гэсэн. Дэлхийн банк, ЗТХЯ, Сангийн яам хоорондын хэлэлцээрээр байнгын хорооноос чиглэл өгсөн учраас хасъя гэдэг санал дэвшүүлсэн. Дэлхийн банкнаас хүйсийн тэгш оролцоог хангах нь зээлдэгч байгууллагын дүрэмд байдаг учраас түүний оронд ложистикийн байгууллага тэр дундаа малчид, эмэгтэй малчдад платформд оролцох, цахим хэрэгсэл ашиглах ур чадварыг дэмжих гэдэг агуулгаар оруулсан. Эмэгтэй малчдад сургалт гэдэг хэсэг нь хасагдсан. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Засгийн газар дураараа ажиллаж байна. Сангийн яамнаас асуулт асууя. УИХ дээр дандаа худлаа ярьж, сайн мэдээ гэж байгаад ярина. 

Сангийн яамны Хөрөнгийн удирдлагын хэлтсийн дарга С.Тулга:

-2023 оны гуравдугаар улирлын байдлаар өрийн статистикийн тоо гарсан. Үүнд, ДНБ-ийг эзлэх Засгийн газрын өрийн хэмжээ 44.3 хувьтай байгаа. Улсын нийт гадаад өрийн хэмжээ 195 хувьтай байгаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4 зүйлд өрийн хязгаарыг заасан байдаг. Тэр нь Засгийн газрын гадаад өрийн хязгаар юм.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-Олонхоороо соёрхон батлаад явчих байх. Зам засна гэдэг буруу нь юу байхав. Чөтгөр диталь дотор л нуугдаж байдаг. Төсөл хэрэгжүүлэх хугацаа 2023-2026 он гэж байна. Эргэн төлөлт нь олон улсын банк санхүүгийн байгууллагаас 110 сая ам.доллар зээлж, хувьсах хүү нь 5.35+1.3 хувь гэж ойлголоо. Та нар бэлэг гэж андуурав аа. Нийт 6.63 хувийн хүүтэй байна. 25 жилийн дараа эргэн төлөгдөхөөс тавыг нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Бидний үр хойч 25 жилийн дараа хэдэн төгрөг төлөх вэ. 110 сая ам.доллар хэдэн төгрөг болж төлөгдөх вэ?

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт:

-Бид улсын төсвөөр, гадны зээл тусламжаар ч зам барьж байгаа. Баруун босоо чиглэлийн 750 км замыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барьж дууссан. ОХУ-Хятад-Баян-Өлгий аймгаар холбосон зам. Ийм л зам тавих хэрэгтэй гэж иргэд хэлж байна. Дарханы зам байна. Ийм жишгээр зам тавьж ирсэн. Үүнээс өөр асуудал байхгүй. Зам засах зайлшгүй шаардлагатай. Лүнгийн гүүр нурах эрсдэлтэй байгаа. Баруун чиглэлийн замд асуудал үүснэ. Дорнодын тамын-50 зам, Түлүгийн даваагийн замыг засах шаардлагатай. 

Сангийн яамны Хөрөнгийн удирдлагын хэлтсийн дарга С.Тулга:

-Энэ зээл хүүгээс хүү тооцохгүй. Хоёр эх үүсвэртэй. 100 сая ам.долларыг Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас, Олон улсын хөгжлийн ассиоциациас 7.3 сая ам.долларыг зээлжих зэрэглэлийн тусгай эрх буюу 10 сая ам.долларын санхүүжилт. Эргэн төлөлт нь 25 жил. Эхний таван жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Хүү нь хөвөгч хүү. 2024 оноос АНУ-ын бодлогын хүү буурах төлөвтэй байгаа. 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-Зам тавилгүй яахав. Гэхдээ Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас хараат. Бид хойд, урд хөршөө замаар холбох ёстой гэж олон ярьсан. Өнөөдрийн байдлаар замын стандартаа мөрдүүлж байна гээд нэг тэнхлэг дээр явах даацыг хязгаарласнаас болж, бензин түлшний хэрэгцээ асар их нэмэгдсэн. Хүнд даацын машин явж чадахгүй. Босоо тэнхлэгийн зам буюу Төвийг Өмнөговь аймаг, Төвийг Алтанбулаг боомттой холбодог замуудад хязгаарлалт тавьчихаад байна. Эдийн засгийн үр өгөөжөө бодож зүг чигээ тавихгүй яасан юм бол.

Улаанбаатар-Өмнөговь аймаг руу ачаа тээвэрлэхэд маш хүнд байдаг. Энэ зам руугаа яагаад тавихгүй байгаа юм бэ. Алтанбулаг-Дарханы замыг яагаад тавихгүй байна вэ. Дарханы замын 204 км хоёр урсгал, дөрвөн эгнээ зам ирэх онд бүрэн дуусах биз. Энэ замаа урагшлуулаад Хятад руугаа холбох мөнгөө тавихгүй байгаа юм бэ. Дарханы зам дээр гарсан алдаагаа давтмааргүй байна. Замын дундах цемент, цас нь арилахгүй. Зам засвар, арчлалтын зардал нь дийлдэхээргүй байна. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Энэ төслийг дэмжиж байна. Бас боломжийн төсөл байна. Хамгийн гол нь гадаадын зээлийг оновчтой салбарт авах ёстой. Уул уурхайн салбар ДНБ-ий 34 хувийг бүрдүүлдэг. Экспортын 90 гаруй хувь, ажлын байрны тавхан хувийг бүрдүүлж байгаа. Ажлын байр их чухал. Ажлын байрыг бий болгодог жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт урт хугацаатай, бага хүүтэй зээл ус агаар шиг хэрэгтэй байна.

Зээлийн төсөл олноор баталж байна. Өмнө нь хөдөө аж ахуйн чиглэлийн 725 сая ам.долларын зээлийг баталсан.

Оновчтой, оновчгүй олон юм байсан. Манай сайд нар төслийн зорилго гэсэн чинь "Зам тээврийн холболтыг сайжруулах замаар Монгол Улсын махны өртгийн сүлжээний логистикийн үр ашгийг дээшлүүлнэ" гэсэн байна. Хүн биш мах л зөөдөг зам болох юм байна. Орчуулгаа сайн хийх хэрэгтэй. 

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт:

-Зам дагаж хөгжил ирнэ. Иргэдийн зүгээс тог цахилгаан, шатахуун, замтай баймаар байна гэдгийг хэлж байгаа. Дорнодын Тамын-5 зам дээр хүн болгон очиж, лайв хийдэг. Барьж идчих гээд. Ард түмэн нь тэр хүмүүсийг алгаа ташиж хүлээн авдаг. Дэлхийн банкны үнэлгээгээр 127 дугаар байрнаас Монголын тээвэр логистикийн индексээр 92 байр руу урагшилсан. Ийм хэмжээгээр үр дүн гарч байгаа. 

Сангийн яамны Хөрөнгийн удирдлагын хэлтсийн дарга С.Тулга:

-Олон улсын зам хучилтын тэгш байдлын үнэлгээгээр замаа хэмжиж байгаа. Тусгай тоноглолттой хоёр машинаар хэмждэг. Шинэ авто зам дээр хоёр гэдэг үзүүлэлттэй байх ёстой. Засвар хийх замууд зургаагаас дээш буюу тэгш байдал алдагдаж, их хэмжээгээр гэмтсэн учраас сонгож оруулсан. 

УИХ-ын гишүүн Г.Ганболд:

-Бүх аймгуудыг замаар холбон гэж байгаад 1980, 1990-ээд оны замуудаа огт засварлаагүй. Улсын төсөв баталдаггүй, нөхөөсний мөнгө л өгдөг. Хуучин замууд улсын чанартай гол замууд учраас засварлахыг дэмжиж байна. Олон улсын банкнаас зээл авахаараа өөрөө зээлээ удирдаж чаддаггүй. ЗТХЯ-наас тендер зарлаж, нэг компани нь удирдах уу. Хүүтэй зээл авчихаад гүйцэтгэгч шалгаруулахад нь оролцдог асуудал байдаг. Энэ асуудлыг яам 100 хувь хариуцаж чадах уу?

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт:

-Лүнгийн гүүрэн дээгүүр гардаггүй баруун аймгийн машин гэж байхгүй. Тийм болохоор бид улсын чанартай замаа засварлая гэсэн юм. Зээлийнхээ араас хэт их оролцох нь зохимжгүй. Тэртээ тэргүй Монгол Улс зээлээ төлнө. Яаж чанартай, шуурхай ажилладаг вэ гэдэг дээр бид эрхээ эдэлдэг баймаар байна. Төрийн худалдан авах ажиллагаанаас тендер зарлаад хаячихдаг, шалгардаггүй. Хариуцлага хүлээх хэн ч байдаггүй. Ажилтан дээр л хариуцлага нь унах жишээтэй. Өөр хүмүүс эрхийг нь эдэлчихээд хариуцлагыг нь өөр хүн үүрдэг баймааргүй байна. Бид энэ асуудалд анхаарч ажиллана. 

11 : 19
2023-12-14

"Өмнө нь тавьсан замын их засварт нэг их наяд төгрөг хэрэгтэй"

Монгол Улс, Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон  Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын  “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг ЗТХ-ийн сайд С.Бямбацогт танилцуулав. Хуулийн төслийн талаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны Н.Энхболд танилцууллаа. 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Хэлэлцээрийн соёрхон батлахад нийт УИХ-ын гишүүдийн олонхоор буюу 39-өөс дээш гишүүн батална. Хууль саначлагчийн илтгэл болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулж асуулт асуух гишүүн байна уу?

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Гадаадаас 110 сая ам.доллар авна гээд байх юм. Удаан ярилаа. Байнгын хороо дэмжээд ороод ирлээ. Энэ мөнгийг төгрөг рүү шилжүүлбэл, 370 тэрбум төгрөг. Улсын төсөв батлахдаа энийг шийдэхгүй яасан юм бэ. Дахин айлаас зээл авч, зам засч өр нэммээргүй байна. Орон нутгийн 51 км зам гэж юу гэсэн үг вэ. МАН-д бодлого гэж алга болжээ. Аймгийн төвүүдийг замтай холбосон юм чинь дараагийн ээлжид аймгийн төвийг хилийн боомттой холбох ёстой. Задаргаагаа хэл. Ямар мөнгөөр зам засах гээд байгаа юм. 

УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт:

-Улсын төсөв дээр шинэ зам барих төсвийг тусгасан. Төсөв хэлэлцэж байх үед замын засварт мөнгө тусгамаар байна гэж ярьсан ч тавигдаж чадаагүй. Ерөнхий сайд 21 аймгаар ажиллаж, иргэдийн саналыг сонссон. УИХ-ын гишүүдийн санал голдуу тусгагдсан. Салбар яамдын бодлого төсөвт бага туссан. Бид замыг 30 жил барьсан. Гэтэл 20, 30 жилийн өмнөх замууд эвдэрч эхэлсэн. Урсгал засварт нэг жилд 50 орчим тэрбум төгрөгийг тавьж, зөвхөн нөхөөс хийдэг. Ээлжит засварыг 5-10 жилд хийдэг. Түүнээс дээш их засварыг хийх ёстой.

Гэтэл бид их, ээлжит засварт түүхэндээ мөнгө тавьж байгаагүй юм билээ. Энэ онд 35 тэрбум төгрөгийг тусгаж, Хэнтий, Дундговь чиглэлийн 5-10 км зам зассан.

Цаашдаа замаа засах шаардлагатай болсон учраас тодорхой хэсгийг нь Дэлхийн банкны санхүүжилттэй 100 сая ам.доллар буюу 370 тэрбум засъя гэдэг саналыг 2020 оноос ярьж, одоо шийдэгдэж байна. Ер нь өмнө нь тавьсан замын их засварт нэг их наяд төгрөг хэрэгтэй байгаа. Гэтэл энэ жилийн төсөвт тусгаагүй учраас Дэлхийн банкны 100 сая ам.доллараар зам засна. Нийт 236 км замын их засварыг хийнэ. Нэгж өртөг нь 293 мянган ам.доллар буюу нийт 69 сая ам.долларыг зарцуулна. Авто замын ээлжит засвар буюу 5-10 жилийн насжилттай 125 км замыг засна. Нэг км замын өртөгт 110 мянган ам.доллар буюу 13 сая ам.доллар. Нийт 1200 метр гүүрийн нэг метрийн өртөг нь 7400 ам.доллар буюу 9 сая ам.доллар. Орон нутгийн замаас Архангай аймгийн Булган сум, Өвөрхангай аймгийн Хужирт суманд 11 сая ам.долларыг хуваарилж байгаа.

Засгийн газраас 21 аймгаа мянганы замаар холбож дууссан. Цаашдаа Монгол Улсыг Ази, Европ, ОХУ, БНХАУ-ыг холбосон таван босоо замтай болно. Бид 70 жилийн хугацаанд Алтанбулаг-Улаанбаатар- Замын-Үүд гэсэн замтай байсан бол өнгөрсөн жил Цагааннуур-Ховд-Булган гэсэн босоо замаа нээсэн. Цаашдаа Завхан-Говь-Алтай-ОХУ-Хятадтай, Дорнод-Сүхбаатар-ОХУ-БНХАУ, Булган-Өвөрхангай-Өмнөговь-ОХУ-БНХАУ холбох авто замыг байгуулна. Мөн Дорнодын Халх гол сумаас Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумыг холбосон, Хэнтийн Дадал сумаас Ховдын Булган сумд аймгуудыг холбосон хэвтээ замыг барина. 

10 : 40
2023-12-14

"Хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг компаниудад 700 тэрбум төгрөгийн зээл олгосон"

Үг хэлэх саналтай УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Д.Өнөрболор, Ш.Адъшаа, С.Ганбаатар нар байна. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-Нохойн дуу ойртсон үед олон юм ярих сонирхол алга. УИХ, Засгийн газар сонгууль ойртсон энэ үед хийх ёстой юм байсан бол хийсэн байх ёстой. Хийж чадаагүй бол чадаагүй. Гоё үр дүн гаргах гээд. Иргэд дүнгээ тавих гээд хүлээж байгаа. Төрийн ордны хаалганаас 50 метрийн цаана тэнд зургаан сар болж байгаа эмэгтэйтэй би уулзлаа. Баахан самбар тавьчихсан Сүхбаатар аймгийн иргэн н.Энхцэцэг гэж хүн юм байна.

Би төрийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон. Машин дотор миний охин байгаа. Машиндаа амьдарч байна гэсэн.

Чуулганы эхэнд энийг хэлж, яам, Тамгын газраас нь уулзаад өгөөч гэдгийг хэлж өгөөч гэсэн. УИХ-ын дарга аа, үүрэг даалгавар болговол. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг өлсгөлөн зарлаад эхэллээ. Сэтгүүлч, сайд хоёр хоорондоо үзэлцэнэ гэж байхгүй. Сэтгүүлчийн асуудлаар сонсгол хийхгүй бол нийгэм хоёр хуваагдаад байна.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-УИХ-аас нэг зөв зүйтэй тогтоол батлан гаргасан. Энэ бол Хүнсний хангамж, аюулгүй байдлын тухай 36 дугаар тогтоол. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, хийж чадах зүйлээ дотоодоос хангах тогтоолыг баталсан. Өнөөдрийн байдлаар хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг компаниудад 700 тэрбум төгрөгийн 5-6 хувийн хүүтэй зээл олгоод байна. Зөвхөн зээл олгоод энэ асуудлыг шийдэхгүй. Бараа бүтээгдэхүүнээ борлуулахад төрийн хамгаалалт хэрэгтэй байна.

Гадаадаас нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн орж ирж цохилтод оруулж байна.

Үүнийг анхаараач ээ гэж байна. Тиймээс Засгийн газраар хэлэлцэж, УИХ-руу Импортын татварын асуудлыг оруулна. Гэхдээ гэнэт бүх барааны үнэ нөлөөлөхөөр импортын татварыг огцом тавихгүй. Жил жилдээ тав, таван хувийг татварыг нэмнэ. 2026 он гэхэд 26 хувьд хүргэнэ. Цагаан будаа, ургамлын тос, элсэн чихэр гээд үйлдвэрлэж чадахгүй бараандаа татвар тавиад яах юм бэ. Төрийн шийдвэрийн үр дүнд хүнсний ногооныхоо 85 хувийг бүрэн хангаж байна. Тиймээс үечилсэн татвар тавина. 

Би бас хэлмэгдэж хохирсон юм байх гээд Төрийн ордны гадна сууж байгаа эмэгтэйтэй 5-6 удаа уулзсан. Тэр эмэгтэй мах экспортоор гаргаж гэж байгаад хохирсон гэдэг ч хохирлын хэмжээгээ хэлдэггүй. Ажлын хэсэг гарч ажиллахад өөрийн гэсэн үйлдвэр, агуулах, мах байхгүй байсан. Тэр эмэгтэйн 15 континер махыг нь өмнөх салбарын сайд нь гаргаж өгч байсан юм билээ. Тэгээд гомдолтой бол шүүхэд ханд, тэнд хандахгүйгээр 10 тэрбум төгрөг нэхэмжлэх боломжгүй гэхээр огт ханддаггүй. Учир битүүлэг шаардлага тавиад зогсоод байдаг. Хохироосон асуудал байхгүй юм билээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Иргэн н.Энхцэцэгтэй холбоотой асуудалд хариулт өглөө. Өмнө нь Эмээлтийн махны үйлдвэрүүдэд тусгай зөвшөөрөлгүй мах нийлүүлж байгаад мэргэжлийн хяналтын байгууллагаас хууль зөрчсөн үйлдэл гэж үзсэн юм билээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар уулзаж, асуудлыг нь шийд. Х.Болорчулуун сайд хэд хэдэн удаа уулзсан юм байна. УИХ-ын эмэгтэй гишүүд бас уулзаж байсан.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

-Сүүлийн өдрүүдэд шатахуун түлшний хомсдол, тог цахилгааны асуудал үүсч байна. Энэ бүхэн өнөөдөр бус сүүлийн 20, 30 жил яригдсан асуудал. Бид эрчим хүчний нөөц, аюулгүй байдал, хараат бус байдал дээр хувьсгалын шинжтэй шинэчлэл хийх шаардлагатай байна. Бид тооцоо судалгаатай шилжих хэрэгтэй байна. Эрсдэлийг бууруулах менежмент, төлөвлөгөөтэй улс болмоор байна. Хүйтний улиралд шатахуун, цахилгаан тасарвал яана аа. Олон улсын ачаа тээвэр, хил гааль, ард иргэдийн амь насны эрсдэл тулгарна. Эрчим хүчнийхээ 22 хувийг импортоор авдаг. Цэргийн ажиллагаатай байгаа улсаас шатахуун авч байгаад хязгаарлавал яах вэ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Засгийн газрын сайд нар гал унтраах байдлаар ажилладгаа болих хэрэгтэй. Тавдугаар цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станц яасан бэ Б.Чойжилсүрэн сайд аа. Өнгөрсөн 20 жил ярьж байна. Эрчим хүчний асуудал өнөө маргаашгүй юм ярьж байдаг. Эрсдэлийг бууруулах менежменттэй байх нь чухал. Цаад газраас шатахууныг чөлөөтэй нийлүүлж байгаа. Гол нь тээвэр ложистикийн саатал, дайн байлдааны нөхцөл, дотооддоо зохиомол хомсдол үүсгэж байна. Гадаадын зарим компаниуд асар ихээр дизель түлш нөөцөлж, зохиомол хомсдол үүсгэж байгаа гэх мэдээлэл бий.

Хүмүүсийг цочирдуулж, бүх приус машин банкаа дүүргэхэд 10 сая литр шатахуун шууд дутагдана. Ийм эрсдлийн төлөвлөгөө байхгүй.

Шатахууны нөөцтэй болох хэрэгтэй. Аль дээр НИК-ийн нөөцийн савыг төмрийн хогонд гадаадад зарчихсан. Улсын стратегийн нөөцтэй байх хэрэгтэй. Энийг Засгийн газар, Монголбанкнаас ярьж санхүүжүүлэх хэрэгтэй. Баруун, зүүн бүсэд шатахууны нөөцтэй байсан. Үнэ тогтворжуулах тухай хуулийг баталж өгсөн. Газрын тосны үйлдвэр яасан. Үл үзэгдэгч хүчийг хэн гэдгийг нь мэдэж байгаа шүү дээ. Шийдвэртэй арга хэмжээг авч ажиллах хэрэгтэй. 

10 : 33
2023-12-14

Чуулганы хуралдаан эхэллээ

 ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2023.12.14,15/

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

·      Монгол Улс, Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон  Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын  “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

·      Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцид 2016,2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

·      Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.06.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын 10 гишүүн 2022.03.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2023-12-14 66.181.186.95

Багшийн хөгжлийн ордон л гэнэ сувилагчийн ордон л гэнэ тэгээд багш сувилагч нь хөгждөггүй ээ энэ боловсрол эрүүл мэнд материаллаг гэхээсээ оюуны хоосрол нь гамшиг болчоод байна шүү тэрнээс идэх уух нь багадаагүй гол нь агуулга мөн чанар нь ядууралд орсон боловсролын яамны боловсролгүй сайд үе үе попорч салбараа муулж үзэн ядсан нөхөр гялааж гялтаах юмгүй сайхан алтан цаг хугацааг үрэн таран хийлээ

Avatar

Зочин 2023-12-14 66.181.168.8

Энэ 13 тэрбумаар эмнэлэг сургууль барьж өгсөн нь дээр байх оо. Эрүүл мэндэд ингэж их анхаардаг болсон юм уу? Тийм бол энэ утаагаа багасгах хэрэгтэй шүү эрхэм гишүүдээ.

Avatar

Зочин 2023-12-14 202.126.89.160

Хорт хавдаргүй эрүүл байхад төмөр битаан шанага Монголын айл болгонд ус агаар шиг хэрэгтэй байгаа. Ганбат гишүүнээс битаан шанага аваад эрүүл байгаадаа баярлаж байгаа. таныг долоон үеэрээ дурсах болно.

Avatar

Munkhjargal 2023-12-14 95.90.244.202

Сувилахуй ухааны төвийг нээнэ гэдэг зөв,сувилагч нар өөрсдөө 15 хүний ортой,орон сууцыг түрээсэлчилхсэн бүх сэрвийсэн өөрсдөө чадаж байвал,хийгээд гэхдээ яаг л хүнээ бодож,өөрсдөө ч ашигтай,нийгэмдээ ч тусдаа ажилладаг ш дээ!!!!Гадны компанид бүх боломжоо алдаад суув даа!!!!! Старт уп хийх боломжийг сувилагч нартаа туршлагажуулах сургалтыг хийсний дараа өгөн нъ зөв,

Avatar

Нэргүй 2023-12-14 103.212.117.194

Гадаадын компаниудыг үзэн ядах турхиралт уу??

Avatar

Нэргүй 2023-12-14 188.162.254.71

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-12-14 202.9.47.29

Өмнөговиос зөөх нүүрсээ нөгөө алдарт ТТ- Зүүнбаянгийн замаараа авчираачээ.

Avatar

Нэргүй 2023-12-14 202.131.233.11

1 мөсөн даацын зам тавиач дахин дахин засч мөнгө идэхгээл хогнууд

Avatar

хүннү 2023-12-14 202.179.24.113

Гадаадын ямар компани асар их хэмжээний түлш нөөцөлж монгол улсыг хот хөдөөгүй хорлов? Тагнуулын байгууллага үүнийг мэдсэн юм уу? Тэдний, монгол улсыг “0” зогсолт хийтэл нь түлш нөөцөлсөн сав агуулах нь хаана байна? Та нөхөд баттай зүйл ярьж байгаа биз!!! Үнэхээр тийм бол нөгөө ҮАБЗөвлөл ямар арга хэмжээ авах вэ? Яагаад гэхээр Монгол улсын үндэсний аюулгүй байдалд бодитой занал хийсэн байна. Мартсанаа мал мэндүү гэдэг шиг Хүрэлсүх байгаа юу? эхнэртэйгээ гадаадад айлчилж яваа юу?

Avatar

Зочин 2023-12-14 64.119.29.46

Энэ зарим сайд нар үнэхээр болохгүй муу ажиллаж бна шүүидээ хариуцлагагүй мэдэгдэл хийгээд буруу яриад ард түмнийг сандаргаж бна хариуцлага тооцоод явах хэрэгтэй дээ

Avatar

Нэргүй 2023-12-14 66.181.188.13

Өнөрболороо чи Оросын түрэмгийлэгчдийн өдүүлсэн дайныг "цэргийн ажиллагаа" гэж цэвэрхэн цайруулан нэрлэж яаж чадаж байнаа, үүний чинь төлөө чамайг ГИШҮҮН г***й гнж нэрлэе, өршөөгөөрэй !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж