-"АНУ-д нэг удаа" аян замын тэмдэглэл –
Христофер Колумб Америк тивийг нээсэн цаг үеэс өнөөгийн америк, канадчуудын өвөг дээдэс шинэ боломж, сайхан амьдралыг мөрөөдөн шинэ ертөнц рүү зүглэсэн билээ. Тэрхүү нүүдэл одоо ч үргэлжилсээр АНУ-ыг бид эрх чөлөө, мөрөөдлийн орон гэх болжээ. “Бурханд бид итгэдэг” гэж “ногоон” дээрээ бичсэн тэд эрх чөлөө, аж үйлдвэрлэл хоёр хөгжил дэвшил, сайхан ирээдүй авчирна гэдэг үзэлд суралцсан гэхэд хилсдэхгүй.
Гэрэл тодрохын хэрээр сүүдэр ч томорно гэдгийн адилаар хөгжил дэвшил хурдасч, хүмүүний аж амьдрал сайжрахын хэрээр анхны үзэл санаанд ан цав үүсч, тэр нь нийгэмдээ сөрөг зүйлсийг бий болдог гэдгийг Америкаас харав. Өндөр хөгжил, сайхан нийгэм гэдгийг зөвхөн дэд бүтэц, нийтийн тээвэр, барилга байгууламжаар дүгнэж болдоггүй бололтой. Иргэдийнх нь аж амьдрал, сэтгэл хангалуун байдал чухал аж.
Монголд хэзээ ч сууж үзээгүй тохилог автобус дотор Монголд хэзээ ч харахааргүй хүнтэй таарлаа. Үл тогтох харц, өнгө алагласан эрээн цоохор шүд, ширэлдсэн ч өөрт нь зохисон мэт хааш, яаш үс, шарх сорви, шивээс хоёр нь ялгагдахаа больсон, бие хаа гээд л нэг л этгээд бүсгүй автобусанд суужээ. Тэр ганцаараа биш. Түүнтэй ижил нэгэн автобусны хамгийн арын суудал дээр ганцаараа дуулна. Хоёр өөр газар суусан хэр нь нэг л хүн шиг харагдах нь нэн хачин. Анх удаагаа ийм зүйлтэй учирч байгаа бичигч эхлээд жийрхэж, айсан ч автобусанд байх бусад хүмүүсийг хараад тайвшрах шиг. Эрх чөлөө гэж үүнийг л хэлдэг байх нь ээ гэж дотроо бодлоо. Чиний хэн байх, юу өмсөж, юу хийж байгаа хэнд ч хамаагүй. Автобусанд байсан надаас бусад хүмүүс тэдэнд анхаарал хандуулах ч үгүй байв. Удалгүй өнөөх бүсгүй автобусны буудал дээр буумагцаа цүнхнээсээ сайтар гэгч нь гараараа ороосон "шүүлтүүргүй" янжуур зуун тамхиллаа. Одоо үед, тэгээд АНУ-д дүнсэн тамхи баагиулах орчин үеийн хүн байдаг аа…
Калифорни мужид монголчуудын хэлдгээр сэтгэцэд нөлөөлдөг өвс гэгчийг хуулиар зарж борлуулахыг зөвшөөрдөг бөгөөд эмчилгээ, хэрэглээ гээд төрөл бүрээр л хэрэглэдэг гэнэ. Монголд тамхи татаж болохгүй гэж цэг байдаг бол Америкт өвс татаж болдоггүй цэгүүд бий.
Цар тахлын үеэр Калифорни мужид орон гэргүйчүүдийн тоо 21 мянгаар өссөн гэнэ.
Орон гэргүй, орлогогүй хүмүүс нэмэгдэхийн хэрээр гэмт хэргийн гаралт ч дагаад өсөв. Ялангуяа сүүлийн үед тус мужид автомашины хулгай дээрэм ихэсчээ. Гэмт этгээдүүд машин түрээсийн үйлчилгээг ашиглан, хотын гудамж, талбайгаар явахдаа эзэнгүй автомашинуудыг цонхыг хагалж, дээрэм хийдэг аж. Дөрвөн сая хүн амтай Лос Анжелес хотын нэг мянган хүн тутамд дөрвөн машины хулгай, нэг сая хүн амтай Сан Франциско хотын нэг мянган хүн тутамд таван машины хулгай, 400 мянган хүн амтай Оакланд хотын нэг мянган хүн тутамд 12 машины хулгай гардаг ажээ.
Хөдөлмөрлөж, зориглож чадсан хүн бүр хүссэндээ хүрэх боломжтой. Гэхдээ зорилгодоо хүрэхэд хугацаа их орно. Өдөрт 16-18 цаг ажилдаг хүмүүстэй ч таарлаа. Цагийн 10.0 ам.долларын төлөө гэртээ ч харилгүй дараагийн ажлаа эхлэхийг хүлээгээд автомашины зогсоол дээр хүртэл унтдаг хүмүүс байх. Хөдлөхгүй л бол татвар, татаас ихтэй газар сайхан амьдрахад хэцүү гэдгийг ойлгосон тэдэнд өвдөх ч эрх байхгүй. Хотын, мужийн, орлогын гээд төрөл бүрийн татвар олсон хэдээс нь хасагдана. Дээрээс нь даатгалын төлбөр бий. "Advil" гэх өвчин намдаах эмийг хайрцаг хайрцгаар нь цүнхэлж, түргэн дуудаж, эмнэлэгт очихоос үхтлээ айна. "9-1-1" дуудвал олсон хэдэн ногооноо бүгдийг нь тавиад туучих учир өвчин намдаагчийн хүчинд өдий зэрэгтэй явна гэж хэлэх хүнтэй ч таарлаа. Монголд бараг л үнэ төлбөргүй шахуу эмнэлэгт үзүүлж, түргэн дууддаг өөртөө баярлах шиг.
Америкт хөдөлмөрлөсөн хүн илүү их татварын дарамтанд ордог гэлтэй болжээ. Цагийн ажлын үнэлэмж өндөр, цалин сайтай мужид ажиллаж, амьдрах нь сайхан ч мужийн харилцан адилгүй татваруудад бас нугаслуулна. Үүнээс улбаалан том хотод цалин сайтай ч өндөр татвар төлөх үү эсвэл татвар багатай мужийн жижиг хотод амар тайван цалин багатай амьдрах уу гэдэг сонголт тулгардаг. ТүМаркс, Энгельс нарын "Коммунист намын тунхаг" бүтээлдээ аж үйлдвэржсэн капиталист улсуудад капитализмыг устгахын тулд зайлшгүй хэрэгжүүлэх ёстой 10 арга хэмжээний зааварчилгаа бий. Үүний дотор прогрессив буюу шаталсан татвар ноогдуулах гэх арга хэмжээ бий. Чинээлэг ангийнхны орлого, баялгийг чөлөөтэй тоншиж болно гэх нь прогрессив татварын системийн суурь болсон философи юм шиг. Орлого тань нэмэгдэх тусам татварын хэмжээ нь ихэсч эхэлнэ. Тиймээс татвараас зугтаах арга замыг эрэлхийлж, эцэст нь буруудаж торгуульд унах, шоронд суух зэрэг асуудлууд түгээмэл гардаг ажээ. Нэг хэсэг нь "Америк мөрөөдөл"-ийнхөө төлөө өдөр, шөнөгүй зүтгэж, нэг хэсэг нь халамжийн бодлогоо шагшин магтаж, өмсөх хувцас, идэх хоолоо бэлдүүлж байгаа нь Монголтой төстэй санагдав. Сайн цагт сул дорой, тэмцэх чадваргүй хүмүүс бий болдог гэж үнэний ортой гэлтэй.
Бидний телевиз, киноноос л харж, төсөөлж байсан Америк миний нүдээр тэс өөр газар болж хувирлаа. Автобусны буудал, томоохон барилгын булан тохойд орон гэргүй хүмүүс майхнаа барьж, хэдийнэ төвхнөжээ. Лос Анжелесын төвд өндөр шилэн барилгуудтай хаяа залгаа "Skid Row" гэж орон гэргүй хүмүүсийн эзэнт гүрэн оршино. Энгийн хүн бүү хэл цагдаа нар ч тийшээ зүглэхийг хүсэхгүй. Ойролцоогоор 9200-15000 гаруй орон гэргүй хүмүүс тус дүүрэгт амьдардаг аж.
Америкт өндөг, сүү шиг өргөн хүрээнд зарагддаг зүйл бол галт зэвсэг болон түүний сум, хэрэглэл. Үүнийгээ дагаад ч энэ төрлийн гэмт хэрэг түгээмэл гардаг. Зарим мужид галт зэвсэг биедээ авч явахыг зөвшөөрдөг бол Калифорни, Флорида, Иллинойс зэрэг мужуудад зөвшөөрдөггүй аж.
Хэдий галт зэвсэг биедээ авч явах нь Калифорнид хууль бус ч ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиараа зөвшөөрсөн.
Галт зэвсэг түгээмэл байх шалтгаан нь америкчууд өмчдөө, аминдаа харам хүмүүс. Шинэ тивд хөл тавьсан тэдний өвөг дээдэс үржил шимтэй газар нутгийнхаа төлөө хэрхэн тэмцэлдэж, түүнийгээ яаж хамгаалж байгаа талаар Холливудын кинонууд дээр хангалттай л харуулдаг. Английн философич Жон Локкийн үзсэнээр хүн өмч хөрөнгөө аюулгүй эдэлж, аюулгүй байдлыг нь хангах, амар тайван амьдрахын тулд нийгэмд нэгдэж, нийгмийн гэрээ байгуулах хэрэгтэй гэжээ. Нийгмийн гэрээний үр дүнд засгийн газар, эрх баригчид бий болдог. Тэрээр өмч эзэмших нь жам ёсны эрх гэж үзсэн бөгөөд дэлхийн хүн бүрт хүрэх хангалттай газар энэ гариг дээр бий гэж бодсон аж. Тиймээс Англи, Европд газартай болж чадаагүй хүмүүсийг Америк руу явж, газартай бол гэж зөвлөжээ. Түүний хувьд уугуул америкчууд газар нутагтаа газар тариалан эрхлээгүй, хов хоосон элсэн цөл болгосон хүмүүс тул Европоос очсон хүмүүс газрыг нь эзэмших нь зүй ёсны хэрэг гэж үзжээ.
Америкийн тусгаар тогтнолын тунхаглалыг зохиогч Томас Жефферсонд Локкийн эрх чөлөө, засаглал, байгалийн эрхийн тухай философи ихээхэн нөлөөлсөн гэдэг.
Америкчууд газар, үл хөдлөх хөрөнгө, өмч гэдэг ойлголтод өндөр ач холбогдол өгдөг. Мөн засгийн газар, төр барьж буй мэдэлтнүүдийг өмчид нь халдах эрхгүй гэж ч үздэг. Тиймээс галт зэвсгийг өмчөө, амь насаа хамгаалахын тулд худалдан авах нь элбэг. Америкийн Нэгдсэн Улс гэдэг нэрэндээ ч их дуртай. Тэд нэгдэж, энэ улсыг бүтээсэн…
Холбоотой мэдээ