Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон зургаан аймгийн цахилгааныг зайлшгүй шаардлагатай тохиолдолд хязгаарлахаас өөр аргагүйд хүрснийг Эрчим хүчний яам өчигдөр /2023.12.13/ мэдээлсэн. Эрчим хүчний яамны мэдэгдлийн дараахан Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов мэдэгдэл хийж “ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг ойрын үед хязгаарлахгүй болсон” гэлээ.
ОХУ эрчим хүчний дутагдалд орсон тохиолдолд нэг өдрийн өмнө мэдэгдэх гэрээний заалттай. Өөрөөр хэлбэл, Оросын талаас цахилгаан нийлүүлэх цагийн хязгаараа урьдчилан мэдэгдэх зохицуулалттайгаар сүүлийн 10-аад жил Монгол Улс цахилгаан импортолж байна.
Оросын талаас нэр бүхий хоёр цахилгаан станцад гэмтэл гарсан гэх мэдээллийг өгчээ. Иймд Монгол Улсад нийлүүлдэг цахилгаан эрчим хүчний дээд хэмжээг Пүрэв гаригаас эхлэн 150 МВт-аар хязгаарлах болсон гэж амаар болон бичгээр мэдэгдсэн байна. Өмнө нь дээд хэмжээ нь 345 МВт хүртэл байжээ.
Гэтэл ердөө сарын өмнө буюу арваннэгдүгээр сарын 16-нд ОХУ-аас Монголд нийлүүлэх цахилгаан эрчим хүчний экспортын хүчин чадлыг 100 МВт-аар нэмэгдүүлнэ гэж Тасс агентлаг мэдээлж байв. Тус улсын Шадар сайд сайд Виктория Абрамченко Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дараа сэтгүүлчдэд ийн мэдээлсэн.
Түүнчлэн ОХУ-аас Монгол, Хятад руу нийлүүлэх цахилгаан эрчим хүчний экспорт жил бүр 19-20 хувиар өсөж, 5.2 тэрбум кВт.цаг болно гэж тус улсын Эрчим хүчний сайд Николай Шульгинов мэдэгджээ.
ОХУ 2021 онд 1.31 тэрбум ам.долларын цахилгаан эрчим хүчийг гадаадын орнуудад экспортолсноор дэлхийн 17 дахь том экспортлогч болсон. Мөн оны Оросын экспортын нийт бүтээгдэхүүнийг мөнгөн дүнгээр нь жагсаахад 37 дугаарт цахилгаан эрчим хүч оржээ. Оросын цахилгаан эрчим хүчний хамгийн том импортлогч нь Финланд юм. Түүний араас Хятад, Латви, Литва, Казахстан улсууд оржээ.
Харин Хятад, Монгол руу нийлүүлэх цахилгаан эрчим хүчний эксортын тухайд энэ жил 2022 оны түвшингээ хадгалах эсвэл бага зэрэг өснө гэж найдаж буйгаа Эрчим хүчний дэд сайд Павел Сниккарс гуравдугаар сард мэдэгдсэн юм. Төлөвлөгөө ёсоор бол 2029 он хүртэл Оросоос Монгол руу жил бүр 700 сая кВт.ц эрчим хүч нийлүүлэх учиртай аж.
ОРОСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨДӨЛГӨГЧ ХҮЧ
Орос бол Хятад, АНУ, Энэтхэгийн дараа орох дэлхийн дөрөв дэх том цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгч юм. 2020 онд Орос улс 1085 ТВт/цаг эрчим хүч үйлдвэрлэж, 20 ТВт/цаг цахилгаан эрчим хүч экспортолжээ. ОХУ-ын цахилгаан эрчим хүчний 60 орчим хувийг чулуужсан түлш, 20 хувийг усан цахилгаан станц, 20 хувийг цөмийн реакторууд үйлдвэрлэдэг. Эрчим хүч нь Оросын эдийн засагт гол үүрэг гүйцэтгэдэг. Яагаад гэвэл энэ нь аж үйлдвэр, хөдөө аж ахуй, худалдаа, засгийн газар гээд системийн бусад бүх элементийг удирддаг аж. Эрчим хүч, тэр дундаа газрын тос, байгалийн хий нь Оросын эдийн засгийн хамгийн чухал экспорт, валютын эх үүсвэр.
Энд онцлууштай нь, Орос өөрөө ч бас эрчим хүчний хамгийн их хамааралтай орнуудын нэг. ОХУ-ын эрчим хүчний хэт их хэрэглээ нь ЗХУ-ын тогтолцооноос үүдэлтэй. ЗХУ-ын үед эрчим хүчний үнийг дэлхийн зах зээлийн үнээс хавьгүй доогуур зохиомлоор үнэлж, улмаар татаас өгдөг байв. Мөн үед үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхийн тулд нөөцийн ашиглалтыг үл тоомсорлож, хэмнэлтийн арга хэмжээ авахаас татгалзсан. 1980-аад он хүртэл ЗХУ-д байгалийн баялаг арвин байсан тул энэ бодлого нь харьцангуй удаан оршин тогтножээ.
Гэвч ЗХУ-ын сүүлийн хэдэн арван жилд буюу шилжилтийн үед асуудал хурцдаж эхэлсэн. 1991 оноос хойш бүх төрлийн түлш, эрчим хүчний үйлдвэрлэл буурсан нь эдийн засгийн ерөнхий хямралын үед эрчим хүчний эрэлт хэрэгцээ огцом буурсантай холбоотой. 1980-аад онд байгалийн хийн томоохон ордуудыг ашигласнаар эрчим хүч, түлшний үйлдвэрлэлийн бүтэц эрс өөрчлөгдөж эхэлсэн. 1990-ээд оны дундуур байгалийн хий нь Оросын эрчим хүчний хэрэглээний талаас илүү хувийг эзэлж байв. Энэ хувь ойрын хэдэн 10 жилд улам л нэмэгдэх төлөвтэй байна.
Экспорт, ялангуяа байгалийн хий, газрын тос нь Оросын эрчим хүчний үйлдвэрлэлийн 30 хувийг эзэлж байна. Тэгвэл энэ хувь хэмжээ хэсэгтээ тогтвортой байх төлөвтэй байна.
Оросын цахилгаан эрчим хүчний нэгдсэн систем нь 72 бүс нутгийн цахилгаан түгээх компаниар дамжуулан тус улсын цахилгаан станцуудыг ажиллуулдаг. Эрчим хүчний систем нь дулаан үйлдвэрлэх 600 систем, 100 гаруй усан цахилгаан станц, есөн атомын станцаас бүрдэнэ.
Хамгийн том усан цахилгаан станцууд нь Волга, Кама, Обь, Енисей, Ангара голууд дээр байрладаг. Дулааны болон усан цахилгаан станцууд нь түлш, усны нөөцийн улмаас Сибирьт байрладаг.
Оросын цахилгаан эрчим хүчний хэрэглээг дараах байдлаар ангилдаг. Аж үйлдвэрт 61 хувь, орон сууцанд 11 хувь, үйлчилгээний салбарт 11 хувь, тээвэрлэлтэд есөн хувь, хөдөө аж ахуйд найман хувийг тус тус цахилгаан эрчим хүчийг хэрэглэж байна.
Холбоотой мэдээ