Монголын чөлөөт бөхийн холбоо

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

Монголын чөлөөт бөхийн холбоо

1961 онд Монголын бөхийн холбоог үүсгэн байгуулж байсан бол 1966 онд Монголын чөлөөт бөхийн холбоо биеэ даасан спортын холбоо болон үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Холбооны анхны ерөнхийлөгчөөр генерал Б.Жамъян ажиллаж байжээ. Түүнчлэн Даваасамбуу, Бямбажав, Гүррагчаа, С.Батболд, Т.Бадамжунай, Ч.Ганзориг нарын хүмүүс тус холбоог өнгөрсөн хугацаанд удирдаж байсан бөгөөд 2009 оны 03-р сарын 13-наас эхлэн “Гацуурт” ХХК-ны захирал, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Л.Чинбат тус холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч: Л.Чинбат
МЧБХолбооны ерөнхий нарийн бичгийн дарга: Г.Бат-Эрдэнэ
Хүндэт ерөнхийлөгч: Д.Дагвадорж
Тэргүүн дэд ерөнхийлөгч: Д.Сумьяабазар
Тэргүүн дэд ерөнхийлөгч: Б.Болд
Тэргүүн дэд ерөнхийлөгч: Х.Бат-Эрдэнэ
Тэргүүн дэд ерөнхийлөгч: Д.Болдбаатар

Чөлөөт бөхийн спортын үүсэл, хөгжлийн тухай товчоон:

  • 1958 онд ЗХУ-ын Днепропетровск хотын төмөр замын дээд сургууль төгч ирсэн инженер Дамбын Дамдинсүрэн 1960 оны сүүлчээр төмөр замын техникумын сурагчид голлосон 16 хүний бүрэлдэхүүнтэй чөлөөт бөхийн секцийг Төмөр замчдын соёлын ордны спортын тэнхимд ажиллуулж эхэлснээр Монголын чөлөөт бөхийн түүх эхэлсэн юм.
  • 1961 оны намар энэ секцэнд хичээллэж байсан хэсэг бөхчүүдийг Болгар улсад бөхийн хамтарсан бэлтгэлд явуулав. Тухайн үед дасгалжуулагч Ц.Дамдин, тамирчин Б.Сүхбаатар, О.Цэрэндагва, Ж.Мөнхбат, Ч.Бээжин, С.Цэрэн, Ө.Эрдэнэ-Очир, Ц.Санжаа нар энэхүү сургалт, бэлтгэлд хамрагдаж, чөлөөт бөхийн анхны цагаан толгойг заалгасан түүхтэй.
  • 1961 оны 5-р сард МБТСЭ-ийн Төв Зөвлөлийн тогтоолоор чөлөөт бөхийн улсын шигшээ багийг байгуулах шийдвэр гарч, шигшээ багийн ахлагч дасгалжуулагчаар Ц.Дамдинг томилон, 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр 1, 2-р шигшээ багийг байгуулсан юм.
  • 1962 оны МБАТ-ий 2-р спартакиадын хөтөлбөрт бөхийн чөлөөт барилдааны төрлийг анх оруулснаар улсын аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг болов.
  • 1962 оны 4-р сард Улаанбаатар хотноо Казахстан ССР-БНМАУ-ын анхны нөхөрсөг уулзалт тэмцээн зохиогдсноор бөх сонирхогчдын дунд чөлөөт бөхийн барилдаантай танилцах өргөн боломж нээгдсэн юм.
  • 1963 онд Будапешт хотноо болсон ах дүү найрамдалт армиудын олон улсын тэмцээнээс С.Цэрэн, Ц.Санжаа нар хүрэл медаль хүртсэн нь Монголын чөлөөт бөхийн түүхэн дэх анхны олон улсын тэмцээний медаль байлаа.
  • 1963 онд бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах 7-р тэмцээн Болгарын Софи хотноо болсон ба тус тэмцээнд оролцсон Монголын шигшээ багийн дасгалжуулагчаар О.Цэрэндагва ажилласан бол тамирчдын бүрэлдэхүүнд Д.Хашбат, Д.Лодой, Б.Сүхбаатар, Б.Санжаа, Д.Сэрээтэр, Д.Ишням, Ж.Мөнхбат, С.Цэрэн, Ө.Эрдэнэ-Очир, Ц.Санжаа нар багтаж байв. Тус тэмцээнд эмчээр Н.Тарваа нар багтсан юм. Энэ тэмцээнд Ц.Санжаа жиндээ 8-р байр эзэлж байв.
  • Манай бөхчүүд 1963 онд БНБАУ-ын Софи хотноо зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах 7-р тэмцээнд анх удаа оролцов. Багийн дасгалжуулагчаар О.Цэрэндагва ажилласан бол тамирчнаар Д.Хашбат, Д.Лодой, Б.Сүхбаатар, Б.Санжаа, Д.Сэрээтэр, Д.Ишням, Ш.Мөнхбат, С.Цэрэн, Ө.Эрдэнэ-Очир, Ц.Санжаа, эмчээр Н.Төрваа, багийн ахлагчаар С.Шархүү нар оролцож, дэлхийн аваргын анхны салхийг хагалсан юм. Энэ цаг үеэс хойш Монгол чөлөөт бөхийн тамирчид 2010 он хүртэлх хугацаанд 33 удаагийн ДАШТ-д оролцоод байна. /1982 онд оролцоогүй/
  • 1964 оны Токиогийн зуны Олимпийн наадамд О.Цэрэндаваа дасгалжуулагчтай Ч.Дамдиншарав, Б.Сүхбаатар, Б.Санжаа, Д.Сэрээтэр, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Ө.Эрдэнэ-Очир, Ч.Санжаа нарын тамирчид оролцов. Монголын тамирчдын оролцсон анхны олимп Токиогийн олимп билээ.
  • 1973 онд Улаанбаатар хотноо зохиогдсон бөхийн чөлөөт болон сонгомол барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон О.Энхтайван, Д.Ганбат, М.Хойлогдорж, З.Ойдов, Ч.Нацагдорж, М.Бат-Амгалан, Т.Артаг, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Адъяатөмөр нар чөлөөт бөхийн төрөлд, Дүгэрсүрэн, Ж.Мөнх-Очир, А.Басхүү, Т.Батчулуун, П.Даваасүрэн, Х.Баянмөнх, Ө.Эрдэнэ-Очир нар сонгомол барилдааны төрөлд тэргүүлж, аварга болов.  
  • 1974 онд Ираны Тегераны Тегеран хотноо болсон Азийн 7-р наадамд оролцсон манай тамирчид 2 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн түүхтэй.

 

Амжилтын товчоон:

  • 1967 он Энэтхэг улсад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбат анхны хүрэл мадалийг эх орондоо авчирч байсан бол 1971 онд болсон тэмцээнээс Б.Жамсран Х.Баянмөнх нар анхны мөнгөн медалийг хүртэж, улмаар 1974, 1975  онд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын Хөдөлмөрийн баатар З.Ойдов аваргын алтан медальтай эх орондоо ирж байсан юм.
  • Дэлхийн цомын анхны алтан медалийг Г.Хишигбаатар 1975 онд хүртэж, Монголын тамирчид багаараа тус тэмцээнд 2-р байр эзэлсэн юм.
  • 1964 оны Токиогийн зуны 18-р олимпийн наадамд О.Цэрэндагва /дасгалжуулагч/, Ч.Дамдиншарав, Б.Сүхбаатар, Б.Санжаа, Д.Сэрээтэр, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Ө.Эрдэнэ-Очир, Ц.Санжаа нар анх удаа оролцож, Ж.Мөнхбат 7-р байранд шалгарав.
  • 1968 оны Мексикийн зуны 19-р олимпийн наадамд оролцсон манай тамирчдаас Ж.Мөнхбат мөнгөн медаль хүртэж, Ч.Дамдиншарав, Т.Артаг, Д.Сэрээтэр нар хүрэл медалийн эзэн болсноор Монголын чөлөөт бөхийн тамирчид Монгол Улсын олимпийн медальтнуудын анхдагч болж, Монголын тамирчдын оролцсон хоёр дахь олимпийн наадмаас зөвхөн чөлөөт бөхийн төрөлд дөрвөн медальтай ирж, эх орон, ард түмнээ баярлуулж байсан юм.
  • Улмаар Монголын шигшээ багийн тамирчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх 1972 оны Мюнхений олимпийн наадмаас мөнгө, З.Ойдов 1976 оны Монреалын олимпийн наадмаас мөнгө, Ж.Даваажав /мөнгө/, Д.Оюунболд /хүрэл/ нар 1980 оны Москвагийн олимпийн наадмаас мөнгө, хүрэл медаль хүртсэнээр Монголын тамирчид олимпийн наадамд анх удаа оролцож эхэлсэн 1964 оноос хойшхи хугацаанд манай чөлөөт бөхийн тамирчид олимпийн наадмаас найман медаль /4 мөнгө, 4 хүрэл/ хүртсэн амжилтын эзэн болсон юм.  
  • Бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны амжилтыг Хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбат 1967 онд хүрэл медаль хүртсэнээр эхлүүлсэн бол анхны мөнгөн медалийг Б.Жамсран, Х.Баянмөнх /1971/ нар хүртэж, анхны алтан медалийн эзнээр З.Ойдов /1974, 1975/ тодорч, дэлхийн хошой аварга болж байсан түүхтэй.

Хаяг: Сүхбаатар дүүрэг. Бага тойруу-55. Спортын төв ордон. 305
тоот.
Утас: 314976 Факс: 315408.
Вэб сайт:
www.wrestling.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж