Монголд өрнөж буй үйл явлууд үндсэндээ зорилгогүй, зохион байгуулалтгүй байна гэж үгүй. Өнөөдрийн шатахууны хомсдол, цахилгаан эрчим хүчний хязгаарлалт цаг хугацааны хувьд хөхөө өвөл, хөр цаснаар давхцаж байгаа нь санамсаргүй тохиолдол огтоос биш. Тэр тусмаа нүүрсний хулгайн нээлттэй сонсголыг угтуулж байгаа нь урьдаас төлөвлөсөн улс төрийн зорилготой акц, ажиллагаа. Монголыг ёроолд нь хүртэл унагах сонирхол улсын гадна талд ч, улс дотор ч байна гэсэн үг.
1.
Өнгөрөгч Ням гаригаас Монгол даяараа түлш, шатахууны хомсдолд оров. Шатахууны хувьд Монгол Улс Москвагаас шууд хараат. “Роснефть” үе, үе цоргоо хааж, Монгол эдийн засгийн хувьд Оросоос де-юре хамааралтай болохыг сануулдаг, сүрдүүлдэг. Зөвхөн шатахуун ч биш эрчим хүч, төмөр замын салбар ч Кремлиэс хамааралтай хэвээр, Засгийн газраас эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх бүрт тэд тээг тавьдаг, нээнтэг хийдэг. Тэдний өмнөөс, эх орныхоо эсрэг акц өрнүүлж, РЦНК-аас төлбөр авдаг төсөлчид Монголд цөөнгүй бий. Тэдгээрийн эн тэргүүнд Женко.Баттулга нэрлэгддэг.
Ямар сайндаа л “Оросын гар хөлүүдэд АН-ыг алдахгүй” гэж С.Эрдэнэ Х.Баттулгатай гурван жил гудамжнаас “алалцах” билээ дээ. С.Эрдэнэ ганцаараа ингэж хэлээгүй, Х.Баттулгын зөвлөхөөр нь ажиллаж байсан гэх доктор Ж.Баясах “Төмөр замын асуудлаар оросууд түүнийг худалдаад авсан гэж боддог”-оо телевизээр нууж хаалгүй ярьснаас үзвэл Монголд өнөөдөр үүсээд байгаа асуудлын ард Х.Баттулга ба түүний орос ах нар байх магадлал онолын хувьд ихээ өндөр байна.
Тэгээд ч бизнесийн болон улс төрийнх намтар тэр чигтээ “хулгай, луйвраар” дүүрсэн, хар пиар, массын тархи угаалтаар мэргэшсэн, мэдээлжсэн хүн бол Монголдоо Женко.Баттулга юм.
Монголын төмөр замын бодлогыг арван жил тэгнэсэн, төмөр замыг нь вагонтой нь, вагоныг нь нүүрстэй нь хулгайлсан асуудлыг нь удахгүй УИХ дээр "шүүнэ". Ирэх 2024 оны сонгуулиар өнөөдрийн Л.Оюун-Эрдэнийн суудал дээр залрахын тулд чөтгөртэй ч нөхцөхөд бэлэн яваа Женко.Баттулгад энэ нь томоохон цохилт болох биз.
Төрөөс баримтлах төмөр замын бодлого УИХ дээр хэлэлцэгдэх цагаас тэрбээр оросуудад илтэд үйлчиж эхэлсэн, үүний үр дагавар нь гэвэл өмнийн говийн үзмэр болсон хоёрын хоёр мухар төмөр зам юм. Үндсэндээ “Монгол ялна” пропаганда Монголыг эдийн засгийн хувьд Оросоос хамааралтай, хараат байлгах арга тактик нь гэвэл үнэнд илүү нийцнэ.
Түүний элстэй гялгар уутны стратегид нь улсаараа хууртагдалгүй, урагшаа нарийн царигтай төмөр замаа ядаж тавьчихсан бол Хятадаас түлш, шатахуун импортлоход адаглаад ачиж, буулгах гэж цаг алдахгүй байлаа. Байлаа гэхийн учир нь, өдгөө шатахуун шилжүүлэн ачихын тулд бөөн зардал, бөөн ажил болж байгаа нь нэн ойлгомжтой. Тэрчлэн нүүрсээ хямд, хурдан тээвэрлэх, цаашлаад далайн цаана ч баялгаа зарах боломж бид алдсан. Одоо яалтай билээ, өөрөө унасан хүүхэд уйлдаггүй!
Өргөн царигтай төмөр зам тэр чигтээ зардал, мөнгө шаардана гэдгийг Х.Баттулга шиг ганзагын наймаачнаас тэрбумтан болсон бизнесмэн мэдэхгүй байна гэж бараг үгүй. Өнөөдөр л гэхэд Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам нь эдийн засгийн үр ашиггүй бүтээн байгуулалт болсон. Аливаа бүтээн байгуулалт эдийн засагт ашиг авчирдаг бол эдгээр төслүүд Х.Баттулгын халаасыг зузаалсан уу гэхээс улс оронд сохор зоос ч оруулсангүй. Нэмээд бүр Хятадын төмөр замын сүлжээтэй холбоход 300 сая ам.доллар шаардагдаж байна. Дээр нь вагон, зүтгүүр, сэлбэг гээд бүгдийг Оросоос худалдаж авна. Хорлонтой нь, УБТЗ-аас гадна Гашуунсухайт, Зүүнбаян гэсэн экспортын гол замуудаа бид оросуудаас бүрэн хамааралтай болгосон. Хоржоонтой нь, Женког Монголын улс төрөөс зайлуулсан ч, Женко Монголын улс төрөөс мөддөө зайлахгүй нь бололтой.
2.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнгөрсөн Мягмар гаригт хоёр дахь шатны нүүрсний сонсголд гэрчээр дуудагдсан 168 хүний нэрийг нийтэд зарласны дотор экс Ерөнхийлөгч Х.Баттулга багтсан билээ. Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад ҮАБЗ-ийн зөвлөмжөөр “Эрдэнэс Тавантолгой” компани есөн оффтейк гэрээ байгуулсан нь ил болсон. Энэхүү оффтейк гэрээний хүрээнд “Бодь интернэшнл” групп нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам төслийг хэрэгжүүлэхдээ хэт өндөр өртгөөр гүйцэтгэж, төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”, "Тавантолгой төмөр зам" компанийг алдагдалд оруулсан гэж буруутгагдаж байгаа. Тэгвэл "Тавантолгой-Зүүнбаян"-гийн төмөр замын бүтээн байгуулалтыг БХЯ-тай хамтран хэрэгжүүлж, санхүүжилтийг нь төрийн нууцад хамруулахдаа 1.3 их наяд төгрөгийг зарцуулсан гэх асуудал ч сөхөгдөж буй.
Төмөр замын бүтээн байгуулалтад ажилласан цэргүүдийн хоол хүнсэд “Талх чихэр”-ийнхээ атар талхыг нэгийг нь 20 мянган төгрөгөөр тооцож, нийлүүлснийг УИХ-ын гишүүн Т.Доржханд чуулганы хуралдааны үеэр дэлгэж байсан юм.
Түүнчлэн Беларусийн иргэн, самбо бөхийн аварга В.Япринцевтай хамтран “Юнайтед Белаз Машинери”, “Юнайтед Белаз машинери Инвестмент” гэх компани байгуулж, “Эрдэнэс Тавантолгой”-д хүн даацын автомашин өндөр үнээр шахсан байж болзошгүй баримтууд ч яригддаг. Гэхмэтчилэн Х.Баттулга хийсэн хэргүүдээрээ хууль, шүүхийн хаалга татах нь хэзээ мөдгүй болсон. Тиймээс үхэхдээ үхэр буугаа тавьж буй нь энэ байж магадгүй. Монголын хамгийн баян мафийн бүлэглэл юу төлөвлөж суугааг бурхан ч таашгүй. Хувийн эрх ашгийн төлөө улсаараа туг тахихаас сийхгүй яваа Х.Баттулгын улс төрийн шоглоом нь Монгол Улс, тоглоом нь монголчууд болж болохгүй юм!
3.
Шатахуун хомсдож, эрчим хүчний хязгаарлалтад орно гэдэг Монголын хувьд хамгийн муу мэдээ. Эдийн засаг бүхэлдээ тэг зогсоно гэсэн үг. Үүнийг Москвагийн бодлого гэж харах үндэслэлтэй бас шалтгаантай. Монголд эрчим хүчний ямар нэгэн төслийг хэрэгжүүлэх, санал санаачилга гарах бүрт Москвагаас захиалга өгдөг, Монголын улстөрчид нь нураадаг. Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц болон Багануурын нүүрсний станц зэрэг эрчим хүчний томоохон төслүүдийг гацаасан хүмүүс нь РЦНК-ийн монгол төсөлчид гэхэд гүтгэсэн, гүжирдсэн болохгүй нь лав. Тэдний гай, “гавъяа”-гаар Монгол Улс айлаас гал царайчлаад сууж байна.
Мэдээж, өгөх хүн гэдийнэ, авах хүн бөхийнө. Энэ бол хаана ч байдаг бичигдээгүй дүрэм. Эндээс гарах гарц бол ямар ч үнээр хамаагүй “Орано”-тай хамтын ажиллагаагаа эхлүүлэх ёстой. Францын төрийн өмчит “Орано” групп нь цөмийн энергийн чиглэлээр 17 улсад үйл ажиллагаа явуулдаг, ураны салбартаа дэлхийн топ 3 компанийн нэг. Дорноговь аймгийн Зөөвч-Овоогоос уран олборлох төсөлд нийт 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр хоёр улсын хооронд гэрээ байгуулах нь цаг хугацааны асуудал болсон. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Францад хийсэн айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар болон "Орано майнинг” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд талууд гарын үсэг зурсан. Энэ бол гурав дахь орны хөрөнгө оруулалтыг татсан хоёр дахь том төсөл болно. Үндсэндээ, Монгол Улс тусгаар тогтнолоо эдийн засгийн аргаар баталгаажуулж буй үйлдэл. Төслийн хүрээнд Монгол Улсад жилдээ 95.5 сая ам.доллар, нийтдээ 3.2 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрүүлэхээр тооцоолсныг албаныхан ч тодотгох болсон билээ. Магадгүй энэ төсөл хойно суугаа Царийн игзаарыг хүргэсэн байхыг үгүйсгэхгүй.
Угаасаа дэлхийн цөмийн салбар дахь Оросын ашиг сонирхлыг хангах бас нэг түшиц газар нь Монгол гэж тэд хардаг. Тиймээс Канадын “Хан ресурс”-ыг монголчуудын гараар хөөлгөж, Монголыг өрөнд оруулж байсан бэлээхэн жишээ бий.
Нөгөө талаар Моксвагаас удаа дараа Монголыг Евроазийн холбоонд элсэхийг шахаж байгаа. Гэвчиг эдийн засаг хүнд байна гээд эрх чөлөөгөө алдаж болохгүй. Ямар ч муу юм сайн тал руугаа эргэж байдаг гэвэл эндээс Монгол заавал хожих ёстой! Үүний тулд үнийг чөлөөл, эдийн засагт эрх чөлөө олго.
Холбоотой мэдээ