Б.Цэнгэл: Төрийн банкны хувьцааны ханш 2-3 дахин унасан

Хуучирсан мэдээ: 2023.12.13-нд нийтлэгдсэн

Б.Цэнгэл: Төрийн банкны хувьцааны ханш 2-3 дахин унасан

Б.Цэнгэл: Төрийн банкны хувьцааны ханш 2-3 дахин унасан

УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2023.12.13/ болж, Үйлдвэржилтийн  бодлогын байнгын хорооны 2023 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 03 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонслоо.

УИХ-аас баталсан Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл, Засгийн газрын холбогдох шийдвэрийн хүрээнд 2022-2023 онд Төрийн банк, Монголын хөрөнгийн бирж, Монголын цахилгаан холбоо, Үндэсний давхар даатгал, Мэдээлэл холбооны сүлжээ, Мэдээлэл технологийн үндэсний парк болон авто замын засвар арчлалтын (АЗЗА) компаниуд зэрэг нийт 26 аж ахуйн нэгжийн 34 хүртэл хувийг нийтэд арилжаалах ажлыг үе шаттай зохион байгуулж байгаа аж.

Одоогийн байдлаар Төрийн банкны 5.71 хувь, Монголын хөрөнгийн биржийн 34 хувийг амжилттай арилжаалаад байгаа юм. Төрийн банкны хувьцааг арилжаалах ажил цааш үргэлжлэх бөгөөд нийт 20 хүртэл хувийг хувьчлах аж.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төрийн өмчийн 20, хувийн хэвшлийн 12 АЗЗА компани үйл ажиллагаа явуулж, үндэсний автозамын сүлжээний нийт 112 мянган км замыг хариуцан ажиллаж байна. Энэхүү үндэсний хэмжээний нийт замын 15.9 мянган км нь улсын, 96.1 мянган км нь орон нутгийн чанартай авто зам бөгөөд 900 орчим км тусгай зориулалтын авто зам бий.

Төрийн өмчийн 20 АЗЗА компани улсын чанартай автозамын 9100 орчим км-ыг хариуцдаг бөгөөд 2022 оны байдлаар 42.56 тэрбум төгрөгийн нийт орлого, 42.58 тэрбум төгрөгийн нийт зарлага, 4.9 тэрбум төгрөгийн авлага, 10.6 тэрбум төгрөгийн нийт өр төлбөртэй ажиллажээ. Улсын төсөвт авто замын засвар, арчилгааны зардалд 24.0 орчим тэрбум төгрөг тусдгийг төрийн өмчийн 20 АЗЗА компани хувааж авч, Зам, тээврийн хөгжлийн сайдтай байгуулсан гэрээний үндсэн дээр ажиллаж, бусад үед орон нутгийнхаа тендерт оролцох замаар ажил, орлого олж “амьдардаг” хэмээн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл танилцуулсан юм.

Мөн тус газраас төрийн өмчит үйлдвэрийн газруудыг цөөрүүлэх, нэгтгэх болдлого баримталж багаа аж. 2022 онд улсын төсөвт үйлдвэрийн 44 газар байсан бол 2023 оны 41 болгож, мөн төрийн өмчит үйлдвэрийн 26 газар байсныг 18, төрийн өмчийн 112 компанийг 85 болгон цөөрүүлжээ.

Мэдээлэлтэй холбогдуулж, гишүүд асуулт тавьж, холбогдох албаны хүмүүсээс хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.БАТЖАРГАЛ:

-Төрийн банкны 20 хувь дээр хувьцаа гаргана гэхээр 80 хувь дээр мөнгөө барьж хүн ирэх юм уу. Хөрөнгийн бирж, Төрийн банк хоёрын анхны санал болгосон үнийг тооцохоор зөрүү их байна. Хөрөнгийн бирж дээр тав дахин өссөн бол Төрийн банкных унасан. Энэ асуудал дээр ямар бодлого барьж байна.

АЗЗА-нуудыг нэгтгэснээр томорсон байх. Жилээс жилд АЗЗА-нуудын хариуцах зам талбайн хэмжээ нэмэгдээд яваад байдаг. Урт настай зам байлгая, хөрөнгө мөнгө хий үрэхгүй гэвэл арчлалт чухал. Энэ рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулахад том нэгтгэл хэр үр өгөөжөө өгөх вэ.

Гуравт, Уул уурхайн биржийн тухай хууль батлагдсан, ил тод нээлттэй борлуулалтыг шийдье гэсэн. 2023 оны долдугаар сарын 1-н хүртэл туршилтаар уул уурхайн бүтээгдэхүүнээр биржээр арилжаалаад түүнээс цааш албан ёсны болгосон.  Тэр цагаас хойш биржээр борлогдоогүй нүүрсний үнэ ханшид ямар өөрчлөлт орсон бэ. Биржийн үнэ рүүгээ татсан гэрээний шинэчлэл хэр байна?

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.ЦЭНГЭЛ:

-Цаашдаа ч төрийн өмчит компаниудыг олон нийтийн болгох ажлыг Хөрөнгийн биржээр дамжуулж хийнэ.  Хэрэв төсөвт байгууллага байх юм бол компанийн хэлбэрт шилжүүлж байж дараагийн юмыг хийнэ.

Төрийн хувьцаагаа Монголын хөрөнгийн бирж дээр гаргасан компаниуд дээр Төрийн банкны хувьцаа хоёр дахь зах зээл дээр 2-3 дахин уначихсан явж байгаа. Монголын хөрөнгийн бирж 34 хувиа гаргасан, хоёр дахь зах зээл дээр өсөлттэй явж байгаа,

Урт хугацааны хөрөнгө оруулалтын сан гэдгээр бирж хөгжиж явдаг юм билээ. Тэр бүтэц нь манайд хараахан бүрдээгүй байх шиг байгаа юм. Засгийн газар дээрээ ярих ёстой. Эдийн засаг санхүүгийн хувьд дэмждэг механизм байх ёстой юм билээ, энэ асуудлыг зайлшгүй УИХ дээр ярих ёстой.

АЗЗА- гийн тухайд тантай санал нэг байгаа. АЗЗА нэгтгэлийг нийлүүлсэн явдал нь 34 хувь дээр IPO гаргахгэдэг асуудалтай холбогдсон. 1-1,5 тэрбум төгрөгийн активтай 20 жижиг компани дээр сонирхогч орж ирэхгүй. Манай УИХ -ын гишүүд Банкны тухайы хуульд өөрчлөлт оруулаад системийн нөлөө бүхий таван банкинд дүгнэлт хийгээд нэг болон нэгдмэл сонирхолтой этгээдүүд нийт хувьцааны 5 -иас илүү хувь авч болохгүй гээд өөрчилсөн. Тэрхүү зохицуулалт бусад төрийн өмчит компани дээр ч хэрэгжихээр зааж өгсөн. Тэр нь төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд бас орсон. Түүнээс улбаалаад 1.5 тэрбумын активтай компанид хүн орлоо гэхэд тэр хүн 5 хувиас илүү хувьцаа авах боломжгүй, хуулиар хориглочихсон. Тэгэхээр 60-70 сая руу хэзээ ч хүн орохгүй шүү дээ. Бид ярьж судалж байгаад эцсийн байдлаар АЗЗА -гаа нэгтгээд толгой компанитай болгочихоё. Толгой компани дээр бүх актив нь харагдаж байдаг. Энүүгээр явал 40 гаруй тэрбум активтай болно, энэний 34 хувь дээр орж ирэх сонирхол гарч магадгүй гэж үзсэн. Хэрвээ энэ бүтэлгүй болбол лицензээ хураалгах юм билээ.

АЗЗА-г удирдаж байсан хүн жаргал зовлонг нь мэднэ. Хувийн хэвшлийн 12 АЗЗА, төрийн 20 АЗЗА байгаа. Хувийн хэвшлийн АЗЗА-гийн хийж болоод байгаа ажлыг заавал төр хийх шаардлага байгаа юм уу гэдэг асуудал үүсдэг. Манай Зам тээврийн яамныхан “энэ ажлыг төр хийхгүй бол энэ рүү орох газар байдаггүй юм аа” гэдэг. Тэр ч бас үнэн. Уг нь хувьчилсан бол 34 хувиас илүү хувьчлах ёстой байсан. Манайхаас санал авахгүйгээр энэ асуудлыг шийдсэн.  Тийм учраас 34 хувиа яаж эвтэйхэн явуулах вэ гэж үзэж байна.

АЗЗА-гийн бүтцийг 3-4 удаа өөрчилж байсан юм билээ. Аймгууд дээр салбарууд нь байна, хөрөнгө оруулалтыг нэгдсэн байдлаар шийддэг, баазуудаа бий болгоод ажиллах юм бол илүү маневртай.  Жил ирэх тусам АЗЗА -гийн хариуцдаг зам нэмэгдэж байгаа.

Яам бол 25 орчим тэрбум төгрөгийг хуваарилдаг. Үлдэж байгаа 13-14 орчим тэрбум төгрөгийг АЗЗА өөрсдөө олдог. Боловсон хүчний хувьд хэцүү, технк технологи хүндэрсэн. Цалин хөлсний хувьд ч муу, маш бага. Улирлын чанартай ажилладаг учраас улирлын чанартай ажиллах хүчин авдаг. Цаашдаа энэ бүхэнд анхаарч ажиллана.

УИХ-ын гишүүн Т.ЭНХТҮВШИН:

-Биржээр арилжаалж байгаа нүүрсээ хил давуулж хүргэж өгөх ажилд онцгой анхаараач ээ. Хүргэлт нь цаг хугацаандаа очихгүй болохоор итгэл алдрах вий. Нүүрсээ биржээр зарж байна, цаашдаа хувийн хэвшлийнхэн угаасан болон баяжуулсан бүтээгдэхүүнээ биржээр зарах сонирхоллой болж байна. АМНАТ -өө биржийн үнээр төлөх гээд байгаа  учраас биржээр заръя гэдэг.  Цаашдаа хувийн хэвшлийн баяжуулсан болон боловсруулсан түүхий эдийг биржээр зарах хүчин чадал нөөц бололцоо танай дээр байна уу.

Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойгоо яах юм. Төрийн өмчит компанийнхаа хувьцааг гаргаад дотоодын компанидаа худалдаач ээ гэдэг асуудлыг иргэд тавьж байгаа. Ямар бодлого барьж байна вэ. УИХ -ын тогтоолоор төрийн өмчит компанийг олон нийтийн болгох УИХ -ын тогтоол гарсан. Амьдрал дээр нийцэхгүй байна. Бүх дулаан, цахилгааны станцаа олон нийтийн болготол эрсдэл үүсвэл хэн хариуцлааг хүлээх юм.  Энэ асуудлыг эргэж хараад эсрэгээрээ төрийн өмчит уул уурхайн компаниудаа олон нийтийн болгоход анхаараач ээ.

Арьс шир, ноос ноолуур, мах махан бүтоээгдэхүүнээ биржээр зарахад анхаараач ээ. Монголын Хөрөнгийн биржийн захирлыг сонгон шалгаруулна гээд зар явж байх юм. Монголын хөрөнгийн бирж 34 хувиа олон нийтийн хяналттай болгож байхад хэзээ хойно нь захирлыг сонгон шалгаруулна гээд байх юм.

Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.АЛТАЙ:

-Монголын хөрөнгийн бирж бол 1991 онд байгуулагдсан. Үнэт цаасны арилжаа эрхэлдэг байгууллага. 2022 онд Уул уурхайн бүтээгдэхүүний тухай, Биржийн тухай хууль батлагдсан. Монголын хөрөнгийн биржээр уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг гүйцэтгүүлэхээр  заасан. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд зохицуулалт байдаг. Тэр зохицуулалт нь хуулийн дагуу байгуулагдсан биржийн удирдлага, газрын захирлуудыг сонгон шалгаруулна гэсэн зохицуулалт байдаг. Сая гишүүний асуусан зарын тухайд манай Төлөөлөн удирдах зөвлөлөөс шийдвэр гаргаад гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулах зарыг тавьсан. Гүйцэтгэх удирдлагын хувьд “Энэхүү хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж байгаа Санхүүгийн зохицуулах хорооны байр суурь, чиглэлийг авах ёстой” гэсэн зөвлөмж өгсөн. Гүйцэтгэх удирдлагын хувьд тусдаа асуудал байж магадгүй. Газар нэгжийн захирлыг сонгон шалгаруулж өөрчлөх нь уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа нэвтэрсэн, бирж өөрөө олон нийтийн компани болсон, бусад төрийн өмчит компанид үлгэр үзүүлэхүйц хэмжээний засаглал үйл ажиллагаатай байх ёстой, банкны реформ хөрөнгийн биржээр дамжин хийгдэж байгаа нөхцөлд нийтээр нь газар, нэгжийн захирлыг өөрчлөх нь санхүүгийн институцыг эрсдэлд оруулах магдаллтай гэж үзэж байна.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.ЦЭНГЭЛ:

-2010-2012 онд үндсэн чиглэлд хувьчлах жагсаалтад тусгагдсан боловч хэрэгжээгүй хуулийн этгээдүүд Багануур, Дулааны-III цахилгаан станц, “Эрдэнэт” үйлдвэр, Улаанбаатар цахилгаан түгээх, Авто импекс, Монголын цахилгаан холбоо, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Диспетчерийн үндэсний төв, Монголын төмөр зам, Шивээ-Овоо, Хөдөө аж ахуйн бирж гээд байгаа. 2010-2012 оныход найм, 2015-2016 оных 15, 2022-2023 оныход зургаа байгаа. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар энэ асуудлыг Засгийн газартай ярьсан. Ойрын хугацаанд засвар оруулна. Үндсэн чиглэл батлаад байдаг, хэрэгждэг юм байдаггүй. Тэгсэн хэрнээ хүчин төгөлдөр гэдэг категорид ороод байгаа. Цуцлахыг нь цуцлаад, төрдөө байлгахыг нь байлгаад цэгцэлье гэж Засаг дээр ярьсан.

УИХ -ын шийдвэр байдаг ч хэрэгжээгүй нь “Эрдэнэт” үйлдвэр дээр гарсан. 10 хувийг нь олон нийтийн болгоё иргэдэд нь хувьцааг нь өгье гэдэг шийдвэр огт хэрэгжихгүй явж байгаа. Зөвлөх үйлчилгээний компани, гадаадын байгууллагатай ажиллаж байна. Тухайлбал, МИАТ компани дээр зөвлөх үйлчилгээ аваад явж байна. Холбогдох байгууллагуудтайгаа ярилцаж байгаад хэрэгжих үндэстэй юмнуудаа УИХ -аар оруулна. Хөтөл, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, “Эрдэнэт”, Монголросцветмэт, МИАТ орж ирэх ёстой. Дархан төмрөлөгийн үйлдвэр, Хөтөл цемент шохойн үйлдвэр дээр шүүхийн маргаан явж байгаа. Шүүхийн шийдвэрийг харж байгаа тал бий.

Томоохон төрийн өмчит компаниудыг хувьчлах цаг болсон гэж үзэж байгаа, ойрын хугацаанд оруулж ирнэ.

АЖЛЫН ХЭСЭГ:

-Өнөөдөр ашиглаж байгаа гарцыг тодорхой зохицуулалт хийгээд тодорхой цагийн хуваарьтайгаар, жишээ нь Оюутолгойн гарц дээр тодорхой цагийн хуваарьтайгаар биржийн нүүрсийг экспортлох асуудлыг ярьж байна. “Оюутолгой” компанийн зүгээс боломжгүй гэдэг зүйл яриагүй. Бид нарын эмзэглэж байгаа зүйл бол биржийн арилжааны хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж бий. Хүчин чадлыг нэмэгдүүлэхдээ нэг удаагийн биржийн хэмжээг нэмэгдүүлж болно, эсвэл дуудлага худалдаа зохион байгуулж байгаа эрмчийг нь ойртуулах маягаар хийж болно гэж үзэж байгаа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж