Зайлшгүй шаардлагатай тохиолдолд цахилгааны хязгаарлалт хийхээс өөр аргагүй болсон талаар өнөөдөр /2023.12.13/ Эрчим хүчний яамнаас мэдээллээ.
Эрчим хүчний сайд Б.ЧОЙЖИЛСҮРЭН:
-Оросоос импортолж байгаа цахилгаан эрчим хүчний талаар мэдээлэл өгье. Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 12-ны 16:00 цагт Оросын талаас нийлүүлж байгаа цахилгаан эрчим хүчний дээд хэмжээг өмнө нь 345 МВт хүртэл авдаг байсныг өнөөдрөөс буюу 13-наас 150 МВт-аас илүүг өгч чадахгүй болсон талаараа Диспетчерийн үндэсний төвд мэдээлсэн. Ингэхдээ бичгээр болон амаар мэдэгдсэн байгаа. Үндсэн гурван шалтгаан дурдсан.
Эхнийх нь, Оросын талаас нэр бүхий хоёр цахилгаан станцад нь гэмтэл гарсан. Эхний цахилгаан станц дээр 235 МВт-ийн нэг блок эвдэрч зогссон. Хэзээ ашиглалтад орохыг нь мэдэгдээгүй байна. Хоёрдугаарт, нэр бүхий станц дээр 500 МВт-ийн цахилгаан станцын шинэчлэл хийгдэж байсан нь ашиглалтад ороогүй байна гэсэн мэдээллийг өгсөн. Иймд маргаашаас эхлээд цахилгаан эрчим хүчийг шаардлагатай тохиолдолд хязгаарлахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн.
Оросын холбооны өөрөө чадлын дутагдалд орсон тохиолдолд нэг өдрийн өмнө манай улсад урьдчилан мэдэгдэж, эрчим хүчээ нийлүүлэх цагийн хязгаараа тохирдог. Хэдий хүртэл үргэлжлэх талаар хугацааг хэлээгүй байна.
Эрчим хүчний нэгдсэн системд харьяалагдаж байгаа зургаан аймаг, 150 орчим сум болон Улаанбаатар хотод цахилгаан эрчим хүчийг гурван цаг хүртэл хязгаарлахыг үгүйсгэхгүй.
Эрчим хүчний салбар өндөржүүлсэн бэлэн байдалд орчихсон байгаа гэж ойлгож болно. Эмнэлэг, сургуулийг цахилгаан эрчим хүчийг таслахгүй байх тал дээр ажиллана.
ОХУ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЧАДЛЫН ДУТАГДАЛД ОРСОН ТОХИОЛДОЛД НЭГ ӨДРИЙН ӨМНӨ МЭДЭГДЭХ ГЭРЭЭНИЙ ЗААЛТТАЙ
ОХУ эрчим хүчний чадлын дутагдалд орсон тохиолдолд нэг өдрийн өмнө мэдэгдэх гэрээний заалттай. Өөрөөр хэлбэл Оросын талаас цахилгаан нийлүүлэх цагийн хязгаараа урьдчилж мэдэгдэж, Диспетчерийн үндэсний төвд мэдээлж тохирдог зохицуулалттай сүүлийн 10-аад жилд цахилгаан импортолж байгаа. Хүндэрсэн нөхцөл байдалд хийх хязгаарлалт дээр хугацаа заагаагүй.
ОХУ-аас Монголд эрчим хүч нийлүүлдэг нийгэмлэг болох "ВЕК" хувьцаат нийгэмлэгээс Диспетчерийн үндэсний төвд мэдээллийг өчигдөр л ирүүлсэн.
Нөхцөл байдлыг газар дээрээс нь тодруулахаар Эрчим хүчний яамнаас мөн ажиллаж байгаа. Үүний дараа тодорхой мэдээлэл өгөх боломжтой. Улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж хязгаарлалт хийж байгаа гэх мэдээлэл гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ албан ёсоор мэдээлэхэд тийм асуудал байхгүй. Эхний ээлжид Эрчим хүчний тухай хуулиар үүрэг хүлээсэн хэрэглэгчид гэж бий. Нийт 124 аж ахуй нэгж бий. Нийт хүчин чадал нь 99,7 МВт. Эдгээр аж ахуй нэгж дээр эхний ээлжид оргил ачааллын үед хэрэглээгээ танана. Давсан тохиолдолд бид таван багц үүсгэсэн. Төвийн харьяанд байгаа 150 орчим сум, зургаан аймаг, Улаанбаатар хотын хэрэглэгч дээр цахилгаан эрчим хүчийг гурван цаг хүртэлх хугацаанд хязгаарлана.
Холбоотой мэдээ