Эмэгтэй парламентчдын чуулган-2023: “Парламентэд хүрэх мянган алхам” чуулган өнөөдөр Төрийн ордонд болов. Энэ удаа эмэгтэй парламентчид чуулж, “Эмэгтэй парламентчдын чуулган-2022”-оос гарсан “Тунхаг бичиг”-ийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, үр дүнг ахиулах асуудлыг хэлэлцэн Уриалга гаргалаа. Өнгөрсөн 2022 онд болсон “Парламентч эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган”-аар эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжсэн олон улсын эрх зүйн орчин, Монгол дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны талаар хэлэлцэж тунхаг бичиг гаргасан юм.
Байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойших найман удаагийн УИХ-ын сонгуульд нийт 3445 нэр дэвшигч өрсөлдсөнөөс 25 хувь нь эмэгтэй байжээ. Нийт найман удаагийн сонгуулиар нийт 608 гишүүн сонгогдсоноос 10.7 хувь нь эмэгтэй бөгөөд 45 эмэгтэй давхардсан тоогоор нийт 65 удаа сонгогдсон байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд сонгуульд өрсөлдсөн 10 эмэгтэй хоёр ба түүнээс дээш, 35 эмэгтэй нэг удаа УИХ-д сонгогдож олон нийтийг төлөөлөн тоон статистик байдаг.
Чуулганд оролцогчдын зүгээс “УИХ-ын сонгуулийн тойргийг томруулан бүсчилсэн байдлаар саналт хураалт явуулах эмэгтэйчүүдийн сонгогдох магадлалыг бууруулна. Эмэгтэйчүүдийн сонгуульд өрсөлдөх гол бэрхшээл нь санхүүжилт байдаг. Хэрэв сонгуулийн тойргийг томсгосон тохиолдол бүр илүү санхүүжилт шаардана. Энэ нь улам илүү мөнгөний сонгууль руу хөтөлнө” гэж үзэж буйгаа илэрхийлсэн.
Тэгвэл УИХ-ын сонгогдон ажиллаж байсан төлөөллүүд “Сонгуулийн тойргийг бүсчилсэн байдлаар тогтоох нь улс орны том эрх ашгийг хангаж, эдийн засгийн хөгжлийг дэмжихэд хэрэгтэй. Орон нутагт бүсчилсэн хөгжлийн хөгжлийн дэмхихийн тулд суурьшлын бүс байгуулах шаардлагатай. Энэ нь хөдөөгийн гол тулгамдсан асуудал болох ажлын байрны асуудлыг шийдэх гарц. Сонгууль тэгш өрсөлдөөн байх ёстой учраас эмэгтэй хүн гэж толгойг нь илэх шаардлагагүй. УИХ-ын гишүүн болон хүн өөрийгөө бэлтгэсэн байх ёстой” хэмээн байр сууриа илэрхийлж байсан юм.
Мөн үеэр АНУ-ын Массачусетсийн Технологийн Иснтитутын антропологийн профессор, монгол эрдэмтэн Б. Мандухайгийн бичсэн “Парламентад хүрэх мянган алхам” номыг англи хэлнээс монгол хэлэнд хөрвүүлэн хэвлэсэн номын нээлт болсон.
Эмэгтэй парламентчдын чуулганыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, БНСУ-ын олон улсын хөгжлийн агентлаг (КОЙКА)-ийн дэмжлэгтэйгээр НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.