ОХУ нь Украин дахь дайнд нийт цэргийн бие бүрэлдэхүүнийхээ 87 хувийг алдсан гэж АНУ-ын Тагнуулын албаны эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, 360 мянган гэрээт болон хугацаат цэргийн алба хаагч Украинд орж ирснээс 315 мянгыг нь дайны талбарт алдсан гэв. Мөн цэргийн тусгай ажиллагааны өмнөх үеийн танкуудынхаа гуравны хоёрыг алджээ. Энэ нь 3500 танк байснаас 2200-г нь алдсан гэсэн үг юм. Түүнчлэн явган цэргийн байлдааны 13600 машин, 4400 хуягт тээврийн хэрэгслээ ОХУ алдсан. Үндсэндээ ОХУ довтолгооноос өмнө байсан хуурай замын цэргийн техник хэрэгслийн дөрөвний нэгээс илүүг алдаад байна.
Харин аравдугаар сараас хойших богино хугацаанд ОХУ Авдиевка-Новопавливка тэнхлэгийн дагуу 13 мянга гаруй хүнээ алдаж, 220 гаруй байлдааны машинаар хохирсон гэлээ.
Ямартай ч Украин дахь дайн нь Оросын хуурай замын цэргээ шинэчлэх 15 жилийн хүчин чармайлтыг эрс ухраасан гэж АНУ дүгнэв.
Дайнаас өмнө ОХУ хуурай замын цэрэг, агаарын десантын цэрэг, тусгай ажиллагаа болон бусад дүрэмт хувцастай албан хаагчид зэрэг нийт 900 мянга орчим идэвхтэй алба хаагчтай байсан. Мөн зэвсэгт хүчнийхээ бие бүрэлдэхүүний тоог 1.5 саяд хүргэх төлөвлөгөөтэй байгаагаа зарлаж байв.
Хүн хүч, зэвсэг техникийн алдагдлыг эс харгалзан ОХУ-ын ерөнхийлөгч Путин дайны хоёр жилийн ойгоор хэлэх үгтэй байхыг хичээн, давшсаар байна. Украины тал ч эмзэг нөхцөл байдалд байгааг АНУ-ын албаныхан анхааруулж буй. Сүүлийн саруудад фронтын шугамд талуудын хэн хэн нь барьцтай ахиц дэвшил гаргаагүй байна.
Дашрамд дурдахад, Украины ерөнхийлөгч Зеленский өдгөө АНУ-д айлчилж буй. Тэрбээр АНУ-ын хууль тогтоогчид болон ерөнхийлөгч Жо Байден нартай уулзаж, Оросын эсрэг тэмцлийг үргэлжлүүлэхэд нэн шаардлагатай цэрэг зэвсэг, эдийн засгийн тусламж авахаар хичээж байна. Гэхдээ Вашингтон дахь улс төрийн орчин Украинд хамгийн том аюул учруулав. Бүгд найрамдахчууд нэмэлт санхүүжилтээс эрс татгалзахын зэрэгцээ Украинд үзүүлэх тусламжийг Израиль, Тайвань, АНУ-ын өмнөд хилд зориулсан зардалд нэгтгэхийг шаардаж байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ