Израилийн арми Газын зурвас дахь Хамасын хонгилууд руу Газар дундын тэнгисийн уснаас шахаж эхэлснийг АНУ Даваа гаригт мэдэгдлээ. Израилийн Батлан хамгаалах хүчний штабын дарга Херзи Халеви "Хонгилуудыг үерлүүлэх нь мэргэн санаа. Гэхдээ нарийн ширийн зүйлсийг хэлэх боломжгүй байна" гэжээ. Хонгил дахь ажиллагаа нууцын зэрэглэлтэй байгааг яамны хэвлэлийн төлөөлөгч мөн мэдэгдсэн байна.
"The Wall Street Journal"-д мэдэгдсэнээр хонгил үерлүүлэх ажиллагаа өнгөрсөн сараас эхэлсэн. Гэхдээ энэ стратеги нь агаарын довтолгоо, дэлбэрэлт, дрон, робот зэрэг бусад тактикаас үр дүнгийн хувьд ямар ялгаатай байгааг харьцуулахын тулд зарим хонгилыг л үерлүүлж байжээ.
Хонгилуудыг үерлүүлэх янз бүрийн арга замыг судалж байгаа гэж Израиль өмнө нь мэдэгдэж байсан. Энэ арга нь урт хугацаандаа байгаль орчинд нөлөөлөх гэх мэт сөрөг үр дагавруудтай байж болзошгүй юм. Египет улс 2015 онд хонгил үерлүүлэх арга ашиглаад их хэмжээний хохирол амсаж байсан түүхтэй. Тодруулбал, тус улсын эрх баригчид хууль бус наймааны үйл ажиллагааг таслан зогсоохын тулд анклавын өмнөд хэсгийн хонгилыг далайн усаар үерлүүлснээр айлын гэр байшин, тариалангийн талбайд эвдрэн сүйрч, усан хангамж бохирджээ.
Хамас бүлгийнхэн барьцааны хүмүүсийг хонгилд нуусан гэж мэдэгдсэн учир Израиль үер ажиллагааг эхлүүлж чадахгүй хүлээзнэж байсан. Талуудын хооронд түр гал зогсоож, барьцааны хүмүүсийг суллах хэлэлцээр энэ сарын 1-ний өдрөөр дуусгавар болсон. Түр гал зогсоох хэлэлцээрийн хугацаанд 100 гаруй хүнийг сулласан гэж үзэж байна. Үүний хариуд Израилийн шоронгоос 200 гаруй палестин хоригдлыг суллажээ.
Өдгөө хонгилуудад энгийн иргэн байгаа эсэхийг мэдэхгүй гэдгээ АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ. Тэрбээр "Барьцааны хүн хонгилд байхгүй гэх мэдэгдлүүд гарч байна. Би сайн мэдэхгүй байна. Ямартай ч энгийн иргэний үхэл бүр үндэсний эмгэнэл юм" гэж хэллээ.
Эх сурвалж: ABC NEWS
Холбоотой мэдээ