"Улаан цэцэг"-ийн эзэн Л.Хонгорзул

"Улаан цэцэг"-ийн эзэн Л.Хонгорзул

"Улаан цэцэг"-ийн эзэн Л.Хонгорзул

Эмэгтэй хүний нууцлаг гоо үзэсгэлэнг ургамал, цэцэгстэй зүйрлэжээ. Тэр дундаа эмэгтэй хүний хамгийн чухал гоо сайхан бол үс. Энэ удаа уран бүтээлч Л.Хонгорзул "Улаан цэцэг" үзэсгэлэнгийнхээ хойморт час улаан удвал цэцгийг бүсгүй хүний үсээр илэрхийлсэн нь чамин бас өвөрмөц санагдав. Тэрбээр "Эмэгтэй хүний үсэнд туулж ирсэн амьдралынх нь замнал, энерги бүхий л зүйл шингэсэн байдаг гэж боддог. Дүрслэлийн хувьд зурахад үсийг ямар ч хөдөлгөөнд оруулж болдог нь давуу тал болж өгдөг" гэдгийг хэлсэн юм.

Зураач Л.Хонгорзулын хувьд уран бүтээлдээ эмэгтэй хүнийг дүрсэлж, зурдаг. Нийгэмд байгаа бүхий л асуудлыг эмэгтэй хүний дүрээр илэрхийлэхийг зорьдог тухайгаа хэлж байв. Энэ удаагийн үзэсгэлэнгээрээ эмэгтэй хүний дотоод хүч, гоо үзэсгэлэнг байгальтай холбон зурсан нь үзэсгэлэнг зорин ирсэн зочдын сонирхлыг татаж байлаа.

Уран бүтээлч монгол зургийн арга барилыг орчин үеийн урлагтай хослуулж, чөлөөтэй ажиллажээ.

Монгол зураг бурхан зурагтай адилхан нарийн зураас, дүрслэлийн арга ажиллагаатай байдаг. Тэр бүхнийг бүтээлдээ шингээж, орчин үеийн арга барилаар ажиллахыг хичээсэн тухайгаа ярьсан юм.  Эмэгтэй хүнийг дүрслэхдээ Дорно дахины бурханлаг шинж чанарыг шингээж, бурхны суудал, мутрын хөдөлгөөн гэх мэт элементүүдээс санаа авч, орчин үеийн дүрслэлээр илэрхийлсэн нь анхаарал татаж байв.

"Зураач Л.Хонгорзулыг оюутан байхаас нь мэднэ. Урлагтаа үнэнч, байнга шинийг эрэлхийлж, үзэсгэлэнгээс үзэсгэлэнд ур чадвараа ахиулж байгаа сайн уран бүтээлч. Орчин үеийн шийдлээр үзэсгэлэнгээ дэглэсэн нь сайхан санагдлаа. Монгол зургийн элемент хэлбэр дүрс байгаа боловч орчин үеийн абстракт зураг ч байна. Энэ үзэсгэлэн өөрийнх нь ертөнцийг бүрэн илэрхийлж чадаж байна" хэмээн багш нь шавийгаа үнэлсэн юм.

Түүний уран бүтээлүүд дунд эрэгтэй хүнээс санаа аваад эмэгтэй хүнийг дүрсэлсэн бүтээлүүд ч байдаг аж.

Тэрбээр яг жилийн өмнө "33 дүр" нэртэй үзэсгэлэнгээ гаргаж байсан бол энэ жил зургаа дахь бие даасан "Улаан цэцэг" үзэсгэлэнгээ "Улаан гэр" галерейд дэлгэж байгаа нь энэ. Хамгийн анхны бие даасан үзэсгэлэнгээ 2012 онд гаргаж, 18 бүтээлээ үзэсгэлэндээ дэлгэж байжээ.

Л.Хонгорзул "Монгол эмэгтэйчүүд бусад орны эмэгтэйчүүдээс илүү хүчирхэг санагддаг. Нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоо маш сайн. Нэг тийм баатарлаг ч гэх юм уу. Монгол хатадын тухай кинон дээр хүртэл тэрхүү хатан ухааных нь тухай өгүүлсэн байдаг. Орчин цагт ч монгол эмэгтэйчүүд ар гэрийнхээ амьдралыг нуруун дээрээ үүрч явна" гэдгийг онцолсон юм.

Зураачид эмэгтэй хүний  гоо сайхан, хүчирхэг ертөнцийг өөрийн өнцгөөс хурц, тод гэгээлгээр тусгадаг. Тэдний нэг бол яах аргагүй зураач Л.Хонгорзул юм. Тэрбээр 2003 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийн монгол зургийн ангийг төгссөн уран бүтээлч. Мөн СУИС-ийн Дүрслэх дизайн урлагийн сургуульд магистр хамгаалсан байна. Зураач бүсгүй 2010 оноос уран бүтээлийн гараагаа “Монгол” гэж нэртэй бүтээлээр эхлүүлж  байжээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-13 202.9.47.47

Манайхан сайн шүү

Avatar

# 2023-12-13 216.38.195.74

;-;

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж