Тавантолгойн ордыг Монгол Улсын иргэн бүрт эзэмшүүлэх улс төрийн шийдвэр гарч, 1072 ширхэг хувьцаа хуваарилснаас хойш 10 гаруй жил өнгөрсөн ч монголчууд үр шимийг нь хүртэж чадалгүй өнөөдрийг хүргэв.
Уг нь Монголын ард түмэн хувьцааг нь эзэмшиж буй Тавантолгой орд нь 6.5 тэрбум тоннын нүүрсний нөөцтэй.
Тус ордоос төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК сүүлийн жилүүдэд 40-50 сая тонн нүүрс экспортолсны хүчинд сүүлийн нэг жилд Монгол Улсын төсвийн орлого давсны зэрэгцээ валютын нөөцийг бүрдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж буй. Энэ талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Гадаад валютын албан нөөц 2023 оны арваннэгдүгээр сарын эцэст 4.3 тэрбум ам.долларт хүрч нэмэгдлээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.4 тэрбум ам.доллароор, 2023 оны эхнээс 0.9 тэрбум ам.доллароор, өмнөх сарын эцсээс 0.3 тэрбум ам.доллароор тус тус өссөн үзүүлэлт юм” гэж мэдэгдээд буй.
Гэвч ард иргэд “1072 ширхэг хувьцааныхаа ногдол ашгийг авъя” гэдэг шаардлага тавихаар л “Эрдэнэс Тавантолгой” ХК өртэй байна гэх асуудлыг сөргүүлэн тавьсаар ирсэн.
Одоо ч энэхүү улиг болсон жижүүрийн үгээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилогдсон Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатаар хэлүүлчихээд сууж буй. Мөн тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл/ТУЗ/-ийн шийдвэрээр хувьцааны ногдол ашиг тараах эсэх асуудлыг эцэслэн шийднэ гэдэг тайлбар хийн аргалсаар ирсэн. Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ “Компанийн үйл ажиллагаа хэвийн болтол ногдол ашиг хуваарилалтыг түр азнах ёстой” гэдэг шийдвэрийг өнгөрсөн хавар гаргаж байв.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн тайлбарласнаар бол “Эрдэнэс Тавантолгой” компанид Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулснаар санхүүгийн байдал эрс сайжирсан. Тодруулбал, Бүрэн эрхт төлөөлөгч томилсон нэг жилийн хугацаанд 3.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 32.8 сая тонн нүүрс борлуулж, төсөвт 3 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлсэн. 2023 оны төсвийг төлөвлөхдөө 60 сая тонн нүүрс экспортод гаргана гэдэг тооцооллыг хийсэн байсан ч арваннэгдүгээр сарын 20-нд 62 сая тонн нүүрс экспортод гаргасан нь он дуусахад 65 сая тонноос дээш нүүрс гаргах боломжтой болж байгаа. Цаашид БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хороо зэрэгтэй яриа хэлэлцээ хийж, 2024 онд нүүрсний экспортыг 75-80 сая тоннд хүргэх боломжтой гэж үзэж байгаа хэмээн мэдэгдсэн билээ. Хэдийгээр тус компани одоогоор өрнөөсөө бүрэн салаагүй, 3 их наяд төгрөгийн асуудал яригдаж буй ч өгье гэвэл болохгүй зүйлгүй.
Учир нь, Тавантолгой ордын 0.4 хөн хувь дээр үйл ажиллагаа эрхэлдэг орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК нь 2006-2022 он хүртэлх хугацаанд нийт 561.4 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ олгосон байдаг.
Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” ХК –ийн хувьцаа эзэмшиж буй иргэдийн хувьд 2020 оны сонгуулийн өмнөхөн 1072 ширхэг хувьцаа эзэмшигч 96480 төгрөг, 750 ширхэг хувьцаа эүэмшигч 67500 төгрөг тус бүр авсан. С.Батболдын Засгийн газрын үед буюу 2011 онд ард иргэдэд хишиг хувь нэрээр сард 20 мянган төгрөг олгосон бол 2012 оны сонгуулийн өмнөхөн оюутнуудад сургалтын төлбөр хэлбэрээр 500 мянга, мөн ахмадуудын нэг хэсэгт бэлнээр 500 мянган төгрөг хуваарилсан. Удалгүй Хүний хөгжлийн сан дампуурч, иргэн бүрт сар бүр 20 мянган төгрөг олгох боломжгүй болж, хаасан. Үүнээс өөрөөр хувьцааны ногдол ашиг хүртээгүй.
Харин орон нутгийн “Тавантолгой” ордод хувь эзэмшигч, УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт болсон нүүрсний сонсголын үеэр“Тавантолгой” ХК-ийн хувьцааны үнэ 13500 төгрөг болсон. Нэгж хувьцаанд 5500 төгрөгийн ногдол ашиг өгч байгаа. Хэрвээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг амь оруулж, үнэ хүргэж чадсан бол Монгол Улсын нэг иргэн 6.5 сая төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр авах бүрэн боломж байсан” гэдэг тооцооллыг танилцуулсан. Тиймээс эрх баригчид одоо хувьцааг үнэ оруулах боломж эрэлхийлж, ногдол ашиг тараахдаа анхаарна уу.
Хулгайлах болохоор 40 их наядаар нь туучихдаг, хувьцааг нь эзэмшиж буй ард иргэд ногдол ашгаа авъя гэдэг шаардлага тавихаар “Эрдэнэс Тавантолгой” ХК өртэй байна, баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулаадхая” гэж аргалмааргүй байна.
Учир нь, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Я.Батсуурь “Би энэ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад нүүрсний үнэ унаж, 1 тонн нь 20 гаруйхан ам.доллар болж унасан ч компани алдагдалтай ажилласан удаагүй. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” ХК 2016, 2017 онд алдагдалтай ажилласан гэдэг тайланд итгэхгүй байна” гэсэн нь нүүрсний том хулгай энэ үеэр гарсан юм биш биз гэх хардлага руу хөтөлж буй. Учир нь, 2016-2017 онд нүүрсний үнэ чанараасаа хамаарч 85 ам.доллараас 107 ам.долларын хооронд хэлбэлзэж байв. Иймээс “Чалько” компаниас авсан 300 сая ам.долларыг дарахын тулд экспортолсон бүх нүүрсээ өгсөн гэдэг тайлбар үнэмшилгүй сонсогдох болсон. Тиймээс нүүрсний хулгайч нараас хохирлыг барагдуулдагсанж уу, эсвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспортолж буй нүүрсний орлогоос эх үүсвэр авдагсанж уу, хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараахад анхаарлаа хандуулж, ажиллана уу. Хэдий болтол ард иргэдээ өртэй байна, санхүүгийн нөөц боломж алга гэдэг үгээр аргалах гэсэн юм бэ?
Г.ХОРОЛ