Тоорын ягаан өнгө 2024 оныг тодорхойлно

Хуучирсан мэдээ: 2023.12.13-нд нийтлэгдсэн

FASHION

Тоорын ягаан өнгө 2024 оныг тодорхойлно

Тоорын ягаан өнгө 2024 оныг тодорхойлно

Хэрвээ ирэх оныг аль нэг өнгөөр төсөөл гэвэл тэр нь ямар өнгө байх бол? Энэ бол “Pantone Color Institute”-ийн мэргэжилтнүүдийн жил бүр толгойгоо гашилгадаг сэдэв. 

Тэдний судалгаагаар 2024 оныг тодорхойлох өнгө бол тоорын ягаан гэдэг нь тодорхой болжээ. Тоорын ягаан өнгө нь амар амгалан, тайван байдлыг илэрхийлдэг. 

Энэ талаар “Pantone Color Institute”-ийн мэргэжилтэн Леатрис Эйсман ярихдаа “Бид өдөр тутамдаа маш их үймээн самууныг үзэж туулж байна. Тэгэхээр бидэнд анхаарал халамж тавьж чадах тийм өнгө хэрэгтэй байна. Энэ бол дулаахан, тухтай өнгө” гэжээ. 

Тоорын өнгө нь 2024 оны хавар, зуны загварын шоуны гол өнгө болсон. “Gucci”, “Jil Sander”, “Sportmax” зэрэг брэндүүд бүгд тоорын ягаан өнгийг сонгов. Алдартнууд ч бас сүүлийн үеийн шагнал гардуулах ёслол, арга хэмжээнүүд дээр тоорын ягаан өнгийг сонгох нь элбэгшжээ. Тухайлбал, гуравдугаар сард “Oscars Vanity Fair Afterparty”-д оролцохдоо жүжигчин Хиллари Дафф тоорын өнгөтэй “Dolce & Gabbana” даашинзаар гоёсон. Дараа нь Ума Турман “Түүх бүтээгч эмэгтэйчүүдийн шагнал гардуулах ёслол”-д оролцохдоо тоорын ягаан “Prada” сонгов. 

Гэхдээ “Pantone Color Institute”-ийн хувьд урт удаан судалгааны үйл явцын дүнд ирэх оны өнгийг тодорхойлдог. Сүүлийн үед хүмүүс, тэр дундаа алдартнууд ямар өнгө сонгож байгаагаар хязгаарлагдан сонголтыг хийх нь учир дутагдалтай гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Тоорын ягаан өнгө хэдэн жилийн өмнө ч моодонд байж л байсан. Бейонсе 2016 онд “Met Gala”-д тоорын өнгөт даашинзтай хүрэлцэн ирж байв. “Givenchy” брэндийн латекс даашинз тухайн үедээ олны шүүмжлэлийн бай болсон ч загварын мэргэжилтнүүдийн хувьд чухал мөч байжээ. 

Үүнээс хойш улаан хивсний ёслолууд дээр тоорын өнгөт гоёл цөөнгүй давтагдсан. Флоренс Пью "Бяцхан эмэгтэйчүүд" киноны нээлтэд оролцохдоо “Chloé” брэндийн 2020 оны хавар, зуны цуглуулгад багтсан даашинзыг өмссөн бол Зое Кравиц мөн онд “SAG” шагнал гардуулах ёслолд тоорын өнгөт даашинз сонгожээ. 

Тоорын ягаан нь ихэвчлэн эмэгтэйчүүд сонгодог өнгө. Гэхдээ сүүлийн үед эрэгтэйчүүдийн хувцасны шүүгээнд ч тоорын ягаан өнгө багагүй үзэгдэх болжээ. Энэ нь өнгөний орчин үеийн чиг хандлага юм. Дуэйн Жонсон хүртэл "Oscar"-ын ёслолд оролцохдоо тоорын ягаан хүрэм сонгожээ. "Dolce & Gabbana" брэндийн торгомсог смокинг хүрэм нь тоорын өнгөт төгс загвар байв. 

ӨМНӨХ ЖИЛҮҮДИЙН ТРЕНД ӨНГҮҮД

Өнгөрсөн жилийн тренд өнгө гүн ягаан байсан. Энэ өнгөөр аймшиггүй эр зориг, баяр баясгалан, өөдрөг байдал, хүч чадлыг илэрхийлжээ. Гүн ягаан өнгө гээд бодоход хамгийн түрүүнд Грекийн Санторини болон Нидерланд санаанд орно. Нидерландад гуравдугаар сарын сүүлээс тавдугаар сарын дунд үе хүртэл алтанзул цэцгийн улирал үргэлжилдэг. Дөрөвдүгээр сарын дундуур оргил үедээ хүрч, хамгийн үзэсгэлэнтэйгээр цэцэглэдэг. Ягаан алтанзул цэцэг нь халамж хайр, сайн сайхны бэлгэдэл юм.

Алдарт Санторини арал дээрх цагаан байшингуудыг хүн бүр мэдэх болов уу. Эдгээр байшинг яв ягаан бугенвилл цэцгээр чимэглэсэн байх нь олонтоо. Бугенвилл нь грекчүүдийн хамгийн хайртай цэцэг бөгөөд хаврын эхэн сараас намрын сүүл хүртэл цэцэглэдэг.

2022 оны тренд өнгө дулаан хөх өнгө байсан. Энэ нь “Pantone Color Institute” анх удаа шинэ өнгө гаргасан тохиолдол байв. Covid-19-ийн хөл хориотой, тусгаарлагдмал, тодорхойгүй нөхцөл байдлын дараах өөрчлөлтийн бэлгэдэл гэж тус хүрээлэнгээс тайлбарласан юм. 

“Pantone Color Institute” оны тренд өнгийг санаачлаад 25 жил өнгөрчээ. Тэд сүүлийн жилүүдэд ихэвчлэн үргэлжилсэн үймээн самуунтай цаг үеийн илэрхийлэл буюу тэсвэр тэвчээр, өөдрөг үзэл, эр зориг, хүч чадлыг харуулсан өнгөүүд сонгосон. Харин 1999 онд тэдний сонгосон анхны өнгө тэнгэрийн цэнхэр өнгө байв. Үл мэдэгдэх зүйлд тэмүүлсэн утга агуулгатай тэнгэрийн цэнхэр өнгийг 25 жилийн өмнө сонгосон бол 2024 онд илүү дотогшоо чиглэсэн, намуухан өнгийг сонгожээ. Асар их дайн дажин, үймээн самууны дараа амсхийж, нам гүм, амар амгалан байх хэрэгтэй гэдгийн илэрхийлэл нь тоорын ягаан өнгө юм. 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж