Шатахуун тасалдсан VS тасалдаагүй

Хуучирсан мэдээ: 2023.12.13-нд нийтлэгдсэн

Шатахуун тасалдсан VS тасалдаагүй

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригаас шатахуун түгээх газрууд ачаалалтай болж, бензин, түлш хязгаарлалттай олгож байгаа. Энэ нь иргэдийн дунд санаатайгаар шатахуун хязгаарлаж байна гэх хар төрүүлж байгаа төдийгүй салбарын сайд, сөрөг хүчний зүгээс ч эсрэг байр суурийг илэрхийлээд байгаа билээ.


 

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны шийдвэрийг хүлээсээр монголчууд хүнд байдалд орчихлоо. Бид хоёр сар гаруй шатахуун, түлшний асуудлаар сануулга өгч байсан. Өнөөдөр нөхцөл байдал хүндэрсэн хэвээрээ байна. Хариуцсан сайд болон албан тушаалтнуудын амнаас шийдэл сонсогдохгүй байна.

Улаанбаатарт таван цаг дараалалд зогсч байж, АИ92 авч чадалгүй үнэтэй АИ95 худалдан авч байна. Хөдөө орон нутагт нөхцөл байдал бүр хүнд байна.

Малчид эрх баригчид шиг АИ-95 авч чадахгүй. Өвөлжилт хүндэрсэн энэ нөхцөлд  малчдад туслахаар хөдөлгөөн өрнүүлье гэдэг өвс тэжээл ачаад явах түлштэй машин алга. Эрх баригчдын бодлого хаана байна.

Сөрөг хүчин бид төр ард түмний хооронд гүүр болох үүднээс энэ асуудлыг удаа дараа тавьсан ч шийдэл алга байна.

Улаанбаатар хотод шатахуун, түлш байхгүй болгож байгаад түгжрэлийг шийдье гэж бодож байгаа юм биш биз дээ. Агаарын бохирдол угаар яриад байсан. Автомашины яндангаас гарч байгаа утааг нь бууруулж байгаа юм уу гэдэг хардлага байна. Бүлгийн хуралдаанаар энэ асуудлуудыг ярилаа. Асуудлыг долоо хоногийн дотор шийднэ гэдэг зүйл хэлсэн. Бид үнэмшихгүй байна. Хоёр сарын өмнө намын бүлэг, байнгын хороо, чуулган дээр ярьсан зүйлүүд хэвээрээ байна. Ирэх баригчид битгий машиндаа дүүрэн шатахуун хийгээд бай гэж байна. Нийт 60 сая тонн нүүрс экспортолсны улмаас түлшний хомсдолд орлоо гэж байна. Энэ асуудлыг хариуцсан Засгийн газар, яам, агентлаг тооцоо судалгаа гэдэг зүйл алга. Бид албаны хүмүүсийг дуудаж, уулзсан боловч маш олон асуултын тэмдэгтэй үлдлээ.

Уул уурхай, хүнд үйлдвэр /УУХҮ/-ийн сайд Ж.Ганбаатар:

-Сүүлийн нэг сар нийлүүлэлтээс шалтгаалж дизель болоод АИ92 шатахуун дээр иргэд олон нийтэд хүндрэл үүсгэж байгаад хүлцэл өчье. Яагаад шатахуун тасалдсан талаар гурван тайлбар хэлье. Нэгдүгээрт, ОХУ манай улсын гол ханган нийлүүлэгч. Тус улс дотооддоо өнөөдрийн байдлаар өвлийн түлш болоод авто бензиний хомсдолтой хэвээр байсаар байна. Энэ нөхцөл байдал манайд шууд болон шууд бусаар нөлөөлж байна. 

Хоёрдугаарт, ОХУ экспортоо ихэвчлэн баруун тийшээ хийдэг байсан бол одоо голдуу БНХАУ, Энэтхэг гэх мэт зүүн өмнөд азийн улс орнууд руу төвлөрсөн.

Зүүн Сибирь болоод алс Дорнодын хэсэгт төмөр замын бөөгнөрөл болоод байна. Үүнээс шалтгаалж манай нийлүүлэлтэд манайх руу орж ирэх хугацаа өмнөх үеэс хоцролттой явж байна. Гуравдугаарт, Монгол Улсын дотоод асуудал байна. Нэг талдаа сайн мэдээтэй. Экспорт түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Энэ нь дизелийн хангамжид шууд нөлөөлж байна. Бид жилд дунджаар 30 сая тонн нүүрс гаргадаг байсан бол өнөөдөр 65 сая тонн нүүрс экспортлосон байна. Оны эцэст энэ тоо магадгүй 70 сая тоннд хүрэх магадлалтай байна. Ес болон арван сартай харьцуулахад 12 дугаар сард илүү өндөр экспорт хийх магадлалтай байна. Энэ нь дизель түлшний хэрэглээ өссөн. Томоохон 5-6 уурхайн дизель түлшний хэрэглээ манай улсын нийт дизель түлшний 60 хувийг хэрэглэж байна. Монгол Улс ойролцоогоор 90-100 мянган тонн дизель түлш сардаа хэрэглэдэг. Гэтэл уул уурхайн салбарын томоохон уурхайнууд 50-60 мянган тонн дизель түлш хэрэглэж байна. Энэ нь шатахууны хэрэглээ өссөнийг илтгэж байна. 2022 оны нэгдүгээр сарын 01-нээс 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл дизель түлшний нийт импорт 987.875 тонн байв.

Гэтэл өнөөдрийн байдлаар буюу эхний арваннэгдүгээр сарын байдлаар дизель түлшний импорт ОХУ-аас 1.235.736 тонн импортолсон байна. Үүгээр юу хэлэхийг хүссэн бэ гэхээр ОХУ-аас импортолсон эсэхэд хариу өгч байна.

Дизель түлшний тухайд ОХУ-аас Монголд нийлүүлдэг хэмжээгээрээ өгнө. Илүү нийлүүлж чадахгүй байна гэдгийг хэлж байна. Өөрөөр хэлбэл, нэмэгдсэн 30 хувийн хэрэглээг давж өгч чадахгүй байна. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ гэхээр БНХАУ-аас 31.500 тонн дизель түлш захиалсан.

Зарим иргэд намайг БНХАУ-аас гуйсан гэж шүүмжилсэн. Гуйхаас өөр арга байхгүй л байна.  Энэ түлшний эхний 5000 тонн нь өнөөдөр урдаас ирж байна. Дизель түлшний хувьд нөөцлөлт их байна. ШТС-уудаар бөөний үнээс хямд зарж байна. Бөөнөөр нь авч  цааш нь дамлаж зарах үзэгдэл байгаа учраас ямар нэгэн захиалгагүй, падангүйгээр дизель түлш Улаанбаатараас гаргахыг  өнөөдрөөс хориглож байна. Нийлүүлэлтээ нэмэгдүүлнэ.  Төр зохицуулалтаа хийнэ. Үүний үр дүнд харьцангуй тогтворжино гэж бодож байна. Бусад улс орнууд үүсч байгаа асуудлыг хамтаараа даван туулж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж