2024 оны УИХ-ын сонгуулийн жил гарахад хэдхэн хоногийн хугацаа үлдээд буй. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирлууд сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн байх зохицуулалттай.
Сонгуулийн тухай хууль:
29.4.Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна:
- 29.4.1.төрийн жинхэнэ албан хаагч
- 29.4.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан
- 29.4.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал
Энэ зохицуулалтын дагуу зарим албан тушаалтнууд ажлаа өгч, сонгуулийн бэлтгэл ажилдаа орсон бол зарим нь ажлаа өгөх бэлтгэлээ хангаж эхэлжээ.
ҮАБЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА СЭЛЭНГЭ АЙМГИЙГ ЗОРИНО
2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн анхны зарлигаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилогдсон Ж.Энхбаяр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөөр болжээ. Одоогоор ажлаа өгөөгүй ч тун удахгүй ажлаа өгч, Сэлэнгэ аймагт нэр дэвшихээр болжээ. Ж.Энхбаярын хувьд хувийн хэвшил, бизнесийн салбарт ажиллаж байгаад Улаанбаатар хотын гааль, Гаалын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газруудад ажиллаж байгаад 2012 онд анх УИХ-ын гишүүнээр сонгогдож, Батлан хамгаалахын сайдаар томилогдож байсан. Мөн 2016 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаад ЖДҮХС-ийн зээлийн асуудалтай холбогдож, 2020 оны УИХ-ын сонгуулийг өнжиж байсан юм. Түүнийг улс төрийн хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүн гэдэг бөгөөд одоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн албыг хашиж байгаа. Хуулийн дагуу тэрбээр тун удахгүй ажлаа өгөх хүсэлтээ Ерөнхийлөгчид өгөх юм байна.
“ХӨТӨЛ”-ИЙН Л.НАРАНБААТАР АЖЛАА ӨГЧ, СОНГУУЛЬД ГОРИЛНО
2022 онд Засгийн газрын хуралдаанаар “Хөтөлийн цемент,шохой” үйлдвэрийг хувьчилсан шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт эрх мэдэл нь шилжсэн. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас тус үйлдвэрийн захирлаар Л.Наранбаатарыг томилсон юм. Томилогдсон цагаасаа хойш хэл ам ихтэй байсан Л.Наранбаатар ажлаа өгөхөөр болж, сонгуулийн ажилдаа орохоор болжээ. Түүний хувьд анх Ардчилсан намын гишүүн байсан ч намаасаа хөөгдөж, 2020 оны сонгуульд “Зөв хүн электорад эвсэл”-ээс Дархан-Уул аймагт нэр дэвшиж, тухайн үед эсвлээс татгалзаж, Сахигтун! Үндсэн хуулийн 19″ эвслээс (БЗД) УИХ-ын 22-р тойрогт З.Энхболдтой өрсөлдсөн ч сонгогдож чадаагүй. Улмаар 2021 онд МАН-д гишүүнээр элсч, “Хөтөл”-ийн захирлын албан тушаалаар шагнуулж байсан юм.
СЗХ-НЫ Д.БАЯРСАЙХАН АЖЛАА ӨГЧ, НЭР ДЭВШИХЭЭР ГОРИЛНО
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан мөн хуулийн дагуу үүрэгт ажлаасаа тун удахгүй чөлөөлөгдөх гэнэ. Д.Баярсайханы хувьд 1997 оноос Сангийн яамнаас ажлын гараагаа эхлүүлж, санхүүгийн салбартаа мэргэшсэн нэгэн. Д.Баярсайхан нь 2019 онд УИХ-аас Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилсон юм. Түүний хувьд санхүү менежмент эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин юм. Д.Баярсайханыг санхүүгийн салбартаа мэргэшсэн, салбарын хүн гэж тодорхойлдог бөгөөд ийн төрд зүтгэх ажлаа өндөрлүүлж, улс төрд хүч үзэхээр, 2024 оны сонгуульд нэр дэвшихээр ажлаа өгөхөөр болжээ.
Т.ОД
Холбоотой мэдээ