Монгол бөхийн өргөөнд 2023 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулсан Сэлэнгэ аймгийн нээлттэй өдөрлөгт зориулсан улс, аймгийн цолтой 128 хүчит бөхийн барилдааны үеэр гарсан зөрчлийг шалгаж, шийдвэрлэжээ. Тодруулбал, Монголын үндэсний бөхийн холбооноос сумын заан Г.Ганбатын барилдах эрхийг нэг жилээр хасах шийдвэрийг гаргасан. Учир нь Өмнөговь аймгийн Сэврэй сумын харьяат, сумын заан цолтой Ганхүүгийн Ганбатын 2023 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн барилдаанд учраа бөх Т.Мөнх-Эрдэнийг санаатайгаар өвдөглөсөн үйлдэл гаргасныг ёс зүйн зөрчил гаргасанд тооцсон юм.
Түүний гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 /Хүний биед халдах/-д заасны дагуу 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Харин улсын цолтой нэг бөхийн "барилдаанд давахдаа учраа бөхийнхөө биед халдсан" гэх асуудлыг шалгахад тогтоогдоогүй учраас татгалзаж шийдвэрлэжээ.
"Нээлттэй Сэлэнгэ түмэн" өдөрлөгт зориулсан барилдаанд улсын аварга О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглосон. Уг барилдаанд "Увс нуур" дэвжээний бөх, улсын гарди Ө.Бат-Орших түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, Түшээт ханы аварга дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Э.Даш үзүүрлэсэн юм.
Холбоотой мэдээ