Авлигатай тэмцэх газраас нэг жилийн өмнө /2022.12.13/ нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг зарласан. Уг жагсаалтад УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, Ц.Сэргэлэн, Н.Наранбаатар, Б.Баттөмөр, Ш.Раднаасэд нарыг нүүрсний хулгайтай холбоотой байж болзошгүй талаар хуулийн байгууллагаас мэдээлж байв. Гэтэл өнөөдрийг хүртэл нүүрсний хэргээр хуулийн байгууллагад шалгуулж буй улстөрч, албан тушаалтнуудаас наймыг нь л шалгаж, сонсголд гэрчээр дуудсан.
"БИ ДОЛДУГААР АНГИАСАА ХОЙШ НҮҮРС ГЭЖ МЭДЭХГҮЙ"
Нүүрсний хэрэгт холбогдсон таван УИХ-ын гишүүн /2022.12.14 / Авлигатай тэмцэх газрын үүдэнд мэдээлэл хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар ярихдаа "Нүүрсний хулгай удаан үргэлжлэх байх. Ард түмэн ядуу амьдарч байхад ийм том хулгай хийнэ гэдэг байж болохгүй. Цаашдаа энэ асуудал удаан үргэлжлэнэ. Бид нэр төрөө сэргээлгэж авъя. Ард түмэнтэйгээ нийлж, нүүрсний хулгайчдыг илрүүлнэ. Ядарсан ардын зээлийг нүүрсний хулгайчдын мөнгөөр төлүүлнэ. Зарим УИХ-ын гишүүд ядарсан иргэддээ гэр өгнө гэж байгаа. Миний хувьд иргэдийн ипотекийн зээлийг нүүрсний хулгайн мөнгөөр төлүүлэх хуулийн төслийг өргөн барина. Огт хамаагүй УИХ-ын гишүүдийг яаж олж чадсан юм гэмээр ийм сонин баримт дэлгэлээ. Биднийг энэ хэрэгт холбож, нэрсийг зарласан. Би долдугаар ангиасаа хойш нүүрс гэж мэдэхгүй гэдгээ хэлсэн. Зарим хүмүүс их шоолж байна лээ.
Бизнесийн хүнд өөрийн эрхэмлэдэг зан чанар гэж бий. Би хулгай гэдгийг үзэн яддаг. Тиймээс энэ гүтгэлгийг буцааж, ард түмэнтэйгээ нийлж, бүлэг дотроо нүүрсний хулгайг илрүүлэх бүлэг байгуулна. Ард түмэнтэйгээ хамтарч тэмцэнэ.
Би бүлэг дээр нэлээн шүүмжлэлтэй ханддаг. Намайг хүчирхийллийн хэрэгт холбосон. Цаанаасаа захиалгатайгаар жинхэнэ хулгайчийг олон ард түмний итгэлийг мухардуулж байгаа нэг арга. Тэглээ гээд бид бууж өгөхгүй. Ард түмнээсээ сонгогдсон гишүүнийхээ хувьд хамтран тэмцэнэ. Унтаж байгаа баавгайг сэрээсэн тэр хулгайч нартай өөрсдөө гомдох цаг ирнэ" гэж байв.
"НҮҮРС ТҮЛЖ ҮЗСЭНЭЭС ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАНГҮЙ ЭЭ"
Тэрбээр Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед Тамгын газрын даргын албыг нь хашиж байв. АТГ-аас нэрлэсэн нүүрсний хэрэгт шууд ба шууд бусаар холбоотой 17 сэжигтний нэг нь Ө.Шижир. Жилийн өмнө хэвлэлд тайлбар өгөхдөө "За нүүрсчин болоодохлоо. Өнөөдөр өрнөж байгаа энэ улс төрийн тэмцэлд нь миний нэр их хэрэг болоод байгаа юм байлгүй дээ. Монгол орны эдийн засагт өгөөжөө өгч, иргэдийн ахуй амьдралыг сайжруулахад зарцуулагдах учиртай баялаг цөөн хэдэн хүмүүсийн гараар орж, өнөөдрийн нөхцөл байдал үүссэнд бусдын адил сэтгэл зовниж, энэ хэрэгт оролцоотой хүмүүс нийтэд ил болж, зохих ёсны шийтгэл хүлээх ёстой гэсэн иргэдийн шаардлагатай 100 хувь санал нийлж байна. Энэ хэргийг нээлттэй, ил тод, иргэдийн хатуу хяналт дор шалган шийдвэрлэх ёстой.
Миний бие өнөөг хүртэл нүүрсний салбартай холбоотой ажил эрхэлж байгаагүй тул өөрт холбоотой мэдээлэлд эмзэглэж байгаа ч шаардлагатай гэвэл хууль хүчний байгууллагын мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж, бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлье ээ.
Нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар хамааралтай улстөрчдийн нэрийг зарлахад УИХ дахь МАН-ын бүлгийн таван гишүүн нэр холбогдсон. Энэхүү таван гишүүн дунд Н.Наранбаатарыннэр орж, тэрбээр бусад дөрвөн гишүүний хамтаар хурал зарлан “Миний бие нүүрсний хэрэгт холбогдох ямар ч үндэслэл байхгүй. Аймгийн Засаг дарга нүүрсний асуудал руу ордоггүй” гэж тайлбарлаж байв. Гэвч хуулийнхан түүнд хэрэг үүсгэн, яллагдагчаар татахаар болсон. Улмаар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал өмнө яригдаж байлаа. Мөн бүрэн эрхтэйгээ байгаа ч холбогдох шалгалтын ажилд саад учруулахгүй.
Би өнгөрсөн дөрвөн жил Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсантай холбогдуулан хэрэгт холбож байна. Тавантолгой Өмнөговь аймагт байрладаг. Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомт байдаг учраас намайг холбоотой байж магадгүй гэж нэр оруулсан байх.
Би энэ хэрэгтэй ямар ч холбоогүй. Миний ХОМ өсөөгүй. Бүх юм ил тод байгаа. Би Х.Мандахбаярыг нүүрсний холбоонд холбогдоогүй гэж итгэж байна. Нүүрсний хулгай, оффтейк гэрээ намайг Засаг даргаар ажиллаж байхад л төрөөс хийсэн байсан. Улаанбаатарт оффистой улсууд л байдаг. Орон нутагт хамааралгүй шүү дээ" гэдгээ мэдэгдсэн. Н.Наранбаатарын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өнгөрсөн өвөл УЕП-оос УИХ-д оруулсан боловч, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ хоёрыг төрхөмд нь буцааж, түүнийг авч үлдсэн байдаг.
"БИДЭНД ХИЙСЭН ХЭРЭГ ОГТ БАЙХГҮЙ"
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хувьд “Ард түмэн ч итгэхгүй байгаа нь харагдаж байгаа. Тэд энэ хэрэгт таван хүнийг зарлаад өнгөрөөх гэж байна, жинхэнэ хулгайчдыг зарлах шаардлагыг иргэд тавьж гудамжинд байнга жагсана. Тиймээс бид УИХ-д өргөн баригдаад, хэлэлцэх эсэх нь шийдэгдчихсэн байгаа Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг яаралтай батлуулахаар тэмцэх болно. Олон нийт хэн нь хулгайч болохыг бүгд мэднэ.
Бид тавтай АТГ байтугай ямар нэгэн байгууллагаас уулзаж, юм асуугаагүй. Гэнэт бидний нэрсийг зарлалаа. Энэ ямар учиртай юм бэ. Бидэнд хийсэн хэрэг огт байхгүй. Бодит байдлыг харахад дарга нарыг дагаж гүйдэггүй, илүү дутуу юм ярьдаггүй ийм хүмүүсийг хэрэгт холбогдуулж байна" гэдгийг хэлж байсан.
"НАМАЙГ ХЭРЭГТ ШАЛГАЖ БАЙГАА ТАЛААР НАДАД МЭДЭГДСЭН ЗҮЙЛ БАЙХГҮЙ"
Авлигатай тэмцэх газраас зарласан 17 албан тушаалтны нэг Өмнөговь аймгийн Засаг дарга асан Р.Сэддорж. Түүнд холбогдох хэргийг шийдвэрлэтэл Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, мөн нэр бүхий яллагдагч, гэрч нартай уулзахыг хориглосон байдаг.
Яллагдагч Р.Сэддоржийн хувьд “УИХ-ын гишүүн, “Ажнай корпорац"-ийн ерөнхийлөгч асан Д.Бат-Эрдэнэтэй уулзахыг хязгаарласан” хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан гомдол гаргасан ч шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэж байв.
Тэрбээр нүүрсний сонсголд оролцох үеэрээ "Нэг м/куб хөрсийг 4700-8500 төгрөгөөр хуулж байгаа нь бага үнэ юм. Намайг ажиллаж байх хугацаанд 10 мянган төгрөгөөр хуулж байсан. Зардлыг бага байлгаснаар компанийн ажил урагштай байсан л гэж боддог. 2013 онд 62 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Дэлхийн зах зээл тэр үед унаж байсан. Энэ үед бид хаалгаа бариагүй, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн бүх сумын уурын зуухны нүүрсийг хангадаг байсан. Өнгөрсөн 2016 оноос хойш зах зээл сэргэж, 54 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Харин 2017 онд 141 тэрбум, 2018 онд 52 тэрбум, 2019 онд 48 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, би ажлаа өгсөн. Намайг хэрэгт шалгаж байгаа талаар надад мэдэгдсэн зүйл байхгүй байна" гэсэн юм.
"НҮҮРСНИЙ ХУЛГАЙ"-ТАЙ ТЭМЦЭХ ЁСТОЙ ГЭЖ ҮЗДЭГ"
“Эрхэт Монгол групп”-ийг үүсгэн байгуулагч, Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дарга Х.Мандахбаяр нэр зарласан 17 албан тушаалтны нэг. Тэрбээр хэвлэлд тайлбар өгөхдөө "АТГ-аас нэрс зарлахад маш их гайхсан, одоо гайхлаа гээд яах билээ. Хэзээ АТГ-аас дуудах бол гээд хараад сууж байна. Төр, хуулийн байгууллага шалгах ёстой гэж үзсэн бол хэнийг ч шалгаж таарна.
Олон нийт өөр өөрийн зүгээс хандаж байгааг яах ч аргагүй. Миний хувьд "Нүүрсний хулгай"-тай тэмцэх ёстой гэж үздэг.
Өнөөдөр ямар аймшигтай баримтууд ил гарч байна вэ. Хүмүүс үүнийг “Мөсөн уулын дөнгөж оргил нь юм” гэж ярьж байгаатай би санал нийлнэ. Үүнээс ч илүү аймшигтай баримт гарах болов уу. Энэ бүгдийг задлах ёстой. Сүүлийн 30 жил Монгол Улсыг тонон, дээрэмдсэн, төрд шургалсан олигархиуд, улсын төсвийг завшиж байгаа луйварчидтай тэмцэх тэмцэл зайлшгүй байх ёстой" гэж хэлсэн байдаг. Гэхдээ түүнийг хөрс хуулалтын компаниараа дамжуулан нүүрс хулгайлсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж буйгаа хууль, хүчнийхэн мэдээлж байсан юм.
"БИ 2018 ОНД МАН-ЫН ТӨЛӨӨЛЛӨӨС ЖИЛ ГАРУЙ ТУЗ-Д АЖИЛЛАСАН"
Төрд ажиллаж, иргэдийг төлөөлж байгаа хүний хувьд нүүрсний хулгайтай огт холбоогүй гэдгээ цахим хуудсаараа мэдэгдсэн нэгэн бол Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Эрдэнэ-Очир.
Нүүрс тээвэрлэлт нэг удаа ч хийж байгаагүй гэх түүнийг нэг жилийн өмнө АТГ-аас шалгаж байгаа гэж мэдэгдээд таг болсон.
Тэрбээр сүүлд нүүрсний эхний сонсголд оролцохдоо "Би 2018 онд МАН-ын төлөөллөөс жил гаруй ТУЗ-д ажилласан. Нэг удаа сонгогдсон. 2016-2020 онд аймгийн ИТХ-ийн төлөөлөгч байсан. Энэ хугацаанд ИТХ-д МАН олонх байсан тул төлөөлөл болж ТУЗ-д байсан" тухайгаа онцолсон байдаг.
"З.ЭНХБОЛД ГЭДЭГ ХҮН НҮҮРСНИЙ ГЭХ ТОДОТГОЛТОЙ ДЭЭРХ ХЭРЭГТ ЯМАР Ч ХАМААРАЛГҮЙ"
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдод холбогдох нүүрсний хэргийн мөрдөн шалгах ажил мөн л дуусаагүй байна. Түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Нүүрсний гэх тодотголтой, бүр тодруулбал 20220200721 дугаартай хэрэг бий. Миний үйлчлүүлэгч З.Энхболдыг нүүрсний гэх энэ хэрэгт холбогдуулан шалгаж байна гэдэг мэдээллийг АТГ-аас олон нийтэд анх мэдээлсэн. ЭХХШТХ-д хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа тохиолдолд иргэн, хуулийн этгээдийн нэрийг зарлахыг хориглодог хуулийн заалттай.
Нөгөө талаар миний үйлчлүүлэгч З.Энхболд гэдэг хүн нүүрсний гэх тодотголтой дээрх хэрэгт ямар ч хамааралгүй гэдгийг албан ёсоор хэлье.
Харин түүнийг ЕТГ-ын даргын албан тушаалыг хашиж байх үедээ Зам тээврийн хөгжлийн сайд байсан Б.Энх-Амгаланг гэмт хэрэг хийхэд нь хамжигчаар оролцсон гэх хэрэг тулгаж, Эрүүгийн хуулийн 22.1.3-т заасан зүйл ангиар шалгаж байгаа.
Нэгд, миний үйлчлүүлэгч З.Энхболд уг хэрэгт хамжигчаар оролцсон аливаа нэг үйлдэл байхгүй. Эрүүгийн хуулийн 22.1.3-т улс төрд нөлөө бүхий албан тушаалтныг авч үздэг. Тэгвэл З.Энхболдын ЕТГ-ын даргын албан тушаал нь улс төрд нөлөө бүхий албан тушаал биш. Энэ бол нэг төрлийн гүтгэлэг, хэлмэгдүүлэлт" гэсэн юм.
Түүний хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн гэдэг мэдээллийг албаныхан өгч байв.
Нүүрсний хулгайтай холбоотой болохыг АТГ-аас анх зарласан албан тушаалтнуудын нэрсийг хүргэж байна.
- Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга /АН/
- УИХ-ын дарга асан З.Энхболд /АН/
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир /АН/
- Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат /МАН/
- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн /АН/
- УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ /АН/
- УИХ-ын гишүүн Ц.Анандбазар /МАН/
- УИХ-ын гишүүн Н.Наранбаатар /МАН/
- УИХ-ын гишүүн Б.Баттөмөр /МАН/
- УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн /МАН/
- УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд /МАН/
- Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж /АН/
- Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Эрдэнэ-Очир /МАН/
- “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд /МАН томилсон/
- “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг /МАН томилсон
- "Эрхэт Монгол"-ын Ерөнхий захирал Х.Мандахбаяр /МАН/
- Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа /АН/ зэрэг хүмүүс одоогоор багтаж байна.
Холбоотой мэдээ