Түр хорооноос нүүрсний хоёр дахь шатны сонсголд Б.Ганхуягийг оролцуулах хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ. Сонсголд гэрчээр оролцох хүмүүсийн нэрсийг өчигдөр /2023.12.11/ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр танилцуулсан. Сонсголд нэр бүхий улстөрчдийг гэрчээр дуудсан нь олны анхаарлыг татаж байна.
Нүүрсний хоёр дахь шатны сонсгол 2023 оны арванхоёрдугаар сарын 18-22-ны өдрүүдэд болох юм.
Гэрчээр дуудагдсан Б.Ганхуяг нь 2023 оны арванхоёрдугаар сарын 19-нд таван асуудалд, арванхоёрдугаар сарын 21-нд хоёр асуудалд, арванхоёрдугаар сарын 22-нд хоёр асуудалд гэрчээр оролцох гэнэ.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн ар гэрийнхэн өнгөрсөн долоо хоногт /2023.12.07/ мэдээлэл хийсэн. Тэр үеэр Б.Ганхуягийн төрсөн эгч Б.Нарантуяа ярихдаа "Бид 2023 оны арванхоёрдугаар сарын 5-нд нүүрсний сонсголд Б.Ганхуягийг оролцуулах хүсэлтийг ХЗДХ-ийн сайд болон ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаярт хүргүүлсэн. Өчигдрийн байдлаар нүүрсний сонсголд оролцуулах боломжгүй гэдэг хариултыг өгсөн. Харин өнөөдрийн мэдээллээр Монголд цагдан хоригдож байгаа гэмтэй эсвэл гэм буруугүй гэдэг нь шийдэгдээгүй байгаа нөхцөлд ямар ч хүн эрүүл мэндээ хамгаалж, эмнэлгийн үйлчилгээ авах бүрэн эрхтэй. Гэтэл 2022 оны арванхоёрдугаар сарын 7-ноос хойш хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа Б.Ганхуягийн биеийн байдал энэ оны есдүгээр сарын 25-наас огцом муудсан.
Тухайн үед маш их санаа зовсон. Даралт унах гэх мэт эмгэг илэрч байгаагүй. Ар гэрийнхэн нь долоо хоног бүр очиж уулздаг байсан. Бидний таамаглаж байгаагаар Б.Ганхуяг есдүгээр сарын 12-нд ноцтой мэдээлэл хэлж, хамгаалалтад авахыг хүссэн.
Гэвч прокурорын байгууллагаас боломжгүй гэдэг хариултыг өгсөн. Ингээд есдүгээр сарын 23-наас толгой нь өвдөж, даралт нь унаж, их хэмжээгээр бөөлжиж, суулгасан. Гэр бүлийн зүгээс ШШГЕГ-аас тодорхой мэдээлэл өгөөч гэдэг хүсэлтийг өгсөн боловч есдүгээр сарын 25-нд өмгөөлөгч биеийн байдлыг нь нүдээрээ харж мэдсэн. Тэгээд эмнэлгийн үйлчилгээнд хамруулах хүсэлтийн дагуу тухайн өдөр эмнэлэгт хэвтсэн. Эмчлэгч эмчтэй уулзахад "Биеийн байдал нь тогтворжиж байна" гэсэн. Хүсэлт өгөх болгонд "Биеийнх нь байдал хэвийн байгаа" гэдэг хариултыг өгч байсан. Биед нь ил шарх сорви байхад хэвийн байна гэдэг хариултыг өгч ирсэн. Бид маш их гомдолтой байна. Дүүгийн маань биед хүнцэл гэдэг хүнд металл илэрсэн. Өчигдөр шинжилгээ авсан гэсэн. Хариу нь одоогоор ирээгүй байна. Дүүг маань ямар нэг байдлаар санаатайгаар хордуулах гэж байна" гэсэн юм.
Холбоотой мэдээ