Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс арванхоёрдугаар сарын 4-10-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 113 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бол 92 гомдол, мэдээллийг хянан шалгаж буй юм байна.
Түүнчлэн эрүүгийн 841 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 9 хэргийг шүүхэд шилжүүлэх, 25 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 5 хэргийг нэгтгэн шалгаж эхэлжээ. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 800 хэрэг шалгагдаж байна.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
- УИХ-ын гишүүн Б нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон, мөнгө угаасан гэх;
- Гаалийн төв лабораторийн албан тушаалтан С нь бусдаас хахууль авсан гэх;
- Увс аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Г нь нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх;
- Г нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгосон гэх;
- Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн албан тушаалтан П, Ч нар нь бүлэглэж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;
- Дундговь аймгийн Сайнцагаан сумын удирдах албан тушаалтан Б нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;
- Төмөр замын цагдаагийн газрын албан тушаалтан Б нь Зөрчлийн тухай хуулийн дагуу оногдуулсан шийтгэлийн мөнгийг завшсан гэх.
- Ус цаг, уур орчны шинжилгээний төвийн албан тушаалтан З нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын удирдах албан тушаалтан А нь бусдад давуу байдал бий болгосон гэх хэргүүд багтжээ.
Сануулахад, УИХ-ын гишүүн Б гэдэг нь "Ажнай" Д.Бат-Эрдэнэ аж. Түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгасан юм. Ингэхдээ зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулж, 2006-2022 оны хооронд нийт 85,602,757,816.52 төгрөгийн ногдол ашгийг арилжааны банкаар дамжуулан авч, 15,524,816,555.47 төгрөгийн илүү ногдол ашгийг “Тавантолгой” ХК-аас шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгосон. Хууль бусаар авсан ногдол ашгийн мөнгөний эх үүсвэрийг нуух зорилгоор “Капитрон банк” ХХК-ийн дүрмийн санг буюу хувь нийлүүлсэн хөрөнгийг, “Ажнай корпорац” ХХК-ийн 100 хувийн хувьцааг нь эзэмшдэг “Дүгэрэг” банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн санг нэмэгдүүлэх санхүүжилт хийж мөнгө угаасан гэх хэрэгт буруутгаж шалгасан.
Түүнийг энэхүү мөнгө угаасан хэргийг үйлдэхдээ Р.Сэддоржийг “Тавантолгой” ХК-ийн захирал, Г.Шүрэнцэцэгийг тус компанийн ерөнхий нягтлан бодогчоор томилуулсан гэж буруутгаж ирсэн билээ.
Г.ХОРОЛ