Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун “Хүнсний хувьсгал” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзах үеэрээ хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг 2-3 жилд үе шаттайгаар нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдээ хамгаалах бодлого барин ажиллахаа мэдэгдсэн. Үүнд хүнсний гол нэрийн 19 төрлийн бараа, бүтээгдэхүүний хамруулах асуудал яригдаж байгаа. Тэгвэл хүнсний бүтээгдэхүүний импортын татварыг нэмэх зах зээлд ямар нөлөөтэй талаар эдийн засагч, судлаачдын байр суурийг хүргэж байна.
“ИМПОРТЫГ ҮЗЭН ЯДДАГ ҮЗЛЭЭ ХАЯХ ХЭРЭГТЭЙ”
ЭДИЙН ЗАСАГЧ С.ДЭМБЭРЭЛ:
-Ерөнхийлөгч хүнсний аюулгүй байдлаа хамгаална гэх уриалга дэвшүүлэн “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн өрнүүлээд явж байна. Нөгөө талаас Засгийн газар нь “Шинэ сэргэлт” гэж байна. Гэвч эцсийн дүндээ энэ олон бодлого өрхүүддээ, эдийн засгийнхаа хөрсөн дээр хэрхэн бууж байна гэдэг асуудал. Гурил, мах хоёрыг аваад үзье. Татаасаар амьдарч байгаа салбарууд шүү дээ. Х.Болорчулуун гэдэг сайд гурилын үнийг өсгөсөн. Ашиг сонирхлын зөрчилтэй, өөрөө гурилын үйлдвэртэй. Махны үнэ өсөхгүй байх тохиолдол дээр өссөн. Хүнсний аюулгүй байдал гэж та бидний аюулгүй, эрүүл, шим тэжээлтэй хүнс хэрэглэх эдийн засгийн боломжийг хэлж байгаа юм. Хэрэв улс оронд хүнсний инфляци өндөр байсаар байвал, иргэдийн худалдан авах чадвараар дамжин хүнсний аюулгүй байдал алдагдаж байна гэсэн үг. Энэ талаас нь бодож, хүнсний салбараа том зургаар нь хараасай. Зөвхөн хүнсний үйлдвэрүүдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжих бус импортыг үзэн яддаг үзлээ ч хаях хэрэгтэй. Импорт муу гэдэг. Экспорт гоё гэдэг. Гэтэл аль аль нь эдийн засагт хэрэгтэй. Бид импортоор хүнсний аюулгүй байдлаа хангаж, маш олон хүнснээс сонголтоороо хэрэглэж байна. Учир зүггүй импортын тарифыг нэмэгдүүлээд, 22 төрлийн хүнсний бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлнэ гэдэг буруу. Импортын барааны үнийг дотоодынхтой харьцуулахад, импортын үнэ бага байна. Импортыг барааны эргэлтийг хурдасгасан тохиолдолд чөлөөт өрсөлдөөн буюу чөлөөт үнэ тогтоно. Дэлхий дээр дотоодын үйлдвэрлэл болон импортын хэрэгцээ хоёроор л хүнсний аюулгүй байдлаа хангадаг.
“БҮГДИЙГ ДОТООДДОО ӨӨРСДӨӨ ҮЙЛДВЭРЛЭНЭ ГЭДЭГ БОЛОМЖГҮЙ”
“ЭН АР СИ СИ” СУДАЛГААНЫ КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.АЛТАНЦЭЦЭГ:
-Хэнд ашигтай ийм шийвэр гаргах вэ гэдэг асуулт урган гарч ирж байна. Гаднаас оруулж ирж байгаа бүтээгдэхүүнийг татвар нэмэх замаар үнэтэй болгоно гэдэг сайн зүйл биш. Хүнсний бүтээгдэгүүн дээр аваад үзэхэд, иргэд гадаад орж ирж байгаа бүтээгдэхүүнийг арай хямд үнээр авах боломжтой. Татвар нэмэхээр үнэтэй болж орж ирнэ. Үйлдвэрлэж хэсэгтээ зах зээлийн өрсөлдөөний давуу байдал олгосноор ашигтай байх. Үйлдвэрийн эздийн орлого нэмэгдэх боломж байж болно. Нөгөө талдаа хэрэглэгчдийн хувьд бүтээгдэхүүний үнийн өсөлт тулгарна. Тэгэхээр хүнсний бүтээгдэхүүний импортын татварыг нэмнэ гэдгийг хамгаалах бодлого гэж харахгүй байна. Гэхдээ эцсийн дүндээ манайд хожил, хохирогч хоёрын аль илүү гарч ирэх вэ гэдгийг нарийн судлах шаардлагатай. Шууд ээлтэй бодлого гэж харагдахгүй байна. Бүгдийг дотооддоо өөрсдөө үйлдвэрлэнэ гэдэг боломжгүй зүйл. Жишээ нь, жимс, хүнсний ногоог дотоодоосоо бүрэн хангах боломжгүй. Өвлийн хүлэмжинд өндөр өртгөөр тарьсан ногоог хүн худалдан авч хэрэглэж чадахгүй. Энэ бүгдийг тооцох ёстой. Эх оронч үзлээр өнгөцхөн сонсоход хэрэглээг хангана гэдэг боломжтой мэт боловч үнэндээ тийм зүйл байхгүй. Эдийн засгийн бодлогын хувьд гаалийн татвар нэмэгдүүлэхэд шийдвэрийн улмаас хэн илүү хохирох вэ гэдгийг бодолцох хэрэгтэй.
“ТООЦОО СУДАЛГААГААГҮЙ ХАНДВАЛ ЭДИЙН ЗАСАГТ МАШ ХОР ХОХИРОЛТОЙ”
СУДЛААЧ Х.БАТСУУРЬ:
-Импортыг орлуулах бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортыг дэмжих гэсэн эдийн засгийн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх цогц том бодлого бий. Энэ нь хөгжиж буй орнуудын эдийн засгийг ул суурьтай хөгжүүлэх бодлого бөгөөд өндөр хөгжилтэй дэлхийн улс орнууд бүгд энэ замаар хөгжилд хүрсэн. Америк, Япон, Солонгос, Герман бүгд энэ замаар явж хөгжсөн.
Гэхдээ энэ бодлгогыг маш болгоомжтой, тооцоо судалгаатай хэрэгжүүлэх ёстой. Хэрэв тооцоо судалгаагаагүй хандвал эдийн засагт маш хор хохиролтой. Импортыг орлуулах бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлого дээр онцгой анхаарах ёстой. Энэ нь үйлдвэрлэгч улс дотоодын зах зээлээ хамгаалах гол арга хэрэгсэл байдаг. Дотооддоо үйлдвэрлэдэг ижил төстэй бүтээгдэхүүний импортыг нарийн тооцоонд үндэслэн үе шаттай, татвар, тариф, квотоор хязгаарладаг арга замуудтай. Гэхдээ энэ нь импортыг бүр мөсөн зогсоо гэсэн үг огт биш. Маш бага зохицуулалт оруулж, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих, мөн гаднын бүтээгдэхүүнтэй чанар стандартаар өрсөлдөх боломж олгох нь чухал.
Тиймээс импорт бол орж ирэх ёстой, татвар, тариф нь зохистой байх ёстой зүйл. Тэгж чөлөөт өрсөлдөөн бий болгож байж, дотоодын үйлдвэрлэл жинхэнэ утгаараа хөгжинө. Үүнийг дотоодын татварын бодлогоор дэмжих боломжтой. Бизнесменүүд төрд хэт эрх мэдэлтэй болвол хүчтэй лобби хийж, өөрсдийн дотоодоосоо нийлүүлдэг бүтээгдэхүүнд монополь байр суурь олох зорилгоор гадаадын бараа бүтээгдэхүүнийг хорих, хэт өндөр тавих замаар зах зээлийг будлиулдаг тул төр үүнээс сэргийлэх ёстой. Тэд зах зээлийн өрсөлдөөнгүй чанаргүй бараагаар дотоод зах зээлээ хангаж, өөрсдөдөө давуу байдал олж авснаар гадагшаа экспортод гаргах өрсөлдөх чадвараа алддаг. Зөвхөн дотоодын зах зээлдээ монопольдож, шимэгчлэн амьдрах орчныг бүрэлдүүлдэг сул талтай. Хэт даварсан дотоодын үйлдвэрлэл хэзээ ч олигтой хөгжиж, гадаадын зах зээл дээр өрсөлдөх чадвартай болж чаддаггүй.Тиймээс зах зээлийн өрсөлдөөнийг бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн мэргэжлийн судалгаан дээр үндэслэж, бараа бүтээгдэхүүн болгон дээр өөр өөр тарвар тариф, импорт, экспортын бодлого баримтлах ёстой.
Холбоотой мэдээ