ОХУ-ын өнгөрсөн аравдугаар сард нефтийн экспортоос 11.3 тэрбум ам.долларын цэвэр ашиг олжээ. Тэр бүү хэл тухайн сарын төсвийн нийт орлогын гуравны нэг орчим хувийг эзэлсэн байна. Энэ нь Украины дайны өмнөх үеэс ч илүү үзүүлэлт юм.
"Их-7"-ийн орнууд Оросын нефтийн баррель тутамд 60 ам. долларын үнийн дээд хязгаар тогтоосон. Үүнээс хойш бараг нэг жилийн дараа ОХУ аравдугаар сард их хэмжээний нефть олборлосон юм. Үнийн дээд хязгаар тогтоосон нь дэлхийн нефтийн худалдааг тогтвортой хэвээр хадгалахын зэрэгцээ Оросын дайны машины санхүүжилтийг хязгаарлах зорилготой. Хязгаарлалтын журмын дагуу 60 ам. доллараас дээш үнээр зарагдсан газрын тос тээвэрлэж буй хөлөг онгоцны даатгал, тээврийн үйлчилгээг хориглодог.
"Bloomberg"-ийн тайланд дурдсанаар ОХУ аравдугаар сард нефтийн экспортынхоо 99 хувийг баррель нь 60 ам.доллараас дээш үнээр борлуулж чадсан байна. Тодруулбал, томоохон боомтуудаас экспортолсон газрын тос дунджаар 79.40 ам.доллар хүрчээ.
ОХУ-ын нефтийн экспорт нэмэгдэхийн хэрээр хөлөг онгоцны сүүдрийн флот ч нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, зохих даатгалгүй, хяналтын системээ унтраасан, хэн болохоо санаатайгаар нуусан хөлөг онгоцуудыг сүүдрийн флот гэнэ. Энэ онд Оросын газрын тосны экспортын 45 орчим хувийг сүүдрийн флот тээвэрлэжээ.
ОХУ дайны өмнө Европын нефтийн зах зээлд томоохон байр суурь эзэлж байсан. Дайнаас хойш тус улс Энэтхэг, Хятад зэрэг өөр зах зээл рүү шилжих замаар хориг арга хэмжээг тойрох болжээ.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ