УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2023.12.12/ хуралдаанаар Монгол Улс Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн, дэмжлээ.
Дээрх зээлийн хэлэлцээрийн хүрээнд 110 сая ам.долларыг авто замын дэд бүтцийг сэргээн сайжруулахад зарцуулах аж. Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын танилцуулснаар дээрх зээлээр Улаанбаатар-Арвайхээр, Хархорин-Цэцэрлэг, Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн автозамуудын ээлжит болон их засварын ажил, Улаанбаатар-Өндөрхаан, Булган-Мөрөн, Арвайхээр-Баянхонгор, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замын засварын ажил болон төмөр бетонон гүүрийн их болон ээлжит засварын ажлыг хийхээр төлөвлөжээ.
Зээлийн нөхцлийг сонирхвол, Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт хөгжлийн банкнаас олгох 100 сая ам.долларын зээл нь жилийн баталгаат овернайт хүүгийн түвшин дээр 1.30 хувийн нэмэгдэл бүхий хувьсах хүүтэй, таван жилийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бол 25 жилийн хугацаанд зээлийн эргэн төлөлтийг хийх нөхцөлтэй.
Олон улсын хөгжлийн ассиоциацаас олгох 7.3 сая ам.долларын зээлжих тусгай эрх /10 сая орчим ам.доллар/ нь жилийн хоёр хувийн тогтмол хүүтэй, таван жилийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 25 жилийн хугацаанд зээлийн эргэн төлөлт хийх нөхцөлтэй юм байна. Төсөл хэрэгжих хугацааг 2023-2026 он гэж тооцжээ.
УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.ЭНХ-АМГАЛАН:
-Байнгын хорооноос нийт есөн асуудлаар чиглэл өгсөн. Энэ асуудлууд засагдсан уу?
Зам тээврийн хөгжлийн сайд С.БЯМБАЦОГТ:
-Есөн асуудал дээр тодруулга ирүүл гэсэн. Холбогдох сайд нартайгаа зөвшилцөөд Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцээд, шийдэгдсэн гэж хэлж болно. Өвөрхангай аймагт жишиг ложистик төв байгуулахаар төлөвлөсөн байсан. Эдийн засгийн үр ашиг муутай, хувийн хэвшил хийх боломжтой гэж үзсэн тул хассан. Түүний оронд хамгийн том тулгамдсан асуудал болсон Дорнод-Хэнтий аймгийн дунд байдаг “Тамын 50” гэж нэрлэгдсэн 50 км зам, цаашлаад 27 км замыг засахад дээрх зээлээс санхүүжүүлэх нь зүйтэй юм гэж үзсэн.
Улсын чанартай авто зам, гүүрүүдийн өртгийг гарга гэсэн. Энэ бүгдийг гаргасан.
УИХ-ын гишүүн Н.НАРАНБААТАР:
-Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн авто замд их засвар хийнэ гээд Зам тээврийн яамнаас мэдэгдэж байсан. 2024 оны төсөв хэлэлцэх үеэр мөн ярьж байсан. Энэ зам хаягдав уу, аль эсвэл шийдэхээр болсон уу?
Зам тээврийн хөгжлийн сайд С.БЯМБАЦОГТ:
-Энэ бас их чухал зам. Даланзадгадаас-Мандалговь- Төв аймагт чиглүүлэн тавьсан зам дээгүүр даац хэтрүүлэн мидлинг тээвэрлэж, шатахуун тээвэрлэснээс их эвдэрсэн. Энэ замыг засах гээд хөрөнгийн эх үүсвэр хайж байгаа. Өмнөговь, Дундговь аймагт Ерөнхий сайд ажиллах үеэрээ тус замыг засна гэж хэлсэн байгаа. Үүнтэй холботойгоор Сангийн яамтай ярилцсан, Дэлхийн банктай санал солилцож байгаа. Зээлийн хэлэлцээрийг баталсны дараа тодорхой зохицуулалт хийн энэ зам руу хувараалилт хийж болох юм гээд ажиллаж байна. 2024 оны төсөв батлах үеэр хөрөнгө тавъя гэж байгаад зээлийн хэлэлцээр баталсны дараа дотор нь гүйлгэж шийднэ. Гарцаа байхгүй засах ёстой зам.
УИХ-ын гишүүн Н.ЭНХБОЛД:
-Урьд нь бид гадны зээл авахад ийм зүйлийг засч янзална шүү, батлахад хэцүү болно гээд чиглэл өгөөд явуулахар өөрчлөлт ордоггүй байсан. Энэ удаад өгсөн чиглэлээр анхаарлаа хандуулж, зээл олгогч талтайгаа ярилцан засаад иржээ. Зөв хандлага явж байна уу гэж харлаа. Монгол Улсын байр суурь ийм байгаа гээд өөрчлөөд оруулаад ирж байгаад том ахиц гэж үзэж байна. Байнгын хорооноос чиглэл өгсөн бол засдаг байх ёстой. Болохгүй бол зээлийг авахгүй ч байж болно шүү дээ.
Монгол Улсын далбаатай онгоцыг барьцаалж, 10 сая доллар нэхэж байсан
Мөн хуралдаанаар Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2016, 2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн тухай хэлэлцлээ.
Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гишүүнээр 1968 онд элссэн бөгөөд тус байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны Олон улсын конвенцод 2014 онд нэгдэн орсон. Мөн энэхүү конвенцод 2014 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2019 онд УИХ соёрхон баталсан.
Швейцарь улсын Женев хотноо 2016, 2018 онд зохион байгуулагдсан Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Бага хурлаар тус конвенцод нэмэлт, өөрчлөлт оруулсан нь 2019 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр болон 2020 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрүүдээс эхлэн тус тус хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн.
Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2016 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь далайчдын эрхийг хамгаалах үүднээс Олон улсын далайн тээврийн танхим болон Олон улсын тээвэр эрхлэгчдийн холбооноос хамтран гаргасан хөлөг онгоц дээрх ялгаварлан гадуурхалт болон дарамтыг багасгах тухай удирдамжийг баримтлах, мөн далайн хөдөлмөрийн гэрчилгээний хугацааг сунгах зохицуулалтыг тусгасан.
Монгол Улс энэхүү нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрснөөр хөлөг онгоц дээр ялгаварлан гадуурхалт гарсан тохиолдолд шалтгаан, нөхцөлийг тогтоох, таслан зогсоох, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцох шаардлагыг Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй хөлөг онгоц эзэмшигчид тавих эрх зүйн орчин бүрдэх юм.
Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь “далайн дээрэм” болон “хөлөг онгоцны эсрэг зэвсэглэсэн дээрэм тонуул” гэсэн нэр томьёог шинээр тусгаж, тус нөхцөл байдлын улмаас олзлогдсон үеийн далайчны хөдөлмөрийн гэрээний зохицуулалтыг мөн нэмж тусгасан байна.
Одоогоор Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 90 гаруй гишүүн улс энэхүү конвенцын нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч соёрхон батлаад байна.
Иймд Олон Улсын гэрээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2016, 2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж, улмаар Улсын Их Хурлаар соёрхон батлуулах шаардлагатай гэж Засгийн газраас үзжээ.
Хуулийн төсөл нь нэг зүйлтэй бөгөөд Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц дээр ажиллаж буй далайчны хөдөлмөрлөх эрхийг хангах, далбааны эзэн улсаас тавих хяналтыг сайжруулснаар хөлөг онгоц эзэмшигчийн зүгээс далайчинтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн хариуцлагыг өндөржүүлэх ач холбогдолтой аж.
Хэлэлцүүлгийн шатанд гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Н.ЭНХБОЛД:
Монгол Улсын далбаатай хэдэн онгоц байна вэ, хэдэн далайчин байна вэ. Конвенцид гишүүн улс бүр далайчны хөдөлмөрийн гэрээг түүний хүчинтэй хугацаа дууссаныг харгалзахгүйгээр ямар нэг халдлагад өртсөн бол хүчинтэй байхыг шаардана гэж байгаа. Бид шаардаж болно, хариуцлагыг хэн хүлээх вэ. Урьд нь манай далбаатай онгоц далайн дээрэмчний халдлагад өртсөн тохиолдол бий юу. Манай далбааг хэрэглээд ашиглаж байсан улс нь хариуцлага хүлээж байсан уу, эсвэл хөлөг онгоц эзэмшигч хариуцлага хүлээдэг үү. Зүүн өмнөд азийн хэсэгт Судан, Сомали хавир далайн дээрэмчин ихтэй, идэвхтэй байдаг. Барьцаалаад мөнгө нэхсэн тохиолдолд хэн төлөх вэ. Далбаагаа ашиглуулж байгаа манай улс төлөх үү, манай далбааг ашиглаж байгаа улс төлөх үү?
Зам тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргааны дарга Д.ОТГОНСҮРЭН:
-26 улсын 281 хөлөг онгоц Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй, их далайд хөвж байна. Нийт 651 орчим далайчин манай байгууллагаас гэрчилгээ аваад ажиллаж байна.
БНСУ –ын Хон Сон Сун гэдэг хөлөг онгоц 2010 оны дөрөвдүгээр сард Оманы эрэг орчмоор явж байхдаа дээрэмчдэд барьцаалагдаад 2011 оны нэгдүгээр сар хүртэл барьцаанд байж байгаад чөлөөлөгдсөн. Барьцаалагчид БНСУ-ын эзэмшигч компаниас 10 сая ам.доллар нэхэж, БНСУ-ын талаас 4 сая ам.долларт төлж, хөлөг онгоцоо чөлөөлж авсан байдаг. Хөлөг онгоц дээр дээрэмтэй холбоотой эцсийн хариуцлагыг хөлөг онгоц эзэмшигч хариуцахаар конвенцид заасан байдаг.
УИХ-ын гишүүн Х.БАДЕЛХАН:
-Хөлөг онгоцноос юуг нь хариуцдаг юм, манай улсын халаасанд ордог юм байна уу. Далайн захиргааны байгууллага хэчнээн орон тоотой, хэр төсөвтэй вэ. Tнэ байгууллага улсын төсөвт хэр хэмжээний орлого оруулдаг юм. Хөлөг онгоцыг бүртгэж аваад хэр хэмжээний орлого олдог юм бэ?
-Зам тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргааны дарга Д.ОТГОНСҮРЭН:
-Хөлөг онгоц бүртгэх, бүртгэсэн хөлөг онгоцонд хяналт хийх ажлыг Монгол Улсын далайн захиргаа хариуцаж ажилладаг. Монгол Улс 31 конвенцид нэгдэн орсон байдаг, энэ хүрээндээ далай ашиглах тухай хэрэгжилтийг хангаад ажилладаг. Далайн захиргаа нь 31 орон тоотой.
2021 оны гуравдугаар сараас хойш Улаанбаgтар хотноо хөлөг онгоцны бүртгэлийг хийж байгаа. Өнгөрсөн онд 1 сая орчим ам.долларын орлого олсон бол өнөө жилийн байдлаар хөлөг онгоцны бүртгэлээс 1.2 сая ам.долларын орлkго олсон. Нийтдээ 250 сая төгрөг төсөвт төвлөрүүлсэн бол ирэх жил 300 сая төгрөг төсөвт төвлөрүүлнэ.
Урсгал зардлын хувьд 3.6 орчим тэрбум төгрөгийг 2023 онд төсөвлөөд явж байгаа. Ажилчдын цалин хөлс, дотоодын усан замын тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт, хуурай боомт далайн боомтын асуудлыг хариуцаад энэ хүрээндээ зарцуулаад явдаг.
Г.ХОРОЛ