ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаагаа ханиад томуугийн өвчлөлийн талаар тодрууллаа.
-Бага насны хүүхдүүдийн ханиад хүндэрч, маш хурдан хатгаа болж байгааг эцэг эхчүүд хэлж байна. Тэр дундаа нярай хүүхдийн ханиад хурдан хүндэрч байна уу?
-ЭХЭМҮТ-ийн Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасагт уушгины хатгалгаагаар өвдсөн хүүхдүүд хэвтэн эмчлүүлж байгаа. Эдгээрийн 24 орчим хувийг томуу томуу төст өвчний шинж тэмдэгтэй хүүхдүүд эзэлж байна. Нярай үедээ уушгины хатгалгаагаар хүндрэх эрсдэл ажиглагдаж байна. Мөн суурь, хавсарсан эмгэгтэй буюу тархины саажилт, зүрхний гажигтай, тураалтай, цус багадалттай бага насны хүүхдүүд хүндрэх эрсдэл өндөр байна. ХӨСҮТ-ийн Тандалтын албаны мэдээллээр гадаад орчилд томуугийн А вирус /H3N2/, SARS-CoV-2 вирус зэрэг олон төрлийн вирус идэвхтэй байна. Тиймээс хүүхдүүдэд эмнэл зүйн шинж тэмдэг харилцан адилгүй илэрч байгаа. Зарим хүүхдэд ханиад томуугийн шинжээр илэрч байхад зарим нь бөөлжиж, суулгаж, толгой нь өвдөж байна.
Эмч нарын зүгээс бага насны хүүхдээ олон нийтийн газар дагуулж явахгүй байх хэрэгтэй.
Өсвөр насны хүүхдүүд эмнэлэг, сургууль, үйлчилгээний газраар үйлчлүүлэхдээ амны хаалтыг тогтмол зүүж, ханиадтай хүнээс зай барьж, гараа ариутгаж, угаах шаардлагатай. Эцэг эхчүүд хүүхдийнхээ дархлааг хэрхэн сайжруулах вэ гэж их асуудаг. Хүүхдийн дархлааг сайжруулдаг тусгай эм бэлдмэл гэж байхгүй. Харин хүүхдээ маш сайн асарч сувилах хэрэгтэй. Хүүхдээ хэт дааруулахгүй, хэт халууцуулахгүй, насанд нь тохирсон хоолоор зөв хооллож, сайн унтуулж, амраах хэрэгтэй.
-Та эцэг эхийн асаргаа их чухал гэлээ. Нөгөө талдаа аав ээжүүд дур мэдэн антибиотик өгч, ханиадыг нь хүндрүүлэх тохиолдол ч байдаг?
-Ханиад томуугийн өвчлөлөөр 0-5 хүртэлх насны хүүхдүүд маш хүнд өвдөх эрсдэлтэй. Эцэг эхчүүд "Манай хүүхэд энэ эмийг уугаад ханиад нь эдгэрсэн" гэж дур мэдэн эмчилгээ хийдэг. Тэгж ам дамжсан яриагаар хүүхдээ эмчилж болохгүй. Тэр дундаа нярай хүүхдүүдэд онцгой анхаарах хэрэгтэй. Эцэг эхчүүд ажлаа тараад үйлчлүүлэх боломжтой байдлаар өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна. Тиймээс аль болох ойрхон байрлах мэргэжлийн эмчид хандаж, үзүүлэх нь зүйтэй. Ханиад томуу өөрөө вирусийн халдвар. Тийм учраас шууд антибиотик уулгадаг буруу зуршил эцэг, эхчүүдэд бий. Яаран эмэн эмчилгээ хийхээс илүүтэй эмчийн зөвлөгөөний дагуу эмчлэх хэрэгтэй.
Вирусийн гаралтай ханиад томуунд антибиотик огт нөлөөлөхгүй. Антибиотик нь нянгийн эсрэг бэлдмэл.
Тийм учраас вирусийн халдварын эхэн үед хүүхдийн дархлаа сайн ажиллаж байвал халуурах хариу урвал үзүүлдэг. Энэ үед давхар антибиотик давхар уулгавал хүүхдийн дархлааг унагах эрсдэлтэй. Тийм учраас эмчийн зөвлөгөөг авах шаардлагатай.
-Өнөөдрийн байдлаар ЭХЭМҮТ-д эмнэлгийн коридорт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхэд байна уу?
-ЭХЭМҮТ-ийн хувьд лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг үзүүлдэг. Бид эмнэлгийн орны ачааллаа жил бүрийн томуугийн үед нэг, хоёрдугаар түвшнээр төлөвлөж ажилладаг. Одоогийн байдлаар нэгдүгээр түвшний төлөвлөлтөд шилжиж, Нярайн эмгэг судлалын тасагт 20, Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасагтаа нэмэлтээр 16 ор дэлгэсэн. Эмнэлгийн ачаалал 100 хувьдаа тулсан байна. Ачаалал улам нэмэгдвэл дахин нэмэлт ор дэлгэж ажиллана. Одоогоор эмнэлгийн коридорт эмчлүүлж байгаа эх, хүүхэд байхгүй.
Ерөнхийдөө хоногт 270 орчим хүүхэд ханиад томуугийн шинж тэмдэгтэй хандаж байгаагаас 10 орчим хувь нь хэвтэн эмчлүүлж байгаа. Ханиад томуугийн хүндрэлээр хүүхэд эндсэн хүүхэд байхгүй.
Манай эмнэлэгт хавсарсан эмгэгтэй, хүндрэх эрсдэлтэй, төрөлжсөн мэргэжлийн эмч нарын хяналтад байдаг хүүхдүүд хэвтэн эмчлүүлдэг. Яаралтай тусламжийн тасгаар сүүлийн гурван долоо хоногт нэг түвшинд үйлчилгээ үзүүлж байна. Гэхдээ долоо, наймдугаар сартай харьцуулахад ачаалал 20 орчим хувиар нэмэгдсэн.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Холбоотой мэдээ