Хүн хүнээс эрт босож, хамгийн эрт ажлаа эхлээд хамгийн орой харьдаг хүмүүс бол автобусны жолооч нар. Гэвч тэдний хөдөлмөрийн үнэлэмж нийгэмд хамгийн хямдаар үнэлэгдэж, түгжрэл, автобус унааны дутагдлын гол буруутан мэтээр цоллогддог нь нууц биш юм. Цалин хөлс, хөдөлмөрийн хүнд нөхцөл, сэтгэл зүйн дайралт гээд олон бэрхшээл дунд ажиллаж буй нийтийн тээврийн жолоочдын төлөөлөл болгож Зорчигч тээвэр нэгтгэлийн нэгдүгээр баазын жолооч Э-тэй ярилцлаа.
-Таны ажлын өдөр хэдэн цагаас эхэлж хэдэн цагт дуусдаг вэ?
-Би өглөө 05:00 цагт гэрээсээ гарч ажилчдын унаандаа суугаад 05:20 гэхэд бааз дээрээ ирдэг. Ирээд эхлээд бэтгэлээ базаана, дараа нь хэсгийн дарга нарын гаргасан хуваарийн дагуу шугамдаа гардаг даа. Ерөнхийдөө шугаманд 06:20 гэхэд гараад өдөр 13:00 цаг хүртэл ажилладаг. Өдөр 13:00 цагаас ээлж солилцоод орой 22-23:00 цагт буух ёстой байдаг. Гэхдээ хүний нөөцийн хомсдолоос болоод ээлж солилцохгүй тэр өдрөө бүтэн даагаад 16 цаг ажиллах тохиолдол цөөнгүй.
-Цайндаа орж амждаггүй юм биш үү. Ер нь автобусны жолооч нарт цайны тогтсон цаг гэж байдаг уу?
-Нийтийн тээврээс өгсөн графикийн дагуу өглөөний ээлжнийхэн 10:00-11:00 цагийн орчимд 20 минутын хугацаатай цайндаа ордог. Харин оройн ээлжийнхэн 17:00-18:00 цагийн үед аравхан минутын хугацаатай цайлдаг.
-Та ихэвчлэн аль чиглэлд явдаг вэ?
-Би улсын баазад ажилладаг учраас хувийн баазуудыг бодвол их олон чиглэлд явдаг. Яг байнга явдаг тогтсон чиглэл гэж байхгүй. Хуваарийн дагуу өдөр өдөр өөр чиглэлд явна.
-Автобусны жолооч нарын сарын цалин хэд байдаг вэ?
-Жолооч нарт сарын төлөвлөгөөт цаг, ажиллах ёстой хоног гэж байдаг. Тэрийгээ биелүүлбэл нийгмийн даатгал, татвараа суутгаад гар дээр 1,3-1,6 сая төгрөгийн цалин авдаг. Гэхдээ нормоо биелүүлж чадахгүй тохиолдлууд их байдаг. Техник эвдрээд засварт орлоо гэхэд цалин бодогдохгүй болохоор сард нэг сая ч хүрэхгүй төгрөгийн цалин авах үе гарна. Хуучин, ашиглах норм нь дууссан автобус барьдаг жолооч нарын хувьд хүндрэлтэй.
-Танай баазад техникийн сааталтай, эвдэрхий автобус хэр их байна вэ?
-Зөндөө байдаг. Халаалт нь бараг ажиллахаа больсон автобус цөөнгүй байна. Өдөржин хүйтэн автобусанд суугаад явахаар хөл гар тасрах гэж байгаа юм шиг янгинаж өвдөх, голд хүйтэн орох нь бий.
-Таны хувьд автобусны жолооч нарын хувьд ачаалал өндөртэй байдаг юм байна?
-Ачаалал ихтэй ч авдаг цалин багатай. Миний ажлын нэг цагийн хөлс 7300 төгрөг байдаг. Гэтэл өнөөдөр Монголын хаана ч нэг цагийн ажлын хөлс 7300 төгрөг байхгүй шүү дээ. Тэгээд өдрийн хоолны мөнгө 3000 төгрөг олгодог. Явж байгаа шугамаасаа хамаараад ажлын цагийг багаар бодох нөхцөл бас байдаг. Жишээ нь Ч:1 буюу “Офицеруудын ордон-Таван шар” чиглэлд богинын маршрутаар явлаа гэхэд хоёр ээлжийн жолооч тус тусдаа тав таван цаг ажилласан гэж цалингаа бодуулдаг. Ингээд би өдөрт 40 мянга ч хүрэхгүй төгрөгийн цалинтай ажиллаад бууж байна гэсэн үг.
-Үүнээс болоод л нийтийн тээврийн салбарт жолооч нарын хомсдол үүсдэг байх нь?
-Тийм ээ. Ажлын нөхцөл хүнд, бие засах ч эрхгүй хэр нь цагийн 7300 төгрөгийн цалинтай газар хэн олон жил ажиллая гэж бодох вэ дээ. Сар бүрийн 29-ний өдөр цалин буухад жолооч нар авсан цалингаа голоод ажил хаяна гээд л шуугидаг юм. Нийтийн тээврийн газар, баазын дарга нар нь тоодоггүй болохоор тэгсхийгээд нам гүм болдог.
-Зорчигчдын өгсөн бэлэн мөнгийг цааш нь тушаадаг уу? Зарим жолооч нар цалингаас гадна зорчигчийн өгсөн мөнгийг "халааслаад" хөөрхөн ашигтай ажиллачихдаг юм биш үү?
-Шалгагчид зургийг нь дарсан тохиолдолд цааш нь мэдээлээд торгуулдаг. Бусад тохиолдолд жолооч нар өөрсдөө авна. Энэ мөнгөөр чинь бид нар өдрийн хоол, тамхи тариагаа залгуулахгүй бол 3000 төгрөгөөр ямар хоол идэж хүрэх юм бэ. Гэхдээ хүмүүст картаа цэнэглээд дараад явж бай гэж жолооч, шалгагч нар үргэлж л хэлдэг шүү дээ.
-Жолооч, зорчигчид хоорондоо ам зөрөх нь цөөнгүй харагддаг. Жолооч нар соёлгүй, бүдүүлэг, автобусандаа тамхи татдаг гэсэн гомдлыг зорчигдог гаргадаг шүү дээ. Жолооч нар яагаад тийм ууртай байдаг юм бэ?
-Уг нь ажлын нөхцөл хүнд ч гэсэн аль болох өглөө инээгээд ажлаа эхэлдэг. Гэхдээ түгжрэлийн гол буруутан юм шиг зорчигчид биднийг загнана, хараана. Заримтай нь хэл амаа ололцоно, заримтай нь хэрэлдэнэ. Автобусанд багтахгүй байгаа нь бидний буруу биш шүү дээ.
-Шугамд явж байхад ам цангах, бие засах зэрэг биологийн хэрэгцээ гарах үед яадаг вэ?
-Хүн юм чинь удаан хугацаагаар машин бариад явахаар ядаж бие засах хэрэгцээ гарна ш дээ. Тэглээ гээд буугаад бие засъя гэхээр ойрхон CU-ээс өөр бие засах газар ч байхгүй, хүмүүс ч уурлааад яваач ээ гээж дарамтална. Тэрнээс болоод өнгөрсөн зун гэхэд манай ажлын хоёр жолооч давсаг нь хагарч хагалгаанд орсон.
-Түгжрэлийн үеэр зогсоолын бус газар буух гэсэн хүмүүс олон байдаг. Та энэ тохиолдолд буулгаж өгдөг үү?
-Уг нь буудлаас өөр газар хүн буулгавал бид нар дээр торгууль бичдэг. Гэхдээ түгжрээнд удаан чилээж байхаар гээд настай хүмүүс, хүүхдүүдийг буулгаад л өгдөг.
-Автобусны жолооч нар баярын өдрүүдэд хуваарийн дагуу ажилладаг. Та гэр бүлдээ хангалттай цаг зарцуулж чаддаг уу?
-Чадахгүй ш дээ. Өдөрт дээд тал нь таван цагийн л нойр авна. Ихэнхдээ унтаж байхад нь ороод унтаж байхад нь гараад явдаг.
Холбоотой мэдээ