ОХУ-д шинэ жилийн өмнө өндөгний үнэ өсч, асуудал дагуулав

Хуучирсан мэдээ: 2023.12.12-нд нийтлэгдсэн

ОХУ-д шинэ жилийн өмнө өндөгний үнэ өсч, асуудал дагуулав

ОХУ-д шинэ жилийн өмнө өндөгний үнэ өсч, асуудал дагуулав

Дэлхийн эдийн засаг буландаа ОХУ-д өндөгний үнэ өсч, экспортыг хориглож, гадаадаас импортолоход хүрч байгаа тухай онцолж байна. 


Оросууд ерөнхийлөгч Владимир Путин тав дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдох гэж байгаатай холбогдуулан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох өндөгний үнэ өсөж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Түүнчлэн энэ нь хориг арга хэмжээнд нэрвэгдсэн эдийн засгийн байдал эмзэг байгааг харуулж байна.

Хоёр жилин өмнө хөрш Украинд цэргийн ажиллагаа явуулснаас барууны хориг арга хэмжээнд орж, түрэмгийллийн дайнд олон цэрэг ​​амь үрэгдээд  байхад ирэх гуравдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Путин дахин нэр дэвшинэ гэж мэдэгдсэн.

Тэрбээр эдийн засаг нь хориг арга хэмжээг даван туулж чадсаныг удаа дараа магтаж, суртал ухуулга хийсэн ч өнгөрсөн арваннэгдүгээр сард инфляци 7.5 хувьд хүрч, оросуудын худалдан авах чадвар буурч байна.

Өндөгний үнэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өнгөрсөн арваннэгдүгээр сард 40 хувиар өссөн гэж Оросын статистикийн агентлаг Росстат мэдээлэв.  Энэ нь Оросын олон үндэстний уламжлалт баярын хоолны гол орц болдог тул улс төрийн хувьд таагүй нөлөө үзүүлэх магадлалтай.

"Би айж байна!… Үнийн өсөлт зөвхөн өндгөнд ч биш, бүх зүйлийг хамарч байгаа нь хар дарсан зүүд юм" гэж 76 настай тэтгэвэр авагч Елизавета Шалаевская Даваа гаригт Москвад Франс Пресс агентлагт ярьжээ.

Харин 21 настай оюутан Илья Зарубин Франс Пресс агентлагт "Би өмнө нь дэлгүүрээс 70 рублиэр өндөг авдаг байсан бол одоо 130-140 орчим үнэтэй байна" гэж ярьжээ.

65 настай тэтгэвэр авагч Нина Невареных өндөгний үнэ огцом өссөнд мөн санаа зовниж байна. "Яагаад өндөгний үнэ өссөнийг би ойлгохгүй байна. Гэхдээ энэ бол баримт… Миний хэтэвчэнд хэрхэн нөлөөлж байгааг би мэдэрч байна" гэж тэрбээр хэлэв.

Шинжээчдийн үзэж байгаагаар шувууны тэжээл, мал эмнэлгийн бүтээгдэхүүний үнийн өсөлт нь барууны орнууд импортын хоригт орсон нь ийнхүү шууд бус нөлөө үзүүлж байгаа аж.

ХҮН БҮРТ ӨНДӨГ

Өндөгний үнийн өсөлт нь эрх баригчдын санааг ч зовоож байна.

Ерөнхий прокурор Игорь Краснов худалдагч, үйлдвэрлэгчдийн үнийг үндэслэлгүй өсгөж болзошгүйг шалгах зорилгоор шалгалт хийжээ.

Үүний зэрэгцээ Мал эмнэлэг, ургамлын эрүүл ахуйн хяналтын холбооны алба буюу Россельхознадзор Туркээс өндөг импортлохыг зөвшөөрсөн байна.

Хөдөө аж ахуйн яам мөн Оросын өндөг экспортлохыг зургаан сарын хугацаагаар хориглохыг санал болгов.

Украины ойролцоох өмнөд хэсэгт орших Белгород хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд хүмүүс өндөг авахаар оочерлосон тул эрх баригчид тайван байхыг уриалав.

Зөвлөлт Холбоот Улсыг санагдуулам дүр зураг олон нийтийн сүлжээгээр цацагдаж, хөдөө аж ахуйн үзэсгэлэн худалдаанаас хямд үнээр өндөг авна гэж найдсан хүмүүс цасанд дараалалд зогсч байгааг харуулсан байна.

Бүс нутгийн дэд захирагч Юлия Щедрина Telegram дээр "Ямар ч хомсдол гарахгүй … хХүн бүрт өндөг хүрэх болно" гэж хэлэв. Гэсэн ч тэрбээр борлуулалтыг нэг хүнд 20 өндөг хүртэл хязгаарлахаа мэдэгдэв.

Шинэ жилийн баярт бэлдэж байгаа орос айлууд өндөгний үнэд ихээхэн анхаардаг. Өндөг нь шинэ жилийн баярын гол нэрийн бүтээгдэхүүн болох  "Оливье" салат зэрэг Оросын уламжлалт баярын олон хоолны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Москвад амьдардаг 60 настай менежер Елена хэлэхдээ, өндөгний үнэ нэмэгдсэн ч хайртай хоолноосоо татгалзаж чадахгүй гэв. Тэрбээр Франс Пресс агентлагт өгсөн ярилцлагадаа "Би хоол хүнс илүү үнэтэй болсон ч гэсэн шинэ жилээр Оливье салат хийх болно" гэв.

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE PRESSE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж