Хүссэн ч, эс хүссэн ч мөнгөтэй нь тоглоомын дүрмээ тогтоодог, бусад нь тоглодог. Өнөөдөртөө, эрх барьж байгаа намын хувьд МАН тоглоомын гол дүрмийг тогтоохыг хүсч байна. Тэр нь томсгосон тойрог.
Томсгосон тойрогт сул тал ч бий, давуу тал ч бий. Хамгийн гол нь жалга, довны улстөрөөсөө салъя гэвэл үүнээс өөр хувилбар, түүнээс өөр явах зам алга. Жалгандаа мөнгө тараасан нь, жаахан тодорсон нь УИХ-ын гишүүн болдог нь, эргээд улсаа тонож луйварддаг нь-де факто. Де-юре нь УИХ-ын гишүүн болсноор амархан хөлжиж, хөнгөхөн баяжина гэж нийгмээрээ ойлгодог, бас хүлээн зөвшөөрдөг.
1.
Парламентын сонгуулийн үндсэн гурван тогтолцоо бий. Нэгд, мажоритори, хоёрт, пропорциональ, гуравт холимог. Монгол Улс 2024 оны парламентын ээлжит сонгуулиа холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын хаврын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу 126 гишүүдийн 48-ыг нь жагсаалтаар, 78-ыг нь тойргоос сонгоно. Өнөөдрийн гол сэдэв нь тойргийн том, жижгийн тухай.
“Тойрог том байх тусмаа Монгол Улсын хөгжилд тустай” гэж МАН-ынхан ярьж байна. Юу үнэн гэвэл энэ үнэн. Тойрог жижиг байх тусмаа сонгогчдын авлигадах магадлал өндөр. Тиймээс ч манай зарим улстөрчид айрганд зориулж хөшөө босгоод зогсохгүй айлуудын жорлонг нь өөрийн биеэр ухаж өгөх нь холгүй байна.
2024 онд 2.8 тэрбум төгрөгөөр УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн тойргийнхны жорлонг шинэчилж өгөхөөр болжээ. Хамгийн инээдтэй нь энэ мөнгийг М.Оюунчимэг өөрөөсөө гаргахгүй л дээ. Татвар төлөгчид гаргана. Мань эр сайндаа ч жорлон шинэчлээд яваад байгаа юм биш. Ахин сонгогдож, сонгогчдоо “авлигадсан” мөнгөө арав, хорь дахин үржүүлээд авах гэсэн башир арга нь. Жил бүрийн төсвөөс гишүүдэд өгдөг тэрбум, тэрбум мөнгө тэр чигээрээ шахуу тэдний халаасанд ордог болохоор тэр. А.Адъяасүрэн гурил, Ж.Ганбаатар чихэр, жигнэмэг, Н.Учрал боов тараадгийн шалтгаан ердөө энэ. Д.Ганбат нэг нэрээ хоёр хочтой /бидон/ болгосон нь жижиг мажоритори тогтолцооны гажиг. Дөрвөн мянган хүнд чихэр, боов тараах 40 мянган хүнийг авлигадах хоёр хол зөрүүтэй.
Мажоритори тогтолцооны хамгийн сул тал нь сонгогчдын саналын багагүй хувь гээгддэг. УИХ-ын 2020 оны сонгуулиар МАН сонгогчдын 45 хувийн саналаар 62 суудал авсан. Атал 24 хувийн санал авсан АН 11-хэн суудал авсан байдаг.
Гэх мэтчилэн томсгосон тойргийн давуу тал нь нэгд, нэгдсэн төсвийг үр ашиггүй цацдаг энэ мэт явдлыг өөрчилнө. Улсын төсвийг жалга, довоор нэг тараахаас илүүтэй улс оронд хэрэгтэй бүтээн байгуулалтдаа зарцуулна. Жишээ нь, 2024 оны төсөв дээр нэг гишүүнд гурван тэрбумыг өгсөн гэвэл тэрхүү 228 тэрбумыг хавдрын эмнэлэг, халдвар судлалын төв барихад зарцуулах боломж бүрдэнэ гэсэн үг.
Хоёрт, хувь хүн ганцаарчилсан улстөр хийх боломжгүй. Намын мөрийн хөтөлбөр, бодлогоороо ялгарна. Гуравт, олон мандаттай томсгосон тойргийн давуу тал нь сонгогчдод сонголт хийх боломжийг бүрдүүлнэ. Нэг ёсондоо “цэсэн дэх хоолны” сонголт нэмэгдэнэ гээд ойлгочиход болно.
Гуравт, тав, арван цаас тараагаад иргэдийн саналыг хураадаг мөнгөний сонгууль өөрчлөгдөх байх. Алийн болгон ирээдүйгээ худалдаж, эргээд хараал зүхэл болж амьдрах билээ.
2.
УИХ-ын гишүүдийн тоо 126. Атал горилогч хар мянгаараа байна. “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар, иргэн Д.Жагараас эхлээд нэр дэвшинэ гэсэн сайн дурын “уран сайханчид” цөөнгүй. Үндэсний бөхийн их аварга Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Д.Сумъяабазар, Кёкүшүюзан Батбаяр нараас дүгнэхэд “бөх бол төр биш” юм аа. Гэвч өнөөдөрч тэдний араас улс төрд хөл тавьж, нэр дэвших хүсэлтэй дуучид, бөхчүүд олноороо дугаарлаж байна. 2020 оны сонгуулиар 121 гэхэд хүн бие дааж нэр дэвшсний дотор зураач Л.Өнөрчимэг, “Босоо хөх”-ийн П.Шинжээравдан хүртэл байсан. Дур эзнээ голдоггүй гэдэг энэ л дээ, хэдийгээр Монгол Улсын Үндсэн хуульд хэн ч сонгох, сонгогдох эрхтэй ч.
Энэ мэт фактор өндөртэй олонд танигдсан фигурууд тохиолдлын улстөрч болохоос пропорциональ тогтолцоо хаадаг. Эсвэл мөнгөтэй цөөнхийн засаглал бий болохоос хамгаалдаг.
Үүгээрээ пропорциональ тогтолцоо, томсгосон тойрог нь парламентын чанарт эерэгээр нөлөөлдөг, улс төрийн намуудыг бүлэглэлийн биш институцийн хөгжил рүү чирдэг. Монголд институцийн хэмжээнд очсон улс төрийн нам үзээд өгье гэхнээ өнөөдөр үнэндээ алга. МАН-ын цагаан байр авлигын уур уурхай болсон. АН-ын хувьд олон клубуудын нэгдэл төдий л байна. ХҮН бол хүний ганц "хүү" яваа.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн хэлснээр тоглоомын дүрмийн өөрчлөлт нь сонгуулийн бүсчилсэн тойрог байх магадлал өндөр. Хэн мөнгөтэй нь хөгжмөө захиалдаг гэдэг шүү дээ. Монгол Улс одоо газар нутгийн таван бүсчлэлтэй. Тэгэхээр таван тойргоор явах уу, үүнийг нэмэх үү гэдгээ МАН-ынхан бусад намтай зөвшилцөнө гэсэн. Мэдээж, улс төрөө даахгүй унаж магадгүй. Дөрвийн дөрвөн жил, хамаг байдгаа барж, тойргоо тордсон хүмүүсийн хувьд эсэргүүцэх магадлал өндөр. Том тойрогт уралдах нь жижиг тойрогт танигдахаас хэцүү.
Баруун таван аймгийн нэг бүс гэвэл тэндээс 13 хүнийг сонгоно. Хэрэвзээ, хэрэгжүүлж чадвал сонгогчдын боловсрол ч сайжрах тал руугаа явна гэсэн үг. Алийн болгон мөнгөтэй олигархиуд, мөрөөдлийн багийнхнаар УИХ-ыг дүүргэх билээ. Тэгэхдээ энэхүү тоглоомын дүрмийн том эрсдэл нь Баян-Өлгий аймгийг бүчлэх эсэх асуудал. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Баян-Өлгийг аль болох хөндөхгүй байя гэж үзсэн. Бусад аймаг нь нэгдэж нийлнэ" гэсэн нь хувь хүнийх нь байр суурь лав. Эрх баригчид ийм байр суурьтай байна гэсэн үг. Тэгвэл Үндсэн хууль зөрчихөд хүрнэ, үндэсний аюулгүй байдалд харшилтай. Гээд эцэст нь Л.Оюун-Эрдэнэ болоод Л.Гантөмөрийн эр зориг болоод ухаанаас шалтгаална. Хөмөрсөн тогооноос гаръя гэвэл намын эрх ашгаасаа илүү улсын эрх ашгаа нэгд тавих цаг болсоон.
Холбоотой мэдээ