1.8 тэрбумын "Мона Лиза"

1.8 тэрбумын "Мона Лиза"

1.8 тэрбумын "Мона Лиза"

Дональд Трамп Мар-а-Лаго харшаа үл хөдлөх хөрөнгийн “Мона Лиза” гэж нэрийддэг. Тэгвэл уг үл хөдлөх хөрөнгийн бодит үнэ нь хэд бол? Энэ асуулт Трампийн гэр бүлд тулгаад буй иргэний залилангийн хэргийн төвд байна.

Тодруулбал, Дональд Трамп болон түүний гэр бүл, “The Trump Organization” байгууллагын удирдлагуудыг 250 сая ам.долларын залилангийн хэрэгт буруутгасан иргэний хэргийн шүүх хурал аравдугаар сарын 2-нд эхэлсэн юм. Трампийн байгууллагыг ойролцоогоор 10 жилийн турш хуурамч тайлан гаргасан гэж буруутгажээ. Уг шүүх хурлыг Трамп сонгуулийн кампанит ажлынхаа нэг хэсэг болгон ашиглаад буй.

Тэгвэл иргэний хэргийн шүүх хурлын төвд буй Мар-а-Лаго харшийн үнэлгээний талаар хүн итгэхийн аргагүй зөрүүтэй олон мэдээлэл байна. Тухайлбал, татварын үнэлгээ нь 18 сая ам.доллар атал шүүхийн танхимын гэрчийн мэдүүлгээр нэг тэрбум ам.доллар гэх мэт бий. Энэ мэтчилэн 10 долоо хоногийн турш яллагч болон өмгөөллийн тал Трампийн хувийн харшийн үнэлгээний талаар маргав.

Мар-а-Лаго харшийн үнэлгээг бараг хоёр тэрбум ам.доллар хүртэл хөөргөдсөн хэргээр Трамп болон түүний хүүхдүүдийг, байгууллагыг буруутгаж байна. Үл хөдлөх хөрөнгийн үнийг хөөргөдөх замаар илүү таатай нөхцлөөр зээл авч, даатгалын гэрээ байгуулсан гэж тэднийг буруутгав.

Дональд Трамп өнөөдөр гэрчийн суудалд сууж шүүх хуралд оролцох ёстой байсан ч Ням гаригийн орой олон нийтийн сүлжээгээр дамжуулан “Улс төрийн зорилготой ийм хэрэгт хэлээд байх зүйлгүй” гэж мэдэгджээ. Мөн өөрт нь тулгаад буй энэ хэргийг тэр “шулмын ан” гэж егөөдөн нэрлэсэн юм.

Палм Бич тойргийн үнэлгээчийнхээр Мар-а-Лагогийн зах зээлийн үнэ 18-27.6 сая ам.долларын хооронд хэлбэлзэх бол Трамп өнгөрсөн хугацаанд 426.5-612 сая ам.долларын хооронд үнэлжээ. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн үнэлгээг дор хаяж 2300 хувиар хэтрүүлсэн гэсэн үг юм. Гэтэл Трамп үүнтэй холбоотойгоор мэдэгдэл хийхдээ өөрийнх нь хөрөнгийг асар дутуу үнэллээ гэж гомдолложээ.

“Тэд миний үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг хууль бусаар бууруулж,миний эсрэг хуурамч хэрэг үүсгэхийн тулд Мар-а-Лагог 50-100 дахин хямдаар үнэлсэн” гэж Трамп хэлэв.

Харин үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүд татварын үнэлгээний үнэ нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээнээс доогуур байдаг гэдгийг онцолж байна.

Мар-а-Лагог 1927 онд бизнес эрхлэгч Маржори Мерриуэзер Постод зориулж барьжээ. Тус харшид Трамп харш, гольф ресорт зэрэг бий. Энэ нь 70 мянга гаруй хавтгай дөрвөлжин метр талбайтай, чухал түүхэн дурсгалт бүтэц бүхий газар юм. Дональд Трамп 1990-ээд онд Мар-а-Лагог хувийн орон сууц болгон хадгалахад дэндүү өндөр өртөгтэй гэж мэдэгдээд “зарагдах бараг боломжгүй” гэж тодорхойлжээ. Тэрбээр ерөнхийлөгч байхдаа Цагаан ордонд ажиллаагүй үедээ Мар-а-Лагод ихэнх цагаа өнгөрөөдөг байв.

Флорида мужийн үл хөдлөх хөрөнгийн брокер Лауренс Моэнсийн хэлснээр Мар-а-Лаго нь Элон Маск, Билл Гейтсээс эхлээд хаад, ноёд, төрийн тэргүүнүүд зэрэг хамгийн баян хүмүүс л худалдаж авахаар жагсах харш аж. Хэт чинээлэг өрсөлдөгчдийн дунд тендерийн дайн дэгдээвэл Мар-а-Лаго нэг тэрбум ам.доллараас ч илүү үнэлэгдэх юм.

Трампийн өмгөөлөгчид хөрөнгийн үнэлэмж ямар байх нь огт хамаагүй гэж маргажээ. Учир нь банкууд өөрсдөө судалгаа хийдэг бөгөөд зээлийн шийдвэр гаргахдаа зөвхөн санхүүгийн тайланд тулгуурладаггүй гэж тэд маргасан байна. Трамп шүүх хурлын үеэр “Ямар ч банк хохироогүй” гэдгийг онцолжээ.

Харин яллагчдын хувьд хохирогч байсан эсэхийг нотлох шаардлагагүй. Тэд зөвхөн санаатай залилан байсан эсэхийг л нотлох шаардлагатай юм. Нью-Йоркийн ерөнхий прокурор анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “АНУ-ын иргэдэд зориулсан хоёр тусдаа хууль гэж байхгүй. Ерөнхийлөгч асан хүмүүс энгийн америкчуудын адил стандарт баримтлах ёстой” гэжээ.

Дональд Трамп болон бусад шүүгдэгчийн хувьд хэрэг шийдэгдэх хамгийн муу хувилбар нь тэднийг Нью-Йоркт бизнес эрхлэхийг хориглож, дор хаяж 250 сая ам.доллараар торгуулах явдал юм. Цаашилбал, Трамп харшийг хянах хяналтаа хүлээлгэж өгөх, зарахад ч хүрч магадгүй ажээ.

Эх сурвалж: CNBC, BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2023-12-12 103.212.118.127

Трампаа гэж. Хамгийн хогийн хулгайч даа. Эх орноосоо урвасан хулгайч н**ш шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-12-12 188.162.254.83

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж