УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2023.12.11/ Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарыг огцруулах шаардлага тавьж байгаагаа мэдэгдэв. Сөрөг хүчний зүгээс тавьж байгаа энэхүү сайд огцруулах шаардлага анхных биш. Учир нь, 20 гаруй хоногийн өмнө УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг огцрох ёстой гэх асуудал хөндөж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлсэн.
Харамсалтай нь, өнөөдөр Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцох нь битгий хэл шаардлагынхаа хариуг ч авч чадаагүй сууж буй.
Цэрэгт татагдсан залуус амь насаа алдаж, эрэмдэг зэрэмдэг болж байхад Засгийн газрын тэргүүн нь өнөөдрийг хүртэл хөдлөөгүй, хариу ч өгөөгүй сууж байна гэдэг бол зөвхөн сөрөг хүчнийхнээ үл тоож буй төдийгүй Монголын ард түмнийг ч үл хүндэтгэж буйн нэг илрэл.
Гэвч Ардчилсан намынхны Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцох асуудал зөвхөн Ерөнхий сайдад шаардлага хүргүүлснээр унтарч орхив. Уг нь УИХ дахь Ардчилсан намын бүлэг тавьсан шаардлагынхаа эцсийг үзэхийн төлөө зоригтой улс төр хийж, хүчтэй тэмцэл өрнүүлж чадвал ард түмэн даяараа дэмжинэ.
Түлш шатахуун олдохгүй орон нутагт тасарч байгаа асуудлыг сар гаруйн өмнөөс л баруун аймгийнхан тавьсан. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын яриагаар ОХУ-аас 20 гаруй хоногт огт түлш огт татаагүйгээс тасалдал бий болсон ч юм шиг. Өөр нэг тайлбараар нь бол өмнөх жилийн мөн үеийнхээсээ илүү их түлш, шатахуун хэрэглэдэг болсон нь нөлөөлсөн ч юм шиг эргэж буцсан зүйл ярьсаар өнөөдөр улсаараа бензины эрэлд гарахад хүрээд буй.
Бензин, шатахууны үнэ бүхий л бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлдөг сөрөг талтай. Тиймээс өнөөдрийн энэхүү хомстол юунд ч хүргэж болзошгүй. Энэ агуулгаараа Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдад хариуцлага тооцох нь зөв боловч харамсалтай нь, шаардлага хүргүүлснээр энэ асуудал нь дахиад л нам дарагдаж мэдэх юм.
Ингэж хоёрын хооронд улс төр хийж гонгинож суухаар талбайд гараад огцруулах шаардлагаа тавиад тэмцээч ээ, Ардчилсан намын гишүүд ээ. 1990 оны ардчилсан хувьсгалыг өвлийн ид хүйтнээр хийж, л амжилтад хүрсэн шүү.
Г.ХОРОЛ