Отгон аваргуудын ялагдалгүй цувралыг дархан аваргууд зогсоов

Хуучирсан мэдээ: 2023.12.11-нд нийтлэгдсэн

The League

Отгон аваргуудын ялагдалгүй цувралыг дархан аваргууд зогсоов

Отгон аваргуудын ялагдалгүй цувралыг дархан аваргууд зогсоов

Үндэсний дээд лигийн улирлын тоглолтууд “UG” аренад үргэлжилж байна. Өчигдөр/2023.12.10/ лигийн хүрээнд тун сонирхолтой тоглолт боллоо. Тодруулбал, сүүлийн хоёр улирлын аваргууд болох Эрдэнэтийн Уурхайчид болон Хасын Хүлэгүүд багууд гал гарсан ширүүн өрсөлдөөнийг үзүүлэв.

Уурхайчидын хожигдолгүй цуврал энэ улирал ч үргэлжилж, 11-0 гэсэн амжилттай явж байсан бол долоон удаагийн аварга Хүлэгүүдийн орон гаран тоглолт фэнүүдээ багагүй бухимдуулсан билээ.

Тэгвэл өчигдөр Хүлэгүүд фэнүүдээ баярлуулав. Тэд тоглолтыг сайн эхлүүлж, онооны тэргүүллийг авсан. Ялангуяа Хүлэгүүдийн алсын зайн шидэлтүүд ээлж дараалан байндаа тусч, Уурхайчидыг багагүй сандаргасан. Аваргууд ч хариуг нь барьж, онооны зөрүүг холдуулалгүй эхний хагасыг өндөрлүүлэв.

Уурхайчидаас энэ өдөр довтолгоо, хамгаалалтын гол хүн Пендарвис Уиллиамс тааруу тоглолтыг үзүүлж, багтаа тус хүргэж чадсангүй. Биедээ багахан зовиур мэдэрсэн тул Грек дасгалжуулагч эрсдэл үүрэхийг хүссэнгүй. Пенни үлдсэн хугацаанд сэлгээнээс тоглолтыг үзэв.

Хоёрдугаар хагаст Уурхайчид оноо илүү гарсан. Ах дүүс болох Г.Болор-Эрдэнэ, Г.Ган-Эрдэнэ нар багийнхаа довтолгоог зохион байгуулж, самбарт багаараа зүтгэлтэй тоглож байлаа. Эсрэгээрээ Хүлэгүүдийн хамгаалалт энэхүү тоглолтод тун сайн байсан. Лигийн шилдэг довтолгоотой багийг 33.3 хувьтай довтлуулж чадав.

Дөрөвдүгээр үеийн төгсгөлд хоёр баг ээлж дараалан онооны тэргүүллийг авч, сүүлийн минутад Уурхайчид нэг оноо илүү гарсан. Гэтэл Б.Билгүүн хоёр чөлөөт шидэлт хийх боломжийг     олж авсан ч сүүлийн шидэлтээ алдсанаар 63-63 дээр оноо тэнцэж, нэмэлт цаг гарсан.

Оноо авалт багатай, бөмбөг бүрийн төлөөх тэмцэл ширүүн тоглолтын төгсгөлд хоёр багийн гол тамирчид дийлэнхи нь алдааны асуудалд оржээ. Нэмэлт цагийн эхлэлд аваргуудтай энэ улирал нэгдсэн лигийн тэргүүн тоглогч А.Тэмүүжин тав дахь алдаагаа гаргаж, тоглолтыг төгсгөж чадаагүй. Тэрбээр алдаагаа хүлээн зөвшөөрч чадалгүй шүүгчтэй маргалдаж, эцэст нь хоёр удаа техникийн алдаагаар торгуулж, талбайг чөлөөлсөн. Энэ тоглолтын эргэлтийн цэг байсан бөгөөд Хүлэгүүд чөлөөт шидэлтээ алдсангүй. Улмаар эрчээ алдалгүй тоглолтыг төгсгөж, 76-71 гэсэн харьцаатай ялалт байгуулжээ.

Хүлэгүүдээс багийн ахлагч А.Ананд бэртлээсээ эргэн ирж, талбайд гарсан нь сайн мэдээ байлаа.

Тоглолтын төгсгөлд хоёр багийн тоглогчдын дунд багахан үймээн дэгдсэн. Нэмэлт цаг дуусахтай зэрэгцэн Г.Ган-Эрдэнэ Хүлэгүүдийн туршлагатай тамирчин Д.Мөнхтүвшинийг түлхэж унагаасан. Д.Мөнхтүвшин ч хатуухан үг хэлж, хоёр багийн тамирчид нэг хэсэг талбай дээр бужигнаж, эцэст нь гар барилцан салав.

Энэхүү тоглолтод хуучны Б.Билгүүнийг бид харсан. Улирлын эхлэлд сэлгээнээс тоглолтод оролцож байсан тэрбээр энэхүү тоглолтод 32 минут тоглохдоо 23 оноо авч, бүх тоглогчдыг тэргүүлжээ. Мөн Д.Мөнхтүвшин 13 оноо, Никола Тадич 12 оноо тус тус авчээ. Хүлэгүүдийн шинэ цэрэг Томас Терри дебют тоглолтдоо найман оноо, найман удаа самбараас бөмбөг авчээ. Дасгалжуулагч Зелько Василевичийн залуу тамирчид болох А.Азбаяр, С.Биндэрьяа, Ч.Тэмүүлэн нар эзгүй байсан тул бусад тамирчдад талбайд гарах илүү боломж олдлоо.

Уурхайчидын тухайд Пендарвис Уиллиамс суусан үед оноо авах өөр нэгэн хэрэгтэй байгаа харагдсан. Т.Санчирыг Бизон руу үдсэн тэд удахгүй шинэ легионероо танилцуулах биз.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж