Цөвүүн цагт нүүрээ улалзуулан гэрээ хийгээд байхад хэдэн км дараалал үүсгэдэг хэрэглэгчдийг чөтгөр аваг. Түүнээс болж Монголд шатахууны хомсдол нүүрлэсэн гэнэ. Морьтой ч болоосой. АИ-92 тасалдаж эхэлэхэд шатахуун импортолж хөлжсөн Ц.Анандбазар “АИ-92 бол приус ундаг, ажилгүй нөхдүүлийн хэрэглээ” гэж хэлсээр байтал амралтын өдрүүдэд машиныхаа банкаа дүүргэх гэснээс хомсдол үүссэн тухай л Уул уурхай, хүнд үйлдвэр сайд Ж.Ганбаатар өнөөдөр тайлбарлав бололтой.
Өөрийнх нь хэлснээр, аж ахуй гадарладаг хүн тулдаа л АИ-92-г 705 ам.доллараар таван жилийн хугацаатай хатуу гэрээ хийж чаджээ. Тиймээс цаашдаа шатахууны үнэ өсөхгүй гэдгийг амлав. Хэрвээ шатахуун байвал шүү дээ. Үнэ өсөх эсэх байгаа зүйлд яригддаг бол байхгүй зүйлд үнэ өсөх, буурах тухай ярих нь өөрөө утгагүй. Тиймээс өөрийнхөө яриад буйг даанч тэрбээр ойлгосонгүй.
Ухаандаа “Оргил” худалдааны төвийн хоосон лангууны өмнө зогсоод “Үнэ өсөхгүй ээ. Бараа ирж яваа. Хүлээцтэй байгаарай” гэсэнтэй адилхан юм яриад байгаа бололтой.
Нүүрсээ сая сая тонноор илүү зарснаас бол шатахууны хомсдолд орсон гэнэ. Дараагийн жил илүү ихийг зарахаар төлөвлөсөн бөгөөд тэр үед илүү ихээр хомсдол үүсэх нь дамжиггүй гэнэ. Хөгжил хомсдол үүсгэдэг гэх нь холгүй.
Түүний тайлбарласнаар ОХУ баруунаа байгаад зүүн өмнөд зүг рүү шатахуунаа экспортлох болжээ. Үүнээс болж төмөр замын “түгжрэл” үүсч, тээвэрлэлт гацсан гэнэ. Сайны хажуугаар саар гэгчээр уул уурхайн салбарынхан урьд урьдынхаас илүү их түлш хэрэглэдэг болжээ.
Ер нь монголчуудын хэрэглээ өссөн ч нийлүүлэлт хэвийн байгаа учраас хомсдол үүсээд байна гэдгийг сайд тайлбарлахыг оролдов. Үүнээс гарах гаргалаа гаргаж тэрбээр уриалсан нь “Дараалал үүсгэхгүй байх” байв.
Цар тахал гарвал иргэд халдвар хамгааллын дэглэм бариагүй гэх бол угаартаж үхвэл өөрсдийнхөө арчаагүйгээс, түгжирвэл хүн болгох машин барих гэдэг болсон тухай эрх баригчид солиорхыг нь сонсоод байдаг болохоор нүүрсний хулгай яриахаар “Манай МАН-аас нүүрсний хулгайд холбогдсон УИХ-ын гишүүн байхгүй” гэж доромжилон даамжирсаар өдгөө шатахууны хомсдол дараалал үүсгэснээс болсон гэж дэмийрэхийг нь үзэв. Хэрэвзээ энэ талаар сөрөг хүчин нь эсэргүүцвэл “Бид байгаагүй бол үүнээс ч дор байх байсан” гэх балайрал бэлэн тэдний аманд буй.
Сайдын хэлээд байгаагаар танд хоёр сонголт байна. Ж.Ганбаатар сайдын үгэнд ороод дараалал үүсгэхгүй байх. Эсвэл шатахууны үнэ, тусгай зөвшөөрлийг нь бүрэн чөлөөлөхийг шаардан тэмцээд зах зээлийн жамд найдаад орхих.
Бүх асуудлыг төр шийдэх гэж оролдох нь өвлийн хүйтэнд гэрэл, цахилгаангүй хөлдөж үхэх аюулыг авчирсан бол дээр нь шатахууны хомсдол нэмэгдэж ердийн хөсөгтөө шилжихэд ойрхон болжээ.
Дааж, дийдэхгүй төрийн бүтэцтэй байлаа гэж дарлуулсан түүх байхаас дээрдсэн нь алга.
Товчоор хэлбэл, тэд байгаа бүхнйг байхгүй болгож байна. Үхэхдээ хүртэл дараалалд зогсох эрхгүй болох нь! Буруу бүхэн иргэдийн буруу болоод дуусах нь. Сайдыг бухимдуулж, шатахуунд дарааллахгүйн төлөө ганцхан сонголт буй нь тэднийг ч, үнийг ч чөлөөлөх…
Л.ХАЛИУ
Холбоотой мэдээ