Монголын үндэсний бөхийн холбооноос улсын заан Б.Серикээс гадна сумын заан Г.Ганбатын барилдах эрхийг нэг жилээр хасах шийдвэрийг гаргажээ. Өмнөговь аймгийн Сэврэй сумын харьяат, сумын заан цолтой Ганхүүгийн Ганбатын 2023 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн барилдаанд учраа бөх Т.Мөнх-Эрдэнийг санаатайгаар өвдөглөсөн үйлдэл гаргасныг ёс зүйн зөрчил гаргасанд тооцсон байна.
“Ургацын баяр – 2023”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааны үеэр зохисгүй үйлдэл гаргасан улсын заан Б.Серикийн барилдах эрхийг нэг жилээр хассан.
Өнгөрөгч Пүрэв гаригт болсон барилдааны хоёрын даваанд улсын заан Б.Серик сумын заан А.Тодмагнай нар барилдах үед Б.Серик унасан бөхийг нидэрч байгаа үйлдэл телевизийн дуранд өртөж, бөх сонирхогчдын эгдүүцлийг хүргэсэн. Тэгвэл Б.Серик заан уг үйлдэлдээ уучлалт хүссэн.
Тэрбээр "Өнөөдрийн барилдааны хоёрын давааны барилдаанд үнэхээр муухай үйлдэл гаргасан байна. Зүй бус үйлдэлдээ нийт бөхөө дэмждэг ард түмнээсээ уучлалт гуйж байна. Монголын үндэсний бөхийн холбооны гаргах шийдвэрт хариуцлага хүлээх болно. А. Тодмагнай дүүгээсээ уучлалт гуйж байна. Дүүд томоос том амжилт хүсье" гэсэн юм.
Холбоотой мэдээ