Олон улсын хүний эрхийн өдөр өчигдөр /2023.12.10/ тохиолоо. Энэ өдөртэй холбогдуулан НҮБ-ын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн дээд албан тушаалтан үг хэлэхдээ Израиль, Хамасын мөргөлдөөнийг дурдав.
Тодруулбал, Палестины нутаг дэвсгэр дэх НҮБ-ын хүмүүнлэгийн зохицуулагч Линн Хастингс Хамасын аравдугаар сарын 7-ны халдлагыг зэмлэн буруушаасан ч Израилийн Газын зурвас дахь хариу үйлдэл хэмжээлшгүй байна гэжээ.
"Өнөөдөр дайны харгислалаас улбаалан үүссэн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 75 жилийн ойн баяр болж болох байсан. Гэтэл оронд нь Израиль болон Палестины эзлэгдсэн бүс нутагт хүний эрх зөрчигдөж байна. Хоёр улсын хүн амыг хамарсан энэ зөрчил хэн хэнд нь энх тайван, аюулгүй байдлыг авчрахгүй. Аллага, бэлгийн хүчирхийлэл, барьцаалан хулгайлах зэрэг нь бүхэл бүтэн үндэстнийг айдаст автуулж байна. Хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өршөөлгүй байна. Израилийн хариу арга хэмжээг зөвтгөх аргагүй. Эмнэлэг, сургууль, НҮБ-ын байгууламж гээд иргэдийн дэд бүтэц рүү халдаж байгааг зөвтгөх аргагүй. Газын хүн амыг бүхэлд нь хоол хүнс, эрүүл мэндийн үйлчилгээнээс салгасан нь ч ялгаагүй.
2023 онд иймэрхүү юм ярьж суумааргүй байгаа юм. Энэ чинь бид өнгөрсөн 75 жилийн хугацаанд юу ч сураагүй байна гэсэн үг шүү дээ" гэж тэр хэлжээ.
Нүүлгэн шилжүүлсэн энгийн иргэдийн дунд өвчин тархаж, нөхцөл байдал хүнд байгааг НҮБ-ын албан тушаалтнууд мэдэгдсэн. Үүний дараа Израилийн Гадаад хэргийн яам Линн Хастингсын визийг цуцалсан гэж мэдэгдлээ. Ингэхдээ "НҮБ-ын өрөөсгөл ойлголтын улмаас ийм шийдвэр гаргасан" гэжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ