Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа Монголын оюун ухааны академийн тамирчин 14 настай О.Наранзул олон улсын мастер, их мастер цолны болзлыг давхар хангасан талаар тус академиас мэдээллээ.
Тэрбээр, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож байгаа бөгөөд олон улсын цолны болзол хангасандаа өөрөө ч итгэхгүй баярлаж байгаа агшныг гэрэл зурагт буулгасан байна.
Их мастер цолны болзол нь 10 төрлийн дараах нийлбэр оноогоор 5500 давуулах ёстой бөгөөд тухайн жилдээ хамгийн өндөр оноотой тавхан тамирчинд олгодог маш хатуу шалгууртай цол аж. Их мастер цолыг Монгол Улсаас энэ жил гурван тамирчин хүртээд байна. Ингэснээр нийт 13 жилийн хугацаанд 15 Их мастер цолтонтой болж байгааг Монголын оюун ухааны академиас мэдээллээ.
32 дахь удаагийн ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр өчигдөр /2023.12.10/ болсон бөгөөд Монголын баг, тамирчид өндөр амжилт үзүүлж, дэлхийн рекордыг шинэчилсэн байна.
Дэлхийн хоёр том холбооны нэг "World Memory Sports Council"-оос зохион байгуулж буй 32 дахь удаагийн ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Хятадын Саняа хотод энэ сарын 8-10-нд болж өндөрлөлөө.
Холбоотой мэдээ