Украины ерөнхийлөгч Зеленский Ням гаригт Аргентинд айлчиллаа. Тэрбээр Аргентины шинээр сонгогдсон ерөнхийлөгч Хавьер Милейгийн тангараг өргөх ёслолд оролцохоор ирсэн нь энэ юм. Зеленский, Милей нар өмнө нь утсаар ярьж, Украины Оросын дайны гэмт хэргийг мөрдөн шалгахад хамтран ажиллах тухай ярилцсан.
Аргентин руу ирэх замдаа Зеленский Кабо Вердегийн ерөнхий сайд Хосе Улиссес Коррейа э Силватай уулзсан нь хоёр улсын харилцааны түүхэн дэх анхны уулзалт болжээ.
Түүнчлэн тангараг өргөх ёслолын үеэр Зеленский Унгарын ерөнхий сайд Виктор Орбантай ярилцлаа. Тэдний хэлэлцсэн асуудлын талаар тодорхой мэдээлэл одоогоор гараагүй байна. Орбан Европын зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишельд илгээсэн захидалдаа Украинд үзүүлэх тусламж болон тус улсыг холбоонд элсүүлэх асуудлыг удахгүй болох дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахгүй байхыг уриалжээ. Европын зөвлөл энэ Пүрэв гаригт Украиныг холбоонд элсүүлэх тухай асуудлыг авч хэлэлцэнэ.
Аргентины айлчлалаас үргэлжлээд Зеленский өнөөдөр /2023.12.11/ АНУ-д айлчилж байна. Айлчлалын хүрээнд ерөнхийлөгч Жо Байдентай уулзаж, хэд хэдэн уулзалт, хэлэлцээ хийх болно. Тэр дундаа хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, зэвсэг, агаарын довтолгооноос хамгаалах систем үйлдвэрлэх хамтарсан төслүүдийн зохицуулах талаар хэлэлцэнэ.
Эх сурвалж: UKRINFORM
Холбоотой мэдээ