Ногоон хурганы арьс, нохойн битүү туурай хүртэл бий гэгддэг "Нарантуул" зах өдийд шинэ жилийн бэлтгэлээ хийх гэсэн хүмүүсийн хөлд дарагддаг байлаа. Худалдаачдын нэгнээсээ өрсөн орилох, хүмүүсийн бусдаас түрүүлж бараа авахаар дайрдаг үе хэдийнэ ард үлджээ. Хоёр жилийн өмнөөс худалдаа эрхлэгчид энэ байдалд дассан гэнэ.
Хүн хөдөлгөөн их байдаг тус худалдааны төвд өнгөрөгч амралтын өдрөөр худалдан авагч тун цөөхөн байв. Ялангуяа шинэ жилийн гацуур, тоглоом, чимэглэл зардаг барааны тасаг, өвлийн гутал хувцасны тасагт ганц нэг хүн худалдан авалт хийж байлаа.
Наймаачид хоорондоо хөзөр тоглож, хажуугаар зөрсөн хүмүүст “За, үзээд сонирхоорой. Юу хайж байна” гэхчлэн ярилцана. Шинэ жилийн бараанаас гадна, хувцасны үнэ нэмэгдсэнийг иргэд хэлж байлаа. Тухайлбал, иргэн Т.Мягмарсүрэн тус худалдааны төвөөс хүүхдүүддээ гацуур авахаар иржээ. Тэднийх ам бүл дөрвүүлээ бөгөөд энэ жил хүүхдүүдийнхээ хүсэлт, шахалтаар гацуураа шинэчлэхээр шийджээ. Тэрбээр “Гайгүй гацуур харахаар 500, 600 мянга гараад явчих юм. Сонголт олон биш үнэ нь өндөр байна. Өмнө нь дээд талдаа 300 мянган төгрөгөөр гацуур авчихдаг байсан бол одоо гайгүй гацуур нь 500 мянган төгрөгөөс эхэлж байна. 1.5 метртэй үнэ гайгүй гацуур нь тачирхан их сонин харагдах юм” гэлээ.
Цар тахлын улмаас цахим худалдаа, онлайн шоп гэх ойлголт, хэрэглээ хүмүүсийн дунд газар авч, зах худалдааны төвүүдийн үйлчлүүлэгчдийг гэрээсээ гарч цаг заваа үрэлгүй, худалдан авалт хийх боломжийг бүрдүүлсэн. Үүний нөлөөллөөр ч захаас худалдан авалт хийдэг хүмүүс үлэмж багасчээ. Гэхдээ нүдээр үзэж, гараар шалгаж байж бараагаа авдаг хүмүүс ч олон бий. Тэдний нэг бол иргэн О.Золцэцэг.
Түүний хэлснээр онлайнаар гацуур мод авахыг хүссэн ч үнэ нь дэлгүүр, захынхтай ялгаагүй байсныг онцолж, боломжийн үнэтэй гацуур байсан ч онлайн шопоос авахаар зураг шигээ ирэхгүй байх гэж болгоомжилжээ.
Бүсгүй ярихдаа “Өөрийн нүдээр харж, харьцуулж байгаад авах гээд явж байна. Гэхдээ үнэтэй байна. Томоохон сүлжээ дэлгүүрүүдээр чимэглэл, тоглоомын худалдаа өргөн сонголттой гарчихсан учир үнэ нь боломжийн байгаа байх. Яг гацуур гэвэл үнэндээ сонголт алга. Саяхан ээждээ бас эндээс өвлийн гутал авч өгсөн. Захаар сайн явбал үнэ боломжийн, чанар сайтай өвлийн гутал, хувцас олж болдог ш дээ” гэв.
Нэг хэсэг хил гааль хаалттай, тээврийн үнэ өссөн үед Эрээнээс 20 хонож ирдэг байсан бараа нь одоо 3-5 хоногт ирдэг болжээ. Наймаачид өөрсдөө Эрээн, Бээжин, Гуанжоуг зорилгүй "Wechat" ашиглан Хятад дахь үйлдвэр, бөөний худалдаачидтай холбогдож, захиалгаа өгдөг болсон гэнэ. "Эрээн гарч, гахай зөөдөг үе өнгөрсөн шүү дээ" гэж 13 дахь жилээ "Нарантуул" дээр гутал зарж буй худалдагч н.Туул ярив. Түүний хувьд анхандаа эгч нарынхаа хамтаар Эрээн, Гуанжоу явж, зарах бараануудаа авчирдаг байсан бол сүүлийн жилүүдэд "Wechat"-аар хамаг ажлаа амжуулдаг болжээ. Иргэд ч барааны чанар, эдэлгээнд их анхаарах болсон тул Турк, Солонгосоос бараа татаж үзсэн аж.
“Нарантуул” төвөөс орон нутгийн иргэд их үйлчлүүлдэг. Гэхдээ арванхоёрдугаар сар хөл хөдөлгөөн багатай улирал гэнээ. Он гараад цагаан сар дөхөхөөр тус зах олны хөлд дарагдаж, "Нарны зам" жинхэнэ утгаараа тэг зогсолтод өртдөг ажээ.
Худалдагч Д.Мөнх-Эрдэнэ "Ерөөсөө дундаж давхарга гэж байхгүй болчихлоо. Дундаж давхаргатай байж барааны эргэлт сайн байсан. Гэтэл одоо тэнгэр газар шиг байна. Хүмүүс хувцас хунар авах нь бүү хэл хоол хүнсээ арай гэж залгуулж байна. Захын бараа дэлгүүрээс хямд. Хамгийн гол хүмүүс бараг юм авахгүй байна. Зурагнаас нь хараад захиалах бас хэцүү шүү дээ. Гадуур худалдан авалт муу байгаа юм уу, эсвэл “Нарантуул” хүйтэн болохоор хүмүүс ирэхээ байчихсан юм шиг байна. Өдийд куртикний сезон орчихсон сайн гүйдэг байсан энэ жил тийм зүйл байхгүй байна" гэж ярилаа.
Ийнхүү тус төвд хөл хөдөлгөөн цөөн, ганц нэг куртик гутал өмссөн хүмүүс харагдана. Гуталны тухайд эмэгтэй гутал чанараас шалтгаалж 100-350 мянган төгрөг, эрэгтэй гутал 150 мянгаас 350 мянган төгрөгийн хооронд ханштай байх.
Энэ жилийн барааны татан авалт сайн байгаа ч худалдан авагч тааруу байгааг наймаачид хэлж байв. Харин иргэдийн зүгээс дараах тайлбарыг хэлж байна. Иргэн Х.Хишигсүрэн “Юмны үнэ их нэмэгдсэн. Ажил хийгээд ямар ч нэмэр байхгүй байна. Цалин мөнгөө нэмэх хэрэгтэй. Миний хувьд 24-48 ажилладаг. Цалин гэр орон нүүрс түлээнд зарцуулагддаг. Хүнс, гурилын үнийг багасгах хэрэгтэй байна. Барааны үнэ маш их нэмэгдсэн байна. Хүүхдэд куртика авахад зуун мянга, гутал авахад 200 мянга давж байна. Энэ жил өвлийнхөө куртикыг авч чадаагүй байна. Нэгдүгээрт үнэтэй, хоёрдугаарт шинэ загвар нь 100 мянган төгрөгийн зөрүүтэй байна. Манайх ам бүл дөрвүүлээ дор хаяж өвлийн куртика хувцсанд хоёр сая төгрөг зарцуулах тооцоо байна. Нэг сая төгрөг дотор өвлийн бэлтгэлээ базааж чадахаа больсон байна” гэв.
Холбоотой мэдээ