Өнгөрсөн жилийн өдийд европчууд Орос улсаас импортолдог байгалийн хийгүйгээр хөлдөж үхэхээс эмээж байсан. Гэвч ийм зүйл болоогүй. Цаашид ч болохгүй. Энэ 2023-2024 оны өвөл Европын холбооны хий хадгалах агуулах савнуудын бараг 95 хувь нь дүүрэн байна. Герман болон хөрш орнууд шингэрүүлсэн хий (LNG) импортлох 20 терминалын талыг нь ажиллуулж байна. Франц улс шинээр зургаан цөмийн эрчим хүчний реактор барихаар төлөвлөжээ. Үүнээс гадна нарны эрчим хүчний хүчин чадлыг 25 хувиар нэмэгдүүлсэн байна.
Европын холбооны олон сая тонны багтаамжтай агуулах савуудыг Оросоос хий импортлохгүйгээр дүүргэж чадсан нь Владимир Путин төдийгүй бараг бусад бүх орныг гайхашруулав.
Эрчим хүчний эдийн засаг, санхүүгийн шинжилгээний хүрээлэнгийн Европын эрчим хүчний шинжээч Ана Мария Жаллер-Макаревич хэлэхдээ, "Бид үүнийг хийж чадсан гэж хэлж болно. Европын холбооны эрчим хүчний шинэчлэлтийн "REPowerEU" төлөвлөгөө үр дүнтэй болсон" гэж дүгнэжээ.
Гэхдээ зардал гарсан. Европын хийн үнэ сүүлийн 10 жилийн дунджаас хоёр дахин буурсан гэж Вилфрид Мартенсийн нэрэмжит Европ судлалын төвийн судлаач Димитар Лилков мэдэгдэв. Энэ нь Европын холбооны засгийн газрууд өнгөрсөн жил 600 тэрбум еврогийн татаасыг эрчим хүчний хэрэглээнд зарцуулсантай холбоотой.
Хамгийн хүнд цохилт нь аж үйлдвэрт тусах магадлалтай. Путин өнгөрсөн жил Украин руу довтлохоос өмнө Европын холбооны нийлүүлэлтийн гуравны нэг буюу түүнээс дээш хувийг Оросын хямд хий эзэлж байсан. Энэ нь Герман болон бусад орнуудад хөнгөн цагаан, ган, бордоо эсвэл керамик үйлдвэрлэдэг олон төрлийн эрчим хүч их зарцуулдаг үйлдвэрүүдийг ажиллуулахад тусалсан. Европын холбооны гангийн үйлдвэрлэл 2022 онд 11 хувиар буурч, энэ жил дахин буурчээ. Цар тахлын үеийн уналтыг эс тооцвол Герман сүүлийн 30 жилийн анхны хямралтай тулгарч байгаагийн нэг шалтгаан энэ юм гэж үзэж байна.
"Хэрэв Германы аж үйлдвэрийн загварыг эвдэх юм бол энэ нь Төв болон Зүүн Европыг бүхэлд нь хөдөлгөх болно" гэж судлаач Димитар Лилков анхааруулж байна.
Үүнээс гадна Хятадын эрэлт сул, зээлийн хүүгийн өсөлт зэрэг мөчлөгийн хүчин зүйлүүд нь мөн үйлдвэрлэлд цохилт өгч байна. Гэсэн ч эрчим хүчний цочрол нь удаан хугацааны хохирол учруулж болзошгүй гэж "Aurora Energy Research"-ийн хийн шинжээч Жейкоб Мандел тайлбарлажээ. Тэрбээр "Зарим салбар үүрд алга болох эрсдэлтэй" гэж хэлэв.
Харин Колумбын их сургуулийн Дэлхийн эрчим хүчний бодлогын төвийн эрдэмтэн Анне-Софи Корбо илүү өөдрөг үзэлтэй байна. Тэрбээр хэлэхдээ, дэлхийн шингэрүүлсэн хийн нийлүүлэлт 2028 он гэхэд хоёр дахин өсөх хандлагатай байгаа нь гол төлөв АНУ, Катар улсын ачаар хангагдах боломжтой аж. Энэхүү нэмэлт нийлүүлэлтийн ихэнхийг нь хүртэх төлөвтэй байсан Хятад улсын эдийн засаг удааширч байгаа тул өмнөхөөсөө бага шингэрүүлсэн хий хэрэглэж магадгүй гэж тэрбээр үзжээ.
Шинээр гарч ирж буй "хөвөгч агуулах, дахин хийжүүлэх төхөөрөмж"-ийн ачаар Европ импортын дэд бүтцийг хурдан бөгөөд уян хатан байдлаар нэмж, шаардлагатай бол далайд бэхэлж, нүүлгэн шилжүүлэх боломжтой. Герман улс хэдийнэ хөвөгч агуулахын тавыг нь дангаараа түрээсэлсэн.
Франц, Герман хоёр өнгөрсөн жил Катартай урт хугацааны шингэрүүлсэн хий нийлүүлэх гэрээ байгуулсан нь үнийг тогтворжуулахад тусалсан гэж ажиглагчид үзэж байна. Германы эрх баригч эвсэл хийн шинэ нийлүүлэгчийг олохоор яарсан нь сэргээгдэх эрчим хүчний зорилтод аюул учруулахаас болгоомжилсон идэвхтнүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан.
Европт хэн ч ярихгүй байгаа нэг ирээдүй бол Оросын байгалийн хийн хараат байдал руу буцаж орох магадлал юм. Зөвхөн Европын холбооны хориг арга хэмжээнээс болж биш Путин өөрөө экспортын ихэнх урсгалыг бууруулсан бөгөөд энэ нь барууны орнуудын Украинд үзүүлэх дэмжлэгийг сулруулна гэж найдсан. Гэвч түүний тооцоолол бүтэлгүйтсэн.
Үүний оронд Орос улсаас Хятад руу хий худалдах төлөвлөгөө нь аажмаар урагшилж, шинэ хоолой тавихад асар их зардал гаргаж байна. Ийнхүү "Оросын хийн ихэнх хэсэг нь тус улсын баруун хэсэгт гацсан. Европ руу их хэмжээний борлуулалт хийдэг эрин үе дууслаа" гэж "Aurora Energy Research"-ийн хийн шинжээч Жейкоб Мандел дүгнэжээ.
ЭХ СУРВАЛЖ: BARRONS
Холбоотой мэдээ