Оросын хэд хэдэн хотын эрх баригчид салют буудуулах арга хэмжээг цуцалж, шинэ жилийн чимэглэл худалдаж авахын оронд фронт руу мөнгө илгээхээ амласан утхай Европын чөлөөт радио агентлагт мэдээлэв.
ОХУ-ын Украинд хийж буй түрэмгийллийг дэмжиж, цэргийн техник худалдаж авахын тулд уламжлалт баяр ёслолын арга хэмжээг багасгахаа янз бүрийн албаны хүмүүс амлаж байна. Тодруулбал, Сочи хотын дарга Алексей Копайгородский салют буудуулахад хуваарилсан хөрөнгийг Оросын арми руу илгээнэ гэж мэдэгдэв. Мөн орон нутгийн бизнес эрхлэгчид болон оршин суугчдыг уг жишээг дагаж мөрдөхийг уриалав.
Новороссийск хотын дарга Андрей Кравченко мөн өөрийн хот шинэ жилийн баярын салют буудлагаа цуцалж, хэмнэсэн мөнгөө фронт руу техник илгээхэд зарцуулна гэж мэдэгдэв. Нальчик уулын хот энэ жил баярын гоёл чимэглэл худалдаж авахгүй гэдгээ амлажээ. Хотын удирдлагууд өнгөрсөн жилүүдийн гоёл чимэглэлийн зориулалтаар ашиглахаар төлөвлөж байна.
Үүнтэй төстэй арга хэмжээг Волгоград мужийн Волжский, Хойд Осет-Аланийн Владикавказ, өмнөд бүс нутаг Ставрополь муж зэрэг Орос даяар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Өнгөрсөн жил "Business Insider" мэдээлснээр Оросын олон хот Украинд дайн эхэлсэн эхний жилд цэргийнхэнд мөнгө шилжүүлэхийн тулд шинэ жилийн баяраа цуцалсан. Москва, Санкт-Петербург хотын албаны хүмүүс баярын салют буудуулах арга хэмжээг цуцалжээ.
Краснодар хязгаарын амбан захирагч Вениамин Кондратьев тус бүс нутагт 2022 онд салют буудуулахыг шууд хориглосон гэж мэдэгдээд энэ жилийн баярын өдрүүдэд салют буудуулахгүй байхыг оршин суугчдад уриалсан ч бүрмөсөн хориглохгүй гэж мэдэгдэв.
Орос улс 2024 онд төсвийнхөө гуравны нэг орчмыг цэргийн салбарт зарцуулахаар төлөвлөж байна. Барууны хориг арга хэмжээ, инфляцийн өсөлтийн үед дайныг санхүүжүүлсэн нь Оросын эдийн засагт асар их дарамт учруулж байна.
ЭХ СУРВАЛЖ: THE KYIV INDEPENDENT
Холбоотой мэдээ