"Монголын кино урлаг ирээдүйтэй харагдаж байна"

Хуучирсан мэдээ: 2023.12.09-нд нийтлэгдсэн

"Монголын кино урлаг ирээдүйтэй харагдаж байна"

"Монголын кино урлаг ирээдүйтэй харагдаж байна"

Монголын Үндэсний кино урлагийн зөвлөл, "Кино гүүр хөгжлийн холбоо" хамтран зохион байгуулж буй “Хархорум” олон улсын кино наадам 2023 оны арванхоёрдугаар сарын 7-12-ны өдрүүдэд үргэлжилж буй. “Хархорум” олон улсын кино наадмыг энэ жил анх удаагаа Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байна. Энэ хүрээнд “Хүний эрх-75” буюу хүний эрх, эрх чөлөөг сурталчлах нийтлэг ойлголт болоод сэдэвчилсэн мэдлэгийг таниулах бөгөөд кино урлагаар дамжуулан хүний эрхийг дээдлэх, зөв хандлагыг төлөвшүүлэх зорилготой. Наадамд оролцохоор олон улсын наадмын шүүгч, продюсер, найруулагч гээд олон уран бүтээлч Монголыг зорин ирээд байна. Ингээд тэдний төлөөлөл зочин, шүүгч уран бүтээлчидтэй "Хархорум" олон улсын наадмын талаар цөөн хором ярилцсанаа хүргэе.


Эллен Ким нь 1996 оноос эхлэн олон улсын кино наадмуудыг зохион байгуулж,  кино наадмын хөтөлбөр, кино зах зээлийн менежмент зэрэг кино урлагийн бүхий л салбарт ажиллаж буй арвин туршлагатай продюсер, менежер юм.

"МОНГОЛД КИНО УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛААД УДААГҮЙ Ч ОЛОН УЛСАД ИДЭВХТЭЙ БАЙГАА НЬ САЙШААЛТАЙ"

-Монголд анх удаа ирж байна уу. Бидэнд өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Миний хувьд БНСУ-ын Пучоны олон улсын "Фантастик" кино наадмын хөтөлбөр боловсруулагчаар ажилладаг. Уг наадам нь улсдаа хоёрт ордог том хэмжээний кино фестиваль. Олон улсад хамгийн том жанрын киноны фестивалийн нэг юм.

Кино фестивалиас гадна кино төслийн маркетинг хийдэг. Уран бүтээлчид хиймээр байгаа кино төслөө өгч, хөрөнгө оруулалт татан оролцох боломжтой байдаг.

-Монголын уран бүтээлчид олон улсын кино наадмуудад бүтээлээ "сойж", тодорхой амжилтуудыг гаргаж байна. Цаашдаа дотоодод гэлтгүй олон улсын наадмыг зорих уран бүтээлч нэмэгдэх байх. Эдгээр хүмүүст хандан ямар зөвлөгөө өгөх вэ?

-Олон улсын кино фестивальд нэг их өндөр шалгууртай байдаггүй. Уран бүтээлчид, сонирхогчид кино наадамд оролцож буй уран сайхны кинонуудыг үзэж, форумд оролцож болно. Англи хэлний тодорхой хэмжээний мэдлэг шаардах байх. Эсвэл өөрсдийн бүтээсэн кино бүтээлээрээ нээлттэй оролцох боломжтой.

Монголын Үндэсний кино урлагийн зөвлөлтэй албан ёсны ажил хэрэг болгоогүй байгаа ч гэсэн монгол уран бүтээлчидтэй хамтран ажиллах болно. Кино урлагийн сургуульд ч энэ чиглэлээр суралцах хүсэлтэй залуус байвал хамтран ажиллахад бэлэн байна.

-Өмнөд Солонгосын кино урлаг сүүлд эрчимтэй хөгжиж, "Оскар" кино наадмаас шагнал хүртэх болсон. Улсынхаа кино урлагийн хөгжлийг хэрхэн харж байна вэ?

-Өмнөд Солонгост анх 1990-ээд оны үед кино театр маш олноор нээгдэж эхэлсэн. Ингэснээр залуус киног үзэж, тэр чиглэлээр суралцах хүсэл сонирхолтой болж ирсэн. Тэд кино салбартаа ажиллаж, 2000 оноос Холливудын системийг маш хурдан нэвтрүүлж, улсын хөрсөнд хөрвүүлж чадсан. Кино урлагийн систем, менежмент богино хугацаанд шинэчлэгдсэн гэсэн үг.

Ким Дэ-Жүн ерөнхийлөгчийн үед 1999 онд төрийн бодлогын хүрээнд кино урлагийг дэмжих бодлогыг эрчимтэй хэрэгжүүлсэн.

Уран бүтээлчдийн зүгээс тухайн үед кино урлагийг дэмжиж болно, гэхдээ битгий оролц гэдэг байр суурийг илэрхийлсэн юм. Улмаар Кино урлагийн зөвлөлтэй болж, сан байгуулсан .Тэр сангаа кино театруудын орлогын гурван хувиар санхүүжүүлж, кино урлагаа дэмжиж эхэлсэн.

-Монголын "Хархорум" олон улсын наадмын талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу. Бусад орны кино наадмаас юугаараа ялгарч чадаж байна вэ?

-Би Монголын кино наадамд анх удаа оролцож байна. Олон улсын уран бүтээлчдийг урьж авч ирэх идэвхтэй хөдөлгөөн нь сайхан санагдлаа. Хоёрт, "Хархорум" олон улсын кино фестивалийн сэдэв нь хүний эрх гэдэг сэдвийг хөндөж, маш зөв чиглэлийг барьж байна. Мөн Монголд Үндэсний кино урлагийн зөвлөлийг байгуулаад удаагүй байгаа ч ийм идэвхтэй үйл ажиллагааа явуулж байгаа нь ирээдүйтэй харагдаж байна. Монголын кино урлаг хөгжих боломж маш их байна гэв.

Тэрбээр 2001-2004 онд Пүчоны олон улсын "Фантастик" кино наадмын хөтөлбөр боловсруулагчаар ажиллаж байсан. Наадмын хөтөлбөр боловсруулагчаар ажиллахын зэрэгцээ “Flying Tiger Pictures” артхаус продакшнийг байгуулж, 2002 онд найруулагч Лю Бинжианы “Уйланхай эмэгтэй” киног хамтран бүтээжээ. Мөн 2011 онд найруулагч Руслан Пакийн “Ханаан”, 2020 онд найруулагч И Хюк Рэ, Ким Жун Ён нарын “Оёдолчин эгч дүүс” киноны продюсерор ажилласан байна.

Мөн 2006 онд “Азийн кино зах зээл”-ийн анхны хувилбарыг гаргасны дараа тэрбээр 2008 онд найруулагч Хон Сан Сүгийн “Шөнө ба өдөр”,  2011 онд найруулагч И Ён Гигийн “Юу ч болсон” кинонуудыг Солонгосын шилдэг продакшн болох "Bom Film Productions"-д хамтран бүтээжээ.

Эллен Ким нь "Zamie Pictures"-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, шинэлэг төрөл жанрын кино төслүүдийг боловсруулж, найруулагч Нобухиро Ямашитагийн “Миний арын хуудас”, найруулагч Пэдди Консидайны “Тираннозавр” зэрэг гадаадын арт-хаус кинонуудыг худалдан авч түгээсэн. Тэрбээр 2016 оноос эхлэн дахин Пүчоны олон улсын "Фантастик" кино наадмын хөтөлбөрийн захирлаар ажиллаж байна.

"МОНГОЛ КИНО ӨВ СОЁЛ, ЁС УЛАМЖЛАЛААРАА ЯЛГАРЧ ЧАДАЖ БАЙНА"

Мариа Разакамболи нь "Хархорум" олон улсын наадмын хөтөлбөр боловсруулагчаар ажиллажээ. Тэрбээр Франц улсаас анх удаа Монголд ирсэн байна.

Тэрбээр "Миний хувьд "Хархорум" олон улсын наадамд анх удаагаа оролцож, багаараа хөтөлбөрийг нь боловсруулж ажиллалаа. Үзэгчид маш сайхан хүлээн авч байна. Кино наадмын нээлтийн үйл ажиллагаа маш сайхан болсон. "Хархорум" наадмын анхны нээлтийн жил гэдгээрээ онцлог болж байна. Дэлхийн бусад кино наадмуудтай харьцуулахад Монголын өв соёл, ёс уламжлалаараа ялгарч чадаж байна. Нисэх онгоцны буудал дээр буухад уудам тал газар бууж, цав цагаан цас угтсан нь маш сонирхолтой санагдсан.

Монголчууд маш их тусч, элэн далангүй нөхөрсөг ард түмэн байна. Бас монгол хоолны амт шимт маш амттай, сонирхолтой санагдлаа.

Монгол уран бүтээлчид дэлхийн нийтийг дууриах шаардлагатай. Гуравхан сая хүн амтай монголчууд цөөн, содон өв соёлоороо ялгардаг. Тиймээс энэ бүхнээ дэлхийд таниулах хэрэгтэй" гэдгийг онцолсон юм.

Тэрбээр Францын Лион хотын их сургуульд кино болон аудио видео мастер хамгаалсан. Мөн  2010 онд Францын Монпелье хотын “CINEMED Mediterranean Film Festival” наадмын ложистикийн туслах, 2011 онд Парисын “Pyramide Distribution” кино компанийн хөтөлбөрийн туслах, Мөн 2011 онд Лион хотын “Lumiere, Grand Lyon Film Festival” наадмын борлуулалт, DVD дэлгүүрийн туслах, 2012-2014 онд Парисын “Moby Dick Films” компанийн продакшн туслах, 2015-2017 онд “REX, European Animation Film Festival” наадмын хөтөлбөр болон киноны зохицуулагчаар 2015-2018 онд “Stockholm International Film Festival” наадмын хөтөлбөр боловсруулагч, хөтөлбөрийн зохицуулагчаар, 2018-2019 онд Шведийн Кино Хүрээлэнгийн (“Swedish Film Institute”) богино кино болон баримтат кино наадмын менежереер тус тус ажиллаж байсан.

Одоо, 2014 оноог өнөөдрийг хүртэл Шведийн “Franska Filmfestivalen, French Film Festival of Sweden” наадмын захирал, хөтөлбөрийн захирал, 2018 оноос өнөөг хүртэл Шведийн “Asiatiska Filmfestivalen, Asian Film Festival of Sweden” наадмын хамтран үүсгэн байгуулагч, хөтөлбөрийн захирлаар, 2020 оноос “Cineasterna” наадмын олон улсын хөтөлбөр боловсруулагчаар тус тус ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж