Хуванцар хог хаягдалд шинэ “амьдрал” бэлэглэв 

Хуванцар хог хаягдалд шинэ “амьдрал” бэлэглэв 

Хуванцар хог хаягдалд шинэ “амьдрал” бэлэглэв 

Амьтай байсан бол их л гомдож ярих байх даа. Нүдтэй байсан бол нулимс урсгах л байх даа. Үргэлж л танаасаа авдаг хэр нь эргүүлээд өгч чадахгүй байгаад уучлаарай. Байгаль ээждээ бид энэ үгсийг үргэлж хэлдэг ч хайрлаж хамгаалахын төлөө хийж байсан дорвитой үйлдлүүд нь тун цөөн.

Өдөр тутмын хэрэглээний хог хаягдал байгальд хор нөлөөтэй, тулгамдсан асуудал гэдгийг бид бүгд мэднэ. Гэвч хогоо ангилж хаях соёлд хараахан бүрэн дүүрэн суралцаагүй л байна.

Хуванцар хаягдлын хор уршгаас зайлсхийх цорын ганц гарц шийдэл нь дахин боловсруулалт гэдгийг дэлхий дахинд хүлээн зөвшөөрдөг билээ. Тэгвэл манай оронд ч хуванцар хаягдлыг дахин боловсруулах төсөл амжилттай хэрэгжээд зогсохгүй, бүр үүнийгээ орчин үеийн AR технологитой хослуулан бүтээл гаргаснаа танилцуулж “Zero waste self expression” үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Энэ удаа тэд хуванцар хаягдлаас үүссэн маскийг танилцуулж буй бөгөөд энэ нь хуванцар хаягдал дахин боловсруулагч INMO Studio болон AR технологи ашиглан дижитал загвар, виртуал модель бүтээдэг HybOrg платформын хамтын бүтээл юм.  

Үзэсгэлэн "Art of UB" галерейд болж байгаа бөгөөд галерейн хаалгаар оруут сүүн цагаан хуримын даашинзны хормой дээр саа цацчихсан мэт гялалзах гацуур нүд булаана. Танхимын гэрэл бүүдгэр. Үүдэнд таблет тэвэрсэн охин инээмсэглэсээр угтах агаад цомхон ширээн дээрх ваартай цэцэгс, гацуурын чимэглэл зэрэг дахин боловсруулагдсан бүтээлийг танилцуулсан нь бидний хамгийн эхний өртөө байлаа.

Дэргэд нь өнөөдрийн танилцуулж буй бүтээгдэхүүнийг хэвлэсэн 3D принтерийг байрлуулсан байна. Харин үзэсгэлэнгийн гол хэсэгт хоорондоо яг ижил тэнцүү зайтай үзүүлэнгүүд “сүндэрлэнэ”.

Мэдээж энэ бол өнөөдрийн бидэнд танилцуулж буй маскууд юм. Өндөр нарийхан төмөр сагсанд гол түүхий эд болох ундааны сав, хуванцруудыг хийж дүүргэн дээр нь маск зүүсэн манекеныг байрлуулжээ. Манекен бүр өөр өөр ертөнцтэй. Усны долгион, хар сувд, далайн давлагаа зэрэг сонин содон үзэгдэл, мэдрэмжийг тольдож болохуйц загвартай юм. Хананд өлгөсөн постер бүрээс хүмүүс бид өөрсдийн одоо болон ирээдүйн түүхийг уншиж, бас мэдэрч болох.

Маскийг хүн бүрийн нүүрний хэлбэр онцлогт зориулж хийхийн тулд AR технологи ашиглан царайд нь ямар маск зохих эсэхийг туршиж үздэг аж.

Мөн маск дээр байгаа QR кодыг гар утсаараа уншуулж виртуал ертөнцөөр аялах боломжтой. Танхимын гэрэл унтран морин хуурын аялгуугаар үзэсгэлэнг нээв. Бодит бус орчинд ч өөрийгөө илэрхийлэх хязгааргүй боломжийг  маск маань давхар бэлэглэж байгаа гэдгийг стартап үүсгэн байгуулагч залуучууд нээлтийн үгэндээ онцолж байлаа.

Ингээд төслийн дизайнерууд зорин ирсэн үзэгчдэд бүтээгдэхүүнээ нэг бүрчлэн танилцуулж, инстаграм фильтер дээр туршин үзүүлсэн юм. Хүмүүс маскийг зүүн виртуал ертөнцөөр аялан гайхширч, магтан сайшаахад тэд урам зоригоор шагнагдан нүүр дүүрэн инээмсэглэцгээнэ.  

Төслийг санаачлагч Б.Тэргэл “Би архитектур мэргэжилтэй. Гадаадад арван жил амьдарч ирээд манай монголчууд хогоо ангилж хаядаггүйг анзаарсан. Уг нь хуванцар хаягдал нь зөв ашиглавал үнэ цэнтэй түүхий эд байж чадна. Ингээд хог хаягдлыг дахин боловсруулах шийдэлд хүрсэн. Өнөөдөр манай үзэсгэлэн Монголд анх удаа хайбрид бүтээгдэхүүн танилцуулж байна. Энэ нь биет болон биет бус хөрөнгийг агуулж байна гэсэн үг. Дизайныг код бичиж, алгоритмын дагуу гаргасан. Мөн шинжлэх ухаан дээр үндэслэн, дахин давтагдашгүй загвараар хийдгээрээ онцлогтой. Дотор нь NFC чип байгааг утсаараа уншуулаад AR технологиор маскийн цаана орших нууцлаг ертөнцөд нэвтэрнэ. Маск бүр өөрийн түүх, урлагийг агуулж байгаа учир энэ нь контент хийхэд шинэ зэвсэг болж өгнө” гэсэн юм.   

Жишээ нь, инстаграм дээр контент хийдэг хүмүүс нэг хувцсаа жилд долоон удаа өмсөөд хаядаг гэсэн судалгаа байдаг. Тиймээс нэг өмсгөл дээр олон төрлийн дижитал загварыг бий болгох замаар хувцсандаа хэмнэлт хийж, байгальд ээлтэй шийдэлд хүрэх зорилготой гэдгийг HybOrg-ийн үүсгэн байгуулагч Н.Даваажаргал онцлоод “Анх яаж биет хувцасны хаягдал үүсгэхгүйгээр өөрсдийгөө илэрхийлэх вэ гэдэгт гарц хайж хамгийн хог хаягдалгүй илэрхийлэмж болох дан виртуал хувцсыг бүтээж байсан. Дараа нь хуучин хувцсыг ашиглан биет болон виртуал хувцсыг  хослуулах болсон. Хувцсан дээрх хэвлэмэл дүрсийг уншуулж, виртуал орчинд загварыг хүссэнээрээ өөрчлөн өмсөх боломж олгоход гол онцлог, давуу тал нь оршиж байгаа. Үзэсгэлэнгийн маскуудын хувьд биет бус маскийн загваруудыг хамт тусгасан байгаа” гэсэн юм.

Тэдний хамтарсан төсөл "Жайка Монголиа" байгууллагаас 50 сая төгрөгийн дэмжлэг авчээ. 

Бүтээлээ хүнсний зориулалттай хуванцар хог хаягдлаар хийсэн тул ямар нэгэн хор нөлөөгүй бөгөөд ямар ч хог хаягдал гараагүй гэнэ. Үргэлжлүүлэн Японы Хокайдогийн их сургуулийн эрдэмтэд, багш нарыг ирүүлэн дэмжлэг авах, Ковидын дараа цус харвалт ихэссэнтэй холбоотой таягийн асуудал, хэрэгцээ гарч байгааг хуванцар хаягдлаар шийдэх зэрэг олон ажлыг төлөвлөөд байгаа аж. Энэ төслийн хамгийн үнэ цэнтэй зүйл нь стартапуудын хамтрал бөгөөд ингэснээр илүү сонирхолтой үр дүнд хүрч чадаж байна гэдгийг төслийн хөрөнгө оруулагч Kite Mongolia ХХК-ийн үүсгэн байгуулагч Л.Болормаа онцолж байв. Ер бусын содон хийц загвар, танхимд цуурайтах орчин үеийн хэмнэл бүхий дуу бидний мэдэхгүй өөр ертөнцийг эрхгүй мэдрүүлэх аж.  

Үзэсгэлэнг үзэж буй нэгэн эмэгтэй “Манай залуучууд дэлхийд ховорхон төслийг хэрэгжүүлж байгаа нь үнэхээр сайшаалтай юм. Миний санаанд огт орохооргүй зүйлийг хийж бүтээсэн байна. Би хогийг ангилж хаяхыг дэмждэг хүн. Жишээ нь цаасан хайрцгийг л гэхэд бүгдийг нь задалж хаявал зай талбай бага эзэлдэг. Хоол хүнсний хаягдлыг тусад нь гялгар уутанд хийж хаяна. Тэр чинь бас бордоо болчихдог юм байна лээ. Энэ мэтчилэн хогоо ангилж хаявал байгальд хэрэгтэй зөв шийдэл юм байна” гэж сэтгэгдлээ хуваалцсан юм. 

Үзэсгэлэнг үзэх гэж ирсэн хүн бүр шинэлэг, өвөрмөц, дэвшилтэт технологийн “ид шидийг” гайхаж байв.

2020 он бол хүн төрөлхтний бүтээсэн эд зүйлсийн хэмжээ дэлхий дээрх биомассаас давсан жил байлаа. Хүмүүс аюулт өвчнөөс сэргийлж амны хаалтыг өдөр тутмын зайлшгүй хэрэгцээ болгосон хүнд өдрүүдэд маск нь хүн, техник, байгаль гурвын эв найрамдалтай оршихуйн бэлэг тэмдэг болсон юм. Цар тахлын аюулаас зугтаж амжсан ч монголчууд бид агаарын бохирдлоосоо холдоогүй.

Иймд маск бидний эрүүл мэндээ хамгаалах зэвсэг, утааны улиралд чухалд тооцогдох хэрэгцээ хэвээр байсаар.

Хог хаягдалд шинэ амьдрал бэлэглэж маск бүтээхдээ давхар хүмүүст виртуал ертөнцөөр аялах боломжийг олгосон тус бүтээгдэхүүн хэсэг хугацааны дараа худалдаанд гарах ба тэр үедээ үнийн мэдээлэл, захиалах зааврыг танилцуулах ажээ. Дашрамд дурдахад, "Zero Waste Self Expression" үзэсгэлэн арванхоёрдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд зорин ирсэн хэн бүхэнд үнэ төлбөргүй юм. 

Б.Нарангэрэл, Б.Хорлоо 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-09 103.57.94.29

хогоо ангилаж хаядаг болох юмсан даа. аливаа ажил маш сайн судалгаатай , тодорхой ойлгомжтой хуультай , маневар зохицуулалт сайтай , тэгээ хариуцлагатай хяналт мундаг, төсөв нээлттэй явхад л хэдэн жарныг туулна даа үр ашиг нь улс орон хүн төрөлхтөн д л үлддэг . жишээн герман хүний соёл нийгэм сайхан хэсэг нь агуу шүү . дуртай сонирхсон ийм зүйлдээ ажил амьдралаа зориулах юмсан . юу ч хийж барилга дээр явж байгаан бүү мэд өөрийгөө олохгүй байсаар нас минь ид үе минь дуусах вий гэхээс маш их айх ю

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж