УИХ-ын дарга Г.Занданшатарын хүний эрхийн онцлох ЭШЛЭЛ

Хуучирсан мэдээ: 2023.12.09-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Г.Занданшатарын хүний эрхийн онцлох ЭШЛЭЛ

УИХ-ын дарга Г.Занданшатарын хүний эрхийн онцлох ЭШЛЭЛ

Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн чуулган өнөөдөр /2023.12.09/болж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ. Ингээд түүний хэлсэн үгнээс онцлох эшлэлийг хүргэе.


  • Хууль тогтоомжийн төсөлд хүний эрхийн талаас нь үнэлгээ хийдэг аргачлалыг хэвшүүлж, “Хүний эрхийг дээдлэгч” парламент байхаа зарласан. Улсын Их Хурал, ОУПХ-той хамтран Хүний эрх, жендерийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээг өнгөрсөн сард хийлээ. Хүний эрхийн өөрийн үнэлгээг ОУПХ-ноос баталсан аргачлалын дагуу анх удаа хийсэн парламент нь Монгол Улсын Их Хурал боллоо. Цахим шилжилтийн хүрээнд “D-parliament”, “D-petition” программуудыг нэвтрүүлж, ард түмний засаглах эрхийг хангаж байна.
  • Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2021 онд баталж, Ази тивдээ хүний эрх хамгаалагчийг хамгаалах тогтолцоо бий болгосон анхны улс боллоо.
  • Улсын Их Хурлын тогтоолоор Комиссын Хүний эрх хамгаалагчийн болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүдийг томилсноор ХЭҮК-ын дэргэд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх механизм, Хүний эрх хамгаалагчийн хороо байгуулагдлаа.
  • Монгол Улсын Шүүхийн тухай, Хууль зүйн туслалцааны тухай хуулиудыг шинэчлэн найрууллаа. Иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах зорилгоор Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, хүний хувийн мэдээллийг ашиглах, аюулгүй байдлыг хангах харилцааг зохицуулсан Хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баталсан.
  • Төр, хувийн хэвшлийн аль алинд хүний эрх, эрх чөлөөг зөрчиж, улсын болон иргэний боломжийг хулгайлж буй хорт үзэгдэл бол авлига юм. Тиймээс Улсын Их Хурал 2023 оны хаврын чуулганаа “Авлигын эсрэг чуулган” болгохоо зарлаж, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг шинэчлэн баталсан. Түүнчлэн төрийн өндөр албан тушаалтнууд гэмт хэрэгт холбогдвол хөөн хэлэлцэх хугацааг зогсоох, авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах, өршөөл, уучлал үзүүлэхгүй байх, хялбаршуулсан журмаар шийдвэрлэдэггүй байх зэрэг зохицуулалтыг холбогдох хуульд тусгалаа.
  • Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг шинэчилж, нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байх зохицуулалтыг 2024 оноос, 40-өөс доошгүй хувь байхыг 2028 оноос мөрдөхөөр боллоо. Мөн нам, эвслээс жагсаалтаар нэр дэвшигчдийн хүйсийн харьцаа 1:1 байх зохицуулалтыг тусгасан.
  • Манай улсад хүний эрх зөрчигдөх явдал арилаагүй, гарсаар байна. НҮБ-ын хүний эрхийн механизмуудаас гаргаж буй удаа дараагийн дүгнэлт, зөвлөмжүүдэд ч  энэ талаар дурдсаар байгаа. Хот, хөдөөгийн нийтлэг асуудал болсон агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл нь хүний амьд явах эрхэд ноцтой заналхийлэл учруулж байна.
  • Хувийн өмч бол хүн эрх, эрх чөлөөтэй байх, түүнийгээ бодитоор эдлэх гол нөхцөл мөн. Гэтэл хувийн өмчийг хамгаалах баталгааг зөрчих явдал гарах боллоо. Хувийн өмч гэдэгт гадаадын хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах асуудал ч мөн хамаарна гэдгийг онцолъё.
  • Авлигын сүлжээ илчлэгдэж, баялгийн хуваарилалт, орлогын тэгш бус байдал нийгэмд бухимдал үүсгэж, энэ хэрээр хүний эрхийн зөрчил нэмэгдэх хандлагатай боллоо.  Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авах иргэний эрх бүрэн хангагдахгүй байна. Эрүү шүүлт тулгаж, хүнлэг бусаар доромжлон харилцаж, хууль бусаар мөрдөх ажиллагаа явуулж, ял шийтгэсэн баримт олон нийтэд дэлгэгдсэн. Энэ сүүдэр одоо болтол арилаагүй байна.
  • Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах хууль тогтоомж шинэчлэгдсээр байгаа боловч хэрэг зөрчил буурахгүй, хүнлэг бус, ёс бус үйлдэл, харгислал доромжлол үйлдэгдсээр байна.
  • Олон нийтийн цахим мэдээллийн сүлжээ хурдацтай хөгжиж, тэндээс иргэд мэдээлэл олж авахын зэрэгцээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжууд нэмэгдсэн. Гэсэн ч цахим орчинд хүний эрх, аюулгүй байдлыг хангах асуудал тулгамдаж байна.
  • Хотын алслагдсан хороололд амьдардаг иргэд, хөдөөгийн малчин өрхүүдийн хувьд интернэтийн хурд, сүлжээний хүртээмж хангалтгүй байгаа. Өндөр настан, үндэстний цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд цахим үйлчилгээг тэр бүр авч чадахгүй байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Энэ нь нийгэмд цахим хуваагдлыг бий болгож байна.
  • Дэлхийн улс орнууд хиймэл оюун ухааны чатбот технологийн программуудыг ашиглаж худал, захиалгат мэдээлэл тараах, хүний эрх, нэр төрд халдах байдалд тодорхой цензур тогтоохыг эрмэлзэж байгаа ч бүрэн хяналт тавьж чадахгүй байна. Үүнтэй холбогдуулан АНУ болон Европын 40 гаруй оронд өндөр хандалттай зарим вэбсайтын үйл ажиллагааг хязгаарлахад хүрчээ.
  • Хүний эрхийг хуулиар хязгаарлаж болох боловч тэр нь зөвхөн бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах зайлшгүй шаардлагаас л хийгддэг. Аливаа хэлмэгдүүлэлтээс хүн бүр ангид байх ёстой. Үүний нөгөө талд ял завших байдал хэрхэвч байж болохгүй.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж