ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн үүсгэн байгуулсан Авлигатай тэмцэх сан ирэх сонгуулиар Путинд санал өгөхгүй байхыг иргэдэд уриалав. Тэд Москва, Санкт-Петербург тэргүүтэй Оросын хотуудад сурталчилгааны самбарууд байршуулсан. Уг самбарууд дээр "Орос", "Шинэ оны мэнд хүргэе" гэж бичсэн байх боловч "QR" кодыг нь уншуулахаар "Путингүй Орос" нэртэй цахим холбоос руу орох аж. Сурталчилгааны самбаруудыг хоёр өдрийн турш байрлуулсан.
"Харамсалтай нь, Европын соёл иргэншсэн улсуудын адил Орост чөлөөт, шударга сонгууль гэж байдаггүй" гэж Авлигатай тэмцэх сангийн захирал Иван Жданов хэлжээ. Мөн "Ийм кампанит ажил явууллаа гээд Путиныг огцруулах магадлал бага гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Сонгуулийн өдөр юу ч өөрчлөгдөхгүй" гэв.
Хэлмэгдүүлэлтийн улмаас Путинтэй өрсөлдөх нэр дэвшигч гарч ирэх боломжгүй байна гэж тус сан үзэж байна. Яагаад гэвэл Путиныг эсэргүүцсэн сөрөг хүчнийхний 99 хувь нь шоронд эсвэл гадаадад байна. Путины улс төрийн хамгийн том өрсөлдөгч болох 47 настай Навальный өдгөө шоронд хоригдож буй.
Оросын улс төрийн шинжээч Аббас Галлямов харин өөр бодолтой байна. "Навальныйгийн багийн үйл ажиллагаанд идэвхтнүүд олноор нэгдэж, онлайн болон оффлайн орчинд үнэхээр харагдахуйц байж чадвал Путины эсрэг санал өгөх асар том давалгаа үүсгэж магадгүй. Гэхдээ ийм зүйл болвол Кремль санал хураалтыг луйвардана гэж бодож байна" гэж тэр хэлжээ.
Эх сурвалж: AP
Холбоотой мэдээ